“Эрдэнэт” үйлдвэрийн Монгол захирал 1, 2, 3, 4, 5, 6-?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 21 ・ 1


Н.БАТ

Нам дагаж хамгийн түрүүнд өөрчлөгддөг албан тушаал бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал. Тийм ч учраас Монголыг тэжээгээд зогсохгүй намын саалийн үнээ болдог гэх хардлага үргэлжийн мөнхөд “Эрдэнэт” үйлдвэрийг дагадаг.

Өнөөдрөөс 25-30 сая жилийн тэртээ үүссэн гэдэг Эрдэнэтийн овоо орчим хүдэр илүү байгааг 1964 онд Монгол, Чехословакийн хамтарсан геологи шинжилгээний анги тогтоосон гэдэг. 1973 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-ыг төлөөлж, тус улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурж, шинэ хот бүхий, баяжуулах үйлдвэрийг 1 тэрбум рублиэр барьж байгуулахаар тохиролцжээ. Мэдээж манайд тийм хэмжээний мөнгө нь байхгүй учраас ЗХУ өөрийн талын хувийг гаргаад зогсохгүй үлдсэн 500 сая рублийг Монголд зээлдүүлж, зэсийн баяжмалаар авахаар гэрээлсэн байдаг. Ийн “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтанд бүрэн орсноос хойш 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн анхны даргыг ЗХУ-аас томилсон байдаг. Энэ тухай Геологи уул уурхайн орлогч сайд асан Д.Ренчинханд гуай, Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх алба яамны дэргэд анх байгуулагдсан.  Зөвлөлтийн “Медь Молибден строй трест” үйлдвэрийн барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн. Манай яам Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 1973 оноос 100 гаруй хүнийг Зөвлөлт рүү явуулсан. Эхний ээлжийн мэргэжилтнүүд 1977 онд, дийлэнх нь 1978 онд төгсөж ирсэн. 1989 он хүртэл манай талыг хүнээ томил гэдэг. Гэтэл манай улсад бодлогоор бэлтгэсэн боловсон хүчин байгаагүй. Жирийн инженерийг тийм том үйлдвэрийн захирлаар томилж болохгүй. Зөвлөлтийн талаас олон үйлдвэрт насаараа ажилласан мундаг дадлага туршлагатай хүмүүсийг томилдог байсан учир тэдэнтэй ижил түвшний боловсон хүчин манай улсад байсангүй л дээ” хэмээн ярьсан байдаг.

Ийн арав гаруй жилийн турш “Эрдэнэт” үйлдвэр орос захиралтай, дийлэнх ажилчид нь ч орос байсан гэдэг. Анх үйлдвэр ашиглалтанд ороход 35-36 жилийн нөөцтэй гэж байсан ч өдгөө 38 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, цаашид явуулах боломжтой гэж үзсэн учраас 2016 оны зургаадугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан Эрдэнэт, Монголросцветмет компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан авч “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх боллоо хэмээн онцолж байв. Эрдэнэт үйлдвэр ч 6 дахь монгол даргаа хүлээж байгаа юм. Эрдэнэтийг 30-аад жил удирдсан монгол дарга нарын тухай эргэн саная.

