Д.Тунгалаг: Эрүүл мэндийн салбарыг улстөржүүллээ гэдэг ч эн дүйх боловсролоо орхигдуулаад байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30

Долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй иргэний нийгмийн 23 байгууллагын оролцоотой “Боловсрол: Мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт чуулганы үеэр “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарын бодлого төлөвлөлт, өнгөрсөн ирээдүйн тухай ярилцлаа.

-Жил жилийн чуулга­наар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт хийгээд сургалтын чанар, хариуцлага гэх үндсэн сэдвийн хүрээнд хуралддаг. Энэ жил аль талыг нь түлхүү авч хэлэлцэж байна вэ?
-Энэ жил боловсролын салбарынхны хувьд чухал цаг хугацаа л даа. Учир юу вэ гэвэл, өнгөрсөн жил бид Солонгосын Инчон хотноо болсон Дэлхийн боловсролын чуулганд оролцож, дэлхийн 200 гаруй орны боловсролын салбарыг толгойлдог сайд дарга, удирдах ажилтнуудын хамтаар дэлхий дахины ирэх 15 жилийн боловсролын зорилгыг баталсан. Энэ зорилго маань сая НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг болж батлагдсан. Эл зорилгыг хэрэгжүүлэх ажил биднийг хүлээж буйн хувьд энэ жилийг чухалчилсан хэрэг. 2016 он бол дээрх зорилгыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байх учиртай цаг хугацаа. Харамсалтай нь, манайд энэ ажил хараахан хийгдэж эхлээгүй байна. Инчоны чуулганы тунхагийг орчуулах, нийтэд түгээхээс эхлэх учиртай. Сая БСШУСЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ЮНЕСКО-гийн Бангкокт зохион байгуулсан хуралд оролцоод ирлээ. 

Энэ үйл явдлын үеэр нэгэн судалгаа авсан нь Инчоны чуулганаар тодорхойлсон зорилгоо хэрэгжүүлэх тал дээр улс орнууд юу хийж байна вэ гэдгийг тандсан. Улс орнууд нэлээдгүй ажил хийгээд эхэлчихсэн байна. Аль хэдийнэ баримт бичгүүдээ орчуулан тараачихсан, үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтууд хийчихсэн, дараагийн 15 жил манай улс орон боловсролын салбартаа ямар бодлого барьж ажиллах юм гэсэн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлчихож. Үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөгөө баталчихсан, хариуцах албан тушаалтнуудаа томилчихсон, санхүүжилт нь ороод ирчихсэн байна. Тэр ч бүү хэл үндэсний хэмжээнд нь удирдаад явах хороо, комиссоо ч байгуулчихсан нь байна. Үүнд нь зөвхөн төр биш иргэний нийгмийн байгууллагуудаас аваад олон талын төлөөлөл багтаасан байх жишээтэй. Түүнчлэн, яг энэ зорилго, хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбар хийгээд түүнтэй уялдаа холбоотой байдаг бусад салбарын хууль, тогтоомжуудаа эргэн нэг харах нь ч байна. Дэлхий нийтийн боловсролын салбарын хөгжил, бодлого, чиг хандлагатай нийцтэй байна уу гэхчлэн тандаж байгаа нь тэр. Мөн боловсролын салбарынхаа мастер төлөвлөгөөнд өөрчлөлт хийхээр зорьж байгаа нь ч бий.

-Чуулганаар Боловс­ролыг дахин эргэцүүлье гэх сэдвээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Товчхондоо, өнгөрсөн хугацаанд алдаж оносноо дүгнэх, улмаар цаашдын зорилгодоо тусгах тухай ярьж байх шиг байна. Гэтэл манай боловсролын салбар бодлого гэх юмгүй бол­чихсон гэх нь бий. Андуураагүй бол манай мастер төлөвлөгөө өнгөрсөн онд дууссан санагдаж байна?
-Тийм, өнгөрсөн онд дууссан. Ер нь, монгол хүний зан л даа. Өнгөрснөө ер эргэж хардаггүй, алдаа оноогоо цэгнэдэггүй, цэгнэлээ ч дахин давтахгүйн төлөө хичээдэггүй. Өмнөх юмаа ор тас хаячихаад дараагийнх руу нь дайрдаг. 1995 онд боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого гэж баталсан нь өнгөрсөн жил дуусгавар болж улмаар иргэний нийгмийнхэнтэй хамтарч шинэчилсэн, өөрчилсөн. Өөрөөр хэлбэл аль 1995 онд батлагдсан бодлогыг ноднин өөрчилж байх жишээтэй. Яахав, боловсролын салбар, бодлого төлөвлөлт гэхээр төрийн үүрэг, оролцоо давамгайлдаг ч нийгмийн сайн сайхны асуудал гэдэг утгаараа иргэний нийгмийнхэн зайлшгүй байх ёстой юм. Энэ ч утгаараа бидний зүгээс дээрх ажилд идэвхтэй оролцсон. Боловсролын бодлогыг нэг нам, аль нэг сайд зохиодоггүй юм гэдгийг дараагийн 15 жилд төлөвшүүлэхийг зорьж байна даа.

