"Ард түмнээ хайрлая" намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, ҮЗХ гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна. Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон. Миний анхны хайр болсон АН шинэчлэгдэж байна. Би дөнгөж сая АН-ын генсек Л.Эрхэмбаярт намд элсэх хүсэлтээ албан бичгээр өглөө. Харин намайг шууд хүлээж авах байх гэж бодсон чинь сонин хариу хэлсэн. Тэрээр “Энэ асуудлыг өөртэй чинь жич ярья. Дээд хүмүүстэйгээ зөвлөлдөж байгаа хариу мэдэгдье” гэж хэлсэн. Энэ нь надаа их сонин санагдлаа. Аягүй бол намайг авахгүй байж мэдэхээр байна шүү. Мөн АН-д орох болсонтой холбоотойгоор АТХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор гарлаа. Манай нам одоо лидергүй болсон. Үлдсэн хүмүүс маань намайг дагаад АН-д орж ирэх байх гэж бодож байна. Грекийн агуу суут их эрдэмтэн, физикч Архимед “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэг шиг АН миний хувьд тулах цэг байх болно" гэлээ.