Э.Энхмаа: Цус ойртолт нь аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоог өсгөдөг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 07 ・ 8

Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаатай цус ойртолтын тухай сэдвээр ярилцлаа.


-Сүүлийн үед цус ойртолт монголчуудад аюулын харанга дэлдэх боллоо гэж их мэдээлж байна. Ер нь энэ төрлийн судалгааг яаж хийдэг юм бэ?

-Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг тийм түвшний цус ойртолт манай хүн амд илрээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд төрөлхийн согог, гажигтай хүүхэд олон төрж байна. Үүнд цус ойртолт нөлөөлж байгаа нь бидний судалгаагаар нотлогдсон.

-Цус ойртолтын үндсэн шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Хүний генетикийн шинжлэх ухаан цус ойртолтын үндсэн шинж тэмдгүүдийг хэлчихсэн байдаг юм. Тухайлбал, хүний бие бялдрын хөгжил давжаардаг, биеийн дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болдог мөн удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой төрөх хүүхэд олширдог. Өнөөгийн манай нийгэмд эдгээр сөрөг үр дагавар санаа зовоосон түвшинд илэрч байна.

-Цус ойртсон хүн ямар ааш араншин гаргадаг вэ?

-Удамшлын өвчний хэлбэрээр илэрч байгаа бол тухайн өвчний үед гардаг шинж илэрнэ. Мөн цус ойртолтын улмаас хүн амын дотор аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгддэг. (Аминчхан: ганцагчин, хань болоогүй, зөвхөн амин хувиа бодогч. Амиа аргацаах: Амиа борлуулж довоо шарлуулах. Я.Цэвэлийн тайлбар толиноос). Учир нь цус ойртсон бие махбод бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий байдаг тул байнга өөрийгөө тойглож байх хэрэгтэй болдог. Ийнхүү байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна.

-Хүнийг шууд хараад цус ойртсон байна гэж оношлох боломжтой юу?

-Боломжгүй. Тухайн хүнд илэрч буй өвчин, согог цус ойртолттой холбоотой юу эсвэл өөр хүчин зүйлээс болсон уу гэдгийг нягтлах шаардлагатай.

-Хүн амын өвчлөл утаанаас болж байгаа гэж тайлбарладаг шүү дээ?

-Яахав, хүмүүс тэгж тайлбарладаг юм. Бас химийн бодисын хордлого, архи, тамхи, баталгаагүй хоол хүнснээс болж согог, гажиг, өвчлөл нэмэгдэж байна гэдэг л дээ. Үнэндээ эдгээр хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн үндэсний хэмжээний судалгаа байхгүй. Онолын хувьд нөлөөлөх үндэстэй. Гэхдээ мэдээж нөлөөлж л байж таараа гээд яриад байж болохгүй. Шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурлан ярих ёстой шүү дээ. Бид бол цус ойртолттой холбож судалсан судалгааныхаа бодит үр дүнг яриад байгаа хэрэг. Төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөөгүй аймаг гэж алга. Хэрэв хоёр, гуравхан аймагт илэрч байгаа бол ойр зуурын хүчин зүйлтэй холбож үзэж болно. Гэтэл бүх аймагт энэ үзэгдэл илэрч байна гэдэг нь үүний цаана хүчтэй нөлөөтэй дэвсгэр хүчин зүйл байна гэдгийг хэлээд байгаа юм. Энэ нь хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин.

-Та цус ойртолтын улмаас хүний биеийн дархлаа сулардаг гэлээ. Тэгэхээр цус ойртолт нь хүний өвчлөл, нас баралтад нөлөөлж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өвчний олон улсын X ангиллын дагуу хүн төрөлхтний өвдөж буй бүх өвчнийг 19 бүлэгт хуваадаг юм. Эдгээр 19 бүлэг өвчин бүрээр монгол хүн өвдөхөд цус ойртолт нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Тухайлбал, хорт хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, амьсгалах эрхтэн тогтолцооны өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин гэх мэт том том бүлгээр нь статистик мэдээлэл гаргадаг. Нэг бүлэг өвчин дотроо олон хэсэг болж задарна. Цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж алга байна. Мэдээж хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог олон хүчин зүйл бий. Гэтэл үүн дээр нэмээд байх ёсгүй үзэгдэл болох цус ойртолтын дарамт орж ирээд байна. Тэгэхээр хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол өвчлөл, эндэгдлийг дорвитой бууруулна гэхэд их төвөгтэй болчихоод байгаа юм.

-Цус ойртолт оюуны хөгжилд яаж нөлөөлж байна вэ?

-Цус ойртолтын бий болчихсон түвшин монгол хүний хурдан түргэн, хурц сэтгэдэг оюуны гайхамшигтай чадавхийг бууруулаад байгаа нь судалгаагаар тогтоогдож байна. Аливаа үзэгдэл бүдүүнээс нарийн түвшинд оршиж байдаг. Гаднаас нь харахад цус ойртолтын илэрхий шинж тэмдэг мэдэгдэхгүй, эрүүл саруул харагдавч оюуны нарийн чадавхи шаардсан зүйл дээр ялгаа ажиглагдах жишээтэй.

-Судлаачдын зүгээс цус ойртолтоос хамгаалах ямар арга замуудыг дэвшүүлдэг юм бэ?

-Тоймтой хоёр, гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, овог хэрэглэх; хоёрдугаарт, гэрийн угийн бичиг хөтлөх; гуравдугаарт, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж, хоорондоо чөлөөтэй зорчиж, уулзаж байх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Одоо бидний хэрэглэж буй ургийн овог нь цус ойртож гэрлэхээс хамгаалах арга хэрэгсэл байхаа больсон. Учир нь монголчууд 1997 онд овгоо сэргээх үед нэг хэсэг нь хайж байгаад өөрийнхөө жинхэнэ овгийг олж тогтоосон бол ихэнх нь шинээр зохиомол овог авч иргэний үнэмлэх дээрээ бичүүлэхэд нэлээд будлиан үүссэн юм. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёрын иргэний үнэмлэхийг харахаар хоёулаа Боржигон овогтой байх, гэтэл төрсөн ах дүү хоёр өөр өөр овогтой байх нь ердийн үзэгдэл болсныг анзаардаг байх. Уг нь овог гэж ураг төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёр ураг төрлийн холбоогүй, өөр язгууртай хүмүүс байтал ижил овогтой болчихсон, харин ураг төрлийн нэг язгууртай төрсөн ах дүүс өөр өөр овогтой болчихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрлэх гэж байгаа хос бие биеийнхээ иргэний үнэмлэх дээрх ