Улаанбаатарын утааг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өглөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 04 ・ 1

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа албан байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.

ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэхэд 47 дугаарт Улаанбаатар хот орсон гэнэ. Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 14 автомат станц байдаг бөгөөд агаарын бохирдлыг өдөр бүр хэмждэг аж.

Улаанбаатар хот уулсын дунд байрладаг тул салхи бага салхилдаг онцлогтой. Үүнээс болоод агаарын бохирдол үүсгэгч бодисууд агаарт тунаж үлддэг аж. Хотын нэг жилийн нүүрсний хэрэглээний 85 хувийг хэрэглэж байгаа цахилгаан станцуудын утаа хоруу чанар багатай байдаг нь өндөр яндантай холбоотой юм байна. Станцаас гарч буй утаа газарт ялгаруулж байгаа нийт бохирдлын 6 хувийг эзэлдэг. Байнгын хорооны гишүүд ийнхүү асууж холбогдох албаныхан хариуллаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах вэ? Бид нүүрсний хэрэглээгүй болж байж утаагүй болох юм биш үү? Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ?

Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж:

-Шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны хэдэн хувь багасах вэ гэдэг дээр хариулах төвөгтэй байна. Одоогийн байдлаар техникийн боломж нь нэг айл 2 кВт хүртэл чадалтай цахилгаанаар халаах хэрэгсэл тавих боломжтой байгаа. Нийтдээ 146 мянган өрх цахилгааны гэрээтэй байдаг. Үүний 110 мянга нь өдөр шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тоолуургүй. Тиймээс тэдэнд тоолуур тавих шаардлага тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Агаарын бохирдолтой тэмцэх асуудал үе шаттай хэрэгжих байх. Тэгвэл өнөөдрийн түвшинд ямар арга хэмжээ авах вэ? Хоёрдугаарт, ойрын 3-4 жил шат дараатай ямар ажил хийх вэ? Аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг мөн тэглэсэн үү?

ХБОБНУГ-ын даргаД.Даваасамба:

-Агаарын болхирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан. Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр байдаггүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар үндэсний хөтөлбөр боловсруулахаар болсон. Яг өнөөдрийн тухайд 198 мянган гэр хорооллын айл өрх байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай ярилцаад гэр хорооллын тоог нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтална. Үүнээс гадна шахмал түлш, боловсруулсан түлшийг гэр хороололд хямд өртгөөр нийлүүлэх талын бодлого баримтална. Дунд хугацаанд айл өрхийг цахилгаанаар халаана. Холын зорилт бол айл өрхийг хийн түлшээр халаах зорилготой байгаа. Аймгуудын цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй байгаа нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэг болгосон гэлээ. “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгах саналаа гишүүд хэлж, тогтоолын төслөө баталлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: