Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 22
・ 11

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах үүрэг даалгаврыг Боловсролын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг болгон өгчээ. Ингэхдээ Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулахыг даалгасан юм байна. Гэтэл Шинжлэх ухааны академи нь хамгийн багадаа 3-4 жилийн дараа гэхэд утааг багахан хэмжээгээр бууруулах боломжтой гэж байна. Энэ нь нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл аргацаах гэсэн Ерөнхий сайдын башир арга гэж ойлгогдлоо. Аягүй бол утааны асуудал шийдэгдээгүй, шинжлэх ухааныхан сайн аргыг эрэлхийлж, хайж байна тун удахгүй шийдвэрлэнэ гээд ярьж байх зуурт дараагийн сонгууль болно. Сонгуулиар бид утааг яг арилгах гэж байсан юм хэмээн МАН-ынхан гоншигноно.
Уг нь Засгийн газар өөрсдөө шийдвэрлээд явчихгүй, шийдэж чадахгүй асуудлаа бусдад өгч, тохож, нийгмийн хүлээлтийг өөр тийш нь чиглүүлдэг зальтай арга нь энэ юм байна. Агаарын бохирдлыг бууруулахад 2011-2015 онд нийт 132.5 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэвч Улаанбаатар агаарын бохирдолтой дэлхийн 50 орны 47 дахь. Хамгийн их бохирдолттой хот гэсэн үг. Таван жилийн хугацаанд зарцуулсан 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь шинээр төрж байгаа хүүхдүүд . Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд 2005-2008 онд төрөлхийн гаж хөгжилтэй 78 хүүхэд мэс засал хийлгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 200 гаруйд хүрчээ.Сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ төрлийн гажгууд гарах болжээ. Үнэндээ бол утааны асуудал байж болох хамгийн дээд гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Даанч төр засгийн эрхмүүд энэ утаан дунд амьдарж, аж төрж, хонодоггүй болохоор тоохгүй юм. Тэд хар машинаа унаж, хотр уу ирээд, гарын үсэг зурах уулзалт хийх ажлаа хийчихээд, уулын ам, өвөрт байх жавар тачигнасан эрүүл агаартай хаусандаа тавтай амарчихдаг. Тиймдээ ч Ж.Эрдэнэбат сайд утаа, утаа гэж гомдоллох ядарсан, зутарсан, зүдэрсэн иргэдийн амыг таглаж, дөрвөн жил аргацаахын тулд башир арга хэрэглэж байна. Тэр башир арга нь утааг бууруулах шийдлийг Шинжлэх ухааны академи ол гэж байгаа юм. Асуудлаас бултаж, зугтдаггүй, эх орон сайдтай байж үзэх юмсан Монголчуудаа.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.