1.Анхны монгол захирал буюу Ш.Отгонбилэг

Д.Ренчинханд гуайн ярьснаар Ш.Отгонбилэг бол Монгол улсын бодлогоор бэлтгэсэн олон инженерийн нэг. Гол нь тэдний дундаас улаан дипломтой төгсч ирсэн цөөн хүний нэг нь Ш.Отгонбилэг байсан бөгөөд Хамтарсан үйлдвэрийн Монголын талыг тэргүүлж ажиллаж байсны хувьд Намын төв хорооноос манайд ирэх ёстой инженер хаачид хэмээн нэхсэн гэдэг. Л.Түдэв гуайн Эвлэлийн төв хорооноос олж, 1976-1981 онд  яаманд ажиллуулж, ОХУ-д аспирантурт сургаж, “Монголросцветмэт” нэгдлийн нэгдүгээр орлогч даргаар томилон ажиллуулаад 1989 оны аравдугаар сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар батлуулжээ. Үндсэндээ арав гаруй жил Ш.Отгонбилэг агсны хойноос хөөцөлдөж, түүнийг боловсруулж байж ийн Эрдэнэтэд тохоон томилсон гэнэ. 1990-1996 он бол Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан ч ардчиллын лидерүүд дөнгөж, улстөртэй танилцаж байсан үе гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас мэргэжлийн бэлтгэгдсэн хүний удирдаж байгаа газарт гар дүрэх зоригтон нэг ч байгаагүй биз. 1998 он хүртэл тэр “Эрдэнэт”-д Отгонбилэгийн гэх вант улсыг бий болгосон байв. 10 гаруй жил удирдахдаа Монгол улсын уул уурхайн салбарыг дэлхийд таниулсан хэмээн түүнийг үнэлдэг ч үйлдвэрийн хөрөнгийг хэтэрхий хяналтгүйгээр хувийн зорилгоор зарцуулсан тухай баримтууд түүнийг огцруулснаар хүчтэй яригдаж байсан билээ. Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийн Ш.Отгонбилэгийн “Эрдэнэт” концерн авсан уу гэх хардлага бараг бодит болон хувирч, Н.Багабанди Ерөнхийлөгчийн хамгаалалтанд байдаг гэх мэт олон мэдээлэлд ээрүүлж байв. Тийм ч учраас 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болонгуутаа “Эрдэнэт”-ийн удирдлагыг солихоор улайран зүтгэсэн гэдэг. Эрдэнэт үйлдвэрийн агуулах л гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн “хог”-оор дүүрчихсэн байсан тухай хожим шалгалтаар очсон Төрийн өмчийн хорооныхон ярьдаг. Харин Ш.Отгонбилэг захирлын хувьд Засгийн газраас томилогдон очсон Д.Дорлигжавт тамга тэмдгээ хүлээлгэж өгөлгүй, таг алга болж байсан түүх бий. Орос ч Ш.Отгонбилэг захирлын талд байсан учраас тэр Эрдэнэт үйлдвэрийг Ц.Элбэгдоржийн Засгийн газраас салгаж чадна гэсэн итгэлтэй байсан бололтой. 2000 онд тэрээр Завхан аймгаас УИХ-д үнэмлэхүй санал авч орж ирсэн боловч, тэр өвлөө НҮБ-ын тусгай баг, сэтгүүлчдийн хамт Увс аймгийн Малчин сумын зудын гамшигт нэрвэгдсэн малчдад тусламж хүргэхээр яваад онгоцтойгоо осолдон нас барсан  юм. Түүний хүү О.Содбилэг өдгөө Эрдэнэт хотоос УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод буй.

2.Ардчиллын захирал буюу Д.Дорлигжав

Ажилчдын болон үйлдвэрийн удирдлагын хатуу эсэргүүцэл дор мэргэжлийн бус хэмээн чичлүүлэн байж, Эрдэнэт үйлдвэрт очсон захирал. 1990 оны Ардчилсан хувьсгал, улстөрийн анхны өлсгөлөнд оролцож явсан тэрээр Шадар сайд, Батлан хамгаалах яамны сайд гэх зэргээр зөвхөн төрийн алба хааж явсан болохоос аж ахуй удирдах арга туршлагаар дутмаг гэдгийг Эрдэнэтийнхэн андахгүй байв. Тийм ч учраас очсон даруйдаа үйлдвэртээ хүлээн зөвшөөрөгдөх гэж багаүй хугацааг зарцуулсан байдаг. Тэрээр өртэй, үйл ажиллагаа нь хүндэрсэн үйлдвэрийг хүлээж авсан ч Шадар сайдын зангаргаар ОХУ-тай эрчим хүчний өрийг тодорхой хувиар барагдуулж, цаашдаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах зэргээр нааштай гэрээнүүд хийж чадсан гэдгийг үйлдвэрийнхэн хэлдэг. Хамгийн гол нь тухайн үед дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж, зэсийн үнэ тонн нь 1325 ам.доллар болтлоо унасан байдаг. Тэрээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарал тавьж, цалин нэмсэн, нөхөн олговор өгсөн гээд сайнаар хэлүүлэх зүйл багагүй үлдээсэн байдаг. Хэдийгээр Оросын талаас 4 жилийн виз авсан ч 2000 оны УИХ-ын сонгуулиар Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН үнэмлэхүй ялалт авч, хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийг буцаан авсан юм. Д.Дорлигжавыг дарга байх үед Эрдэнэт үйлдвэрийн агуулахад гал гарсан, Киприйн банк руу 800 мянган ам.доллар зувчуулсан гэх хэл ам гарч, хууль шүүхээр шалгагдаж байсан юм.

3.МАХН-ын томилгоо буюу Х.Наранхүү

Эрдэнэт үйлдвэрийн хамгийн ашигтай ажиллаж эхэлсэн он жилүүд Х.Наранхүү захиралд харьяалагддаг. 2000 оноос өмнө зөвхөн эрчим хүчний өр гэхэд 10 сая ам.долларт хүрч байсан Эрдэнэт үйлдвэр 2001, 2002 онд 6 тэрбум ам.долларын борлуулалт хийж, ашигтай ажиллаж эхэлсэн тухай тэрээр өөрөө ярьсан байдаг. Зэсийн үнэ тэнгэрт хандаж, Монгол Улсын төсвийн 40 хувийг тус үйлдвэр бүрдүүлж, МАХН хоёр ч сонгууль дараалан олонх болсон учраас Х.Наранхүү захирал 2000-2007 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хүлээн зөвшөөрөгдсөөр байлаа. Өөрөөр хэлбэл тэрээр тус үйлдвэрийг Ш.Отгонбилэг агсны дараах олон жил удирдсан Монгол захирал.  2007 оны сүүлээр Эрдэнэтийн захирлын албан тушаалаа Н.Энхбаярын дотны хүн гэгдэж байсан Ч.Ганзоригт шилжүүлээд УИХ-д тухалсан. Гэхдээ тэр хуулийнхан болоод Эрдэнэтээс уусан идсэн хэргээс хол байж чадаагүй. 2011 онд УИХ-ын гишүүн Х.Наранхүү АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дуудагдсан байдаг. Эрдэнэтийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэмээн шалгаж эхэлсэн гэдэг.  Түүнийг Эрдэнэт үйлдвэрт 10 гаруй тэрбум төгрөгийн шахааны бараа бүтээгдэхүүн авсан хэмээн буруутгаж, тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргатай хамтарсан байж болзошгүй гэж үзсэн.
Гэвч түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.

4.Албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон Ч.Ганзориг

Түүнийг 2008 оны нэгдүгээр сард албан ёсоор Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсон байдаг. Н.Энхбаярын хүн хэмээн улстөрийн хүрээнд яригдаж байсан Ч.Ганзориг Үйлдвэр худалдааны сайд, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан улстөрийн болон аж ахуйн хувьд туршлагатай нэгэн гэгдэж байсан ч түүнийг Эрдэнэтийг удирдаж байх хугацаанд шахааны бизнес ид цэцэглэсэн үү гэх асуулт өөрийн эрхгүй дагадаг. Орос, Монголын хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хурлаар 2012 онд улираан томилсон боловч 2013 онд бие муу хэмээн албан ёсоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Эрдэнэт үйлдвэрт Ч.Ганзоригийн үед томоохон технологийн шинэчлэл өргөтгөл хийгдсэн нь үнэн. Гэвч ахиад л хууль хяналтын харааны гадна үлдэж чадаагүй. Түүнийг шахааны бизнесээс илүүтэйгээр “Жаст” компанид Эрдэнэтийн зүгээс батлан даалт гаргасан хэргээр АТГ-аас шалгасан гэдэг. Өмнөд Африкийн Стандарт банкнаас 34 сая ам.долларын зээл “Жаст” компани авахдаа Эрдэнэт болон УБТЗ-ыг барьцаанд тавьсан гэдгийг Стандарт банкны зүгээс хэлж байгааг 2013 оны наймдугаар сард ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогтбаатар сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр баталсан байдаг. Харин “Жаст”-ын Ш.Батхүү гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн өөр дээрээ хэргийг авч, тэгсгээд замхарсан гэхэд хилсдэхгүй.

5.Шахааны бизнесийг шахсан нь буюу Ц.Даваацэрэн

Тэрээр ажлаа аваад 105 аж ахуйн нэгжээс албан ёсоор өрөө нэхэмжилсэн гэдгээ хэвлэлийнхэнд зарласан юм. Ажил хийнэ, сэлбэг материал нийлүүлнэ гээд 105 аж ахуйн нэгж манайхаас урьдчилгаа мөнгө авсан байсныг хар жагсаалт гаргаж зарласнаар шахааны бизнес байхгүй болсныг нэг хэлбэрээр илэрхийлсэн. Мөн агуулахад 10-аад тэрбум төгрөгийн үйлдвэрт ашиглагдахгүй материал тоног төхөөрөмж бий гэдгийг ч нуугаагүй.

Гэхдээ түүнийг азгүй захирлуудын нэг гэж болно. Учир нь, зэсийн үнэ 8000 ам.доллараас 4000 ам.доллар хүртэл унасан, эдийн засгийн хямралын үед “Эрдэнэт” үйлдвэрийг ашигтай ажиллуулах даалгавар түүнд ногдсон.  Бор-Өндөрийн уурхайн засварчнаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр 2001-2006 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан бол 2009 оноос АМГ-ын Уул уурхайн судалгааны хэлтсийн даргаас 2013 оны хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Гурван жил ажиллах хугацаандаа 2014 онд улсын болон орон нутгийн төсөвт 464 тэрбум төгрөг, 2015 онд 320 тэрбум төгрөгийн төвлөрүүлж, 2015 онд түүхэндээ анх удаа 31,6 сая тонн хүдэр олборлосон, үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтанд оруулсангээд чамгүй амжилттай ажилласан гэж үнэлэгдэж байна.. Өөрийнх нь хэлснээр тэр аль нэг намын гишүүн биш.  Ардчилсан Засгийн газар үйлдвэрийн үйл ажиллагааг улстөрөөс хамааралгүй хэвийн жигд явуулахыг захьсан учраас манаачаасаа эхлээд үйлдвэрийн хүн бүр хямралын үед ашигтай ажиллах гэж эрвийх дэрвийхээрээ хичээж буй гэнэ. Мэдээж 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан учраас түүний суудал ганхаж эхэлсэн нь тодорхой.

6 буюу ?

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг Монголынх гэж тодотгож байна. Өмнө нь захирлуудаа ОХУ-тай зөвлөлдөж томилдог байсан өнөөдөр “Монголын зэс” корпорацитай зөвлөлдөнө. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болсон гэдгийг зарласан. Ямар ч байсан Готов нь авсан уу, Шадав нь авсан уу гэх хэрүүл гарч байгаа ч өнөөдөр бид тогоон дотроо асуудлаа шийдэхээс өөр гарц үгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаагийн хувьд захиралд нэр дэвшүүлэх илүү эрхтэй. Гэхдээ “Монголын зэс”-ихйн зөвшөөрөл зүй ёсоор хэрэгтэй. Өнгөрсөн баасан гаригт энэ асуудлыг холбогдох хүмүүс нь хэлэлцэж, 40 гаруй хүний нэрийг жагсаасан ч нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй гэнэ. Ирэх 30 жилийн  “Эрдэнэт”-ийн өнгийг тодорхойлох №6 хэн бэ гэдэг зүй ёсоор нийгмийн анхаарлыг татсаар байна.
Одоогийнхоо хүчин чадлаар ажиллахад Эрдэнэтэд 30 жил ашиглах нөөц бий гэдэг.  Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Эрдэнэтийн нөөц 200-гаад сая тонн хүдрээр нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Цогт гүн Дархан хот / 2016 11 сар 21/

    даваацэрэн хэрвээ өрсөлдөж байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй чадалтай инженер шүү юун газрын наймаачин луйварчин Бадамжунай вэ Арвин вэ далд ороосой билээ

    Хариулах