Түүхэн хурал болох уу, түүхий хурал болох уу?!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 22 ・ 2

- Их хурлыг арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулна гэдэг шийдвэрийг өдгөөгөөс гурван сарын өмнө шийдвэрлэсэн. Тэр үеэс Их хуралдаа бэлтгэж болох байсан ч ийнхүү хугацаагаар тулгамдуулж, төлөөлөгчдийг сонгох хариуцлагатай ажлыг “гурилдахдаа” хүрч байгаа нь санаатай, санаандгүй алин байлаа ч сайн зүйл биш-



АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, өөр өөр чиг үүрэгтэй хоёр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан юм. Нэг нь арванхоёрдугаар сарын 06-нд болох намын Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсэг бол нөгөө нь намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг юм. ҮЗХ-ны шийдвэрлэснээр Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь 70 хүн багтжээ. Харин УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийн ахлах намын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг 67 гишүүнтэй байх аж.
Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэх гэж байгаа, эс бөгөөс АСЕМ-ын дайтай хурал зохион байгуулах гэж байгаа мэт нүсэр том ажлын хэсгүүд байгуулагдсан нь наймдугаар сарын 17-ны ҮЗХ-ны хурлын үргэлжлэл болж гурван сар дуншин байж сүржин эхлээд даржин төгссөн хурлын үр дүн юм.
Хачирхалтай нь намынхаа хувь заяаг ч шийдэж болох түүхэн гэмээр хариуцлага хүлээсэн дээрх хоёр ажлын хэсэгт Ардчилсан намаа төлөөлөн ард түмнээс мандат авч УИХ-д сонгогдсон есхөн гишүүнээсээ Д.Эрдэнэбатаас бусдыг нь хавьтуулсангүй. АН-ын Их хурал болох 12 дугаар сарын 6-ныг хүртэл ердөө хоёр долоо хоног үлдээд байхад парламентын дайтай нүсэр том ажлын хэсгүүд чухам ямар ажил хийж бантан хутгах бол гэж эрхгүй эргэлзмээр. Их хурлын төлөөлөгчдийг энэ хоёр долоо хоногт багтаан сонгох болж байгаа төдийгүй тэднийг сонгох журмыг юун түрүүнд батлах ёстой. Гэвч ҮЗХ-ны хурлаар Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох талаар журам, зарчим огт яригдсангүй. Журам батлах эрх, үүргийг 70 хүнтэй ажлын хэсэгт даалгасан байх.
Арваад жил хүлээлгэсэн Их хуралдаа төлөөлөгчөөр сонгогдох эсэх нь ажлын хэсгээс батлах журмаас хамаарах учраас жирийн гишүүдийн хувьд энэ нь чухал асуудал болж буй. Хамгийн хурдандаа гэхэд ирэх долоо хоногт баталлаа гэвэл аймаг орон нутагт хүргүүлээд төлөөлөгчдөө нухацтай шилж сонгох хугацаа бараг үлдсэнгүй.
Уг нь Их хурлыг 12 дугаар сарын 6-нд хуралдуулна гэдэг шийдвэрийг өдгөөгөөс гурван сарын өмнө шийдвэрлэсэн. Тэр үеэс Их хуралдаа бэлтгэж болох байсан ч ийнхүү хугацаагаар тулгамдуулж, төлөөлөгчдийг сонгох хариуцлагатай ажлыг “гурилдахдаа” хүрч байгаа нь санаатай, санаандгүй алин байлаа ч сайн зүйл биш. Намын зохион байгуулалт, дэг журмыг гартаа атгаж байгаа түр хийгээд бүр удирдлагуудын үүсгэсэн энэхүү байдлыг далимдуулаад зарим газар ямар ч дүрэм журамгүйгээр Их хурлын төлөөлөгчдөө өөр зуураа тодруулаад эхэлчихсэн сурагтай. Говь-Алтай аймагт гэхэд Ардчилсан намын Их хуралд оролцох төлөөлөгчдөө урьдчилаад тохирчихсон мэдээлэл байна. Төв аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэзээ мөдгүй төлөөлөгчөө сонгоно гээд дарга нарын таалалд нийцсэн хүмүүстээ хэл хүргээд эхэлжээ. АН-ын Их хуралд төлөөлөгчдөө ямар шалгуураар хэрхэн сонгох журмыг хэн батлах, хэзээ батлах, энэ ажлыг эхэлж хэзээ дуусгах вэ гэсэн асуултуудад ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат яаралтай хариулах ёстой.
Түүхэн үүрэг хүлээсэн энэ удаагийн Их хурал тогтсон дүрэм, журам, жишгийн дагуу болохгүй бол Монголын ардчиллын амьд баталгаа болсон хөөрхий гишүүдээ хөхөө өвлийн хүйтнээр жүжиг тоглуулахаар нийслэлд дуудах хэрэг байна уу?
Өнөөхөндөө Ардчилсан нам ялагдсан, ядарсан сөрөг хүчин. Тэдний шинэчлэл, гэгээрэл өнөөдөр бидэнд хамаагүй мэт ч маргааш төрийн эрх авч болох томоохон, бодлогын нам учраас буруу, зөв гишгих бүр ард түмний амьдралд нөлөөтэй. Энэ бол хариуцлага. Харин хариуцлагаа хэнээр ч шахуулж шаардуулахгүй ухамсарлах хэмжээнд хүрсэн тус намд өнөөдрийнх шиг ийм дампуурал байж болох уу?!

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 22/

    Ямар ч хурал болохгүй бол яанаа,хуралдалгүй тардаг өвчин нь хөдлөх бий гэж л санаа зовох юм,айхтар ужгирсан өвчин дуулддаг юм.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 22/

    nice

    Хариулах