-Угтаа энэ ойлголт өнгөр­сөн 26 жилд төлөвш­чихсөн байх учиртай биз дээ?
-Тийм, харамсалтай нь бид төдийлэн учраа ололгүй явсаар өнөөдөртэй золголоо. Бидний хувьд өнгөрсөн 15 жилийн алдаа, оноог судалж, дүгнэж үзсэний үндсэн дээр хэд хэдэн зарчмын сургамж авсан. Нэгдүгээрт, бид ерөөсөө л гадны бэлэн туршлагыг тэр чигт нь хуулж, нутагшуулах гэж махардаг юм байна. Гэтэл боловсролын салбар өөрөө хамгийн ээдрээтэй салбар. Дээр нь монгол хүний сэтгэхүйн онцлог, зан чанарын өгөгдөл тэр ч бүү хэл цаг ууртай ч холбоотой салбарт өндөр хөгжилтэй, өөр шашин, соёлтой хаа холын бодлого хуулж хэрэгжүүлнэ гэдэг утгагүй хэрэг л дээ. Хоёрдугаарт, бид ерөөсөө судалгаа, тоо баримтад тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэггүй. Сэтгэлийн хөөрөл эсвэл хэн нэгэн хүн, нам эвслийн бодож олсон уриа лоозон, түүхийгээрээ шахуу мөрийн хөтөлбөрт нийцүүлэх байдлаар бодлого боловсруулах гээд байдаг. Тиймдээ ч бодлого боловсруулж, баталдаг хүмүүс үүнд анхаарч судалгаа, тоо баримтад тулгуурлаж асуудалд хандаж байгаач ээ гэж хүсээд байгаа юм. Гуравдугаарт, бид төрд хэтэрхий найдаад боловсролын салбараа хаячихсан юм байна. Та нар бодлогоо боловсруул, хяналтаа тавь, үнэлэлт дүгнэлтээ өг гэхчлэн. Энэ хамгийн том алдаа байсан. Угтаа, тоох тоохгүй нь хамаагүй асуудалд анхаардаг, хэрэгтэй үедэ дуугардаг байх ёстой юм байна. Мэдээж хяналт, шаардлага тавьж буйн хувьд бид өөрсдөө ч тоо баримт, судалгаатай ажиллах нь зөв. Энэ мэт хэд хэдэн сургамж авч үүндээ үндэслэн долоон жил ажиллалаа.

-Чуулганд яам, төр тө­лөөлж буй хүмүүс хэрхэн оролцож байна. Ер нь, төр, ху­вийн хэвшил, иргэний нийг­мийн байгууллагуудын энэ талын хамтын ажилла­гаа хэр ахицтай байгаа бол?
-Маргаашийн (өнөө­дөр) хуралд БСШУЯ-ны мэр­гэжилтэн оролцож мэдээлэл хийнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн дөрвөн жилд энэ Засгийн газар, яам ямар бодлого чиглэл хэрэгжүүлэх гэж байгааг иргэний нийг­мийнхэнд тайлагнах юм. Чуулганы нээлтэд Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Отгончимэг оролцсон, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаа төр хэрхэн харсан, цаашид хэрхэх тухай ярилаа. Мөн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаа ч илэрхийлсэн.
Ерөнхийдөө боловсролын салбарт тулгамдсан асуудал их бий. Энэ бүхнийг цогцоор нь харахад төрийн нүд хангалтгүй байдаг, иргэний нийгмийнхэн илүү нарийн ширийн зүйлсийг олж харж, анзаардаг. Тиймдээ чуулганд маань яам, НБГ, дүүргүүдийн боловсролын газраас бие төлөөлөгч оролцож бидний үгийг сонсч байна.

-Та бүхэнд долоон жил хуралдлаа. Энэ ху­га­цаанд иргэний нийг­мийн байгууллагууд шийд­­вэр гаргах төвшинд нөлөөлөхүйц оролцоотой болов уу. Яагаад ингэж асууж байна гэхээр дөрвөн жил болоод л яам, тамгын газрын дарга, цэргийг халж сольдог болж. Үүнийг дагаад өнөөх бодлого, төлөвлөлт ч алдагддаг?
-Боловсролын орон зай гэж зүйл өөрөө маш хаагдмал байна л даа. Анх чуулган хийж эхэлж байхад боловсролын салбарт, хүний эрх талаас нь шаардлага тавин ажилладаг иргэний нийгмийн байгууллага бараг байгаагүй. Ямартай ч, өнгөрсөн хугацаанд манай эвслийн 23 байгууллага салбарын асуудалд тодорхой үүрэг рольтой, үнэлэмжтэй болж чадсан. Долоон жилийн өмнө биднийг уулзъя гэхэд үл ойшоодог, тоодоггүй байлаа. Одоо харин яамны зүгээс иргэний нийгмийнхэн судалгаа хийдэг, асуудлыг өөр өнцгөөс хардаг, үнэлэлт дүгнэлт өгдөг түүнийгээ хэлэлцүүлдэг гэхчлэн үнэлдэг, үр өгөөжийг нь ойлгодог болж. Тэр ч бүү хэл аливаа төсөл, хөтөлбөрүүдээ хамтран хэрэгжүүлье гээд санал тавьдаг болж. Анх чуулганд оролцохдоо нээлтэн дээр ирж үг хэлсэн болчихоод явчихдаг байсан бол өнөөдөр хурлын хөтөлбөр харж байгаад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцдаг, холбоо тогтоодог болж. Жишээ нь, өнгөрсөн жил бид бага боловсролын цөм хөтөлбөрт мониторингийн судалгаа хийснийг яамнаас “Бүрэн эхээр нь өгөөч, ахлах сургуулийн цөм хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглаж бодлогоо боловсруулах гэсэн юм” гээд ирж байсан. Гэвч төр иргэний нийгмийн байгууллагуудтай хангалттай хэмжээнд хамтран ажиллаж байна уу гэвэл учир дутагдалтай. Өөрийн чинь хэлдэгээр дөрвөн жил болоод л шат шатны дарга цэргийг нь сольдог. Бид улмаар дахиад л шинэ хүнд өөрсдийгөө таниулах, тэр хүнээ ч таних шаардлагатай болдог. Арай гэж ойлголцож байж хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж байтал дөрвөн жил нь дуусчихдаг тал бий. Ер нь тэгээд иргэний нийгмийн төлөөллийн хувьд бид шахаж шаардахгүй бол төр дураараа дургих нь тодорхой. Бид байж гэмээнэ зарим нэг дураараа дургих байдалд цэг тавих, хаалт хашилт болох үе бий. Нөгөө талаас ч биднийг хардаг, сонсдог болсон нь хамтын ажиллагааны хандлага тогтож буйн илрэл. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагын тогтолцоо манайд одоо ч сул байна. Хууль, эрхзүйн орчингүйн дээр санхүүжилт ч байдаггүй.

-Өнгөрсөн хугацаанд бид боловсролын салбарын дэд бүтэц, хүртээмжид илүү анхаарсан. Тэгэхээс ч өөр арга байсангүй. Үүнийг дагаад чанарын асуудал орхигдсон нь үнэн. Танай талаас энэ тухайд ямар үнэлэлт, дүгнэлт өгсөн бэ?
-Чанарыг бид хоёр жилийн өмнө ярьсан. Олон улсад чанарын асуудлыг өөр өөрөөр тодорхойлдог юм байна. Үйлдвэрчний байгууллага ч нэг өөр, ЮНИСЕФ, НҮБ-ын Хүүхдийн сан, Соёл, шинжлэх ухааны байгууллага мөн иргэний нийгмийнхэн ч өөрөөр тодорхойлдог. Бидний хувьд чанарыг юугаар тодорхойлох юм гэдгээ эхэлж тодорхой болгохыг шаардсан. Өмнөх Засгийн газар олон улсын чанарын үнэлгээнд хамрагдаж, Монгол Улс үнэхээр чанартай боловсрол олгож байна уу, хаана явж байгаагаа тодорхойлъё гээд бодлогодоо тусгасан. Энэ ажил үргэлжилж байгаа. Ер нь, чанарыг өргөн хүрээнд авч үзье гэсэн байр суурьтай байгаа. Төр сургалтын эцсийн чанар, үр дүнг харахыг илүүтэй эрмэлздэг бол бидний зүгээс илүү нарийвчлалтай буюу орцынх нь хувьд авч үзье гэсэн байр суурьтай хандсан. Өөрөөр хэлбэл нэг багшид ногдох хүүхдийн тоог зохистой төвшинд байлгахаас аваад орцын асуудлыг ярина. Их, дээд сургуулийн багш нарын аргазүй, боловсрол, туршлагыг тандаж байж ажил дээр гарч буй боловсон хүчний чанарын тухай ярина. Мөн үйл явцын орцын чанарт анхаарах хэрэгтэй байна. Энэ нь сурагч 1-12 дугаар анги төгстөл суралцах хугацаан дахь ахиц, өөрчлөлтийг дурдаж болно. Сургалтын арга хэлбэр сурагч төвтэй эсвэл багш төвтэй байх юм уу гэдгээ тодотгоё, үүнд нь уялдсан хөтөлбөр хэрэгжүүлье гээд орцын чанар гээд яривал нарийн л даа.

-Дээр дурдсанчлан нарийн задлан авч үзвэл дөрвөн жил гэдэг үнэхээр хангалтгүй хугацаа. Бид эрүүл мэндийн салбарыг битгий улс төржүүлээч гээд байдаг ч эн дүйх боловсролын салбараа орхигдуулдаг санагддаг?
-Үнэн. Дөрвөн жил гэдэг үнэхээр хангалтгүй. Боловсролын салбарын бодлого, төлөвлөлтийн үр дүн багадаа 20 жилд ажиглагдаж, үр өгөөжөө өгөх учиртай. Түүнээс дөрвөн жилийн дотор бүгдийг өөрчилнө гэвэл утгагүй хэрэг.

-Сүүлийн асуулт. Эдийн засгийн хямралтай холбогдуулж боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг танах явдал ажиглагдаж байна. Төсөвлөгдөж байгаа нь ч байшин барилга гэсээр дуусдаг. Ер нь, хямарлаа гээд боловсролоосоо гар татах ёстой юу, энэ тухайд?
-Дээр хэлсэн ирэх 15 жилийн зорилгыг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө санхүү хэрэгтэй. Яагаад гэвэл их том амбицтай зорилго л доо. Жишээ нь бид бүх хүүхдэд 12 жилийн боловсрол мөн сургуулийн өмнөх нэг жилийн боловсролыг үнэгүй олгоно гээд байгаа. Ийм амбицтай зорилго тавьсан учир үүндээ ч хүрэхгүй байж болохгүй, хөрөнгө мөнгө харамлаж болохгүй. Ямар сайндаа дээрх тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсад боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой хоёр ч том хурал зохион явуулсан. Өөрөөр хэлбэл боловсролд хэрэгтэй байгаа энэ их санхүүжилтийг хэн, хаанаас гаргах вэ гэдэг сэдвээр ярилцсан. Угтаа мөнгө бол бий. Дэлхийд дахинд ч тэр монголчуудад ч тэр. Судалгаанаас үзэхэд дэлхийн бүх л бага боловсролд хамрагдах ёстой хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд нийт цэрэг дайны зардалд зарцуулж буй хөрөнгийн нэг хувьтай л тэнцдэг. Мөнгө байхгүй гэдэг бол миний, чиний тархийг угаах гэсэн л оролдлого. Монголд ч мөнгө байгааг, байгааг нь хэн, хаана, хэрхэн булдагийг бид харлаа шүү дээ. Тиймдээ ч үүнийг хянадаг, боловсролоор далимдуулж мөнгө угаадаг арга хэлбэрийг олж илрүүлдэг байх хэрэгтэй байна. Бараг багш нь өөрөө ойлгохгүй хай-тэч (өндөр технологи)-д мөнгө зарцуулах уу эсвэл аль эрт алдагдчихсан нөгөө л бодлого төлөвлөлтдөө зориулах уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Тиймээс иргэний нийгмийнхэн зөвхөн бодлого, судалгаа шинжилгээний ажилд бус санхүүжилтийн асуудалд ч оролцох, хянах эрхтэй байх ёстой юм. Ер нь тэгээд иргэний оролцоо ямар байна тэнд чин шударга байдал цэцэглэдэг жишээ маш олон бий.
Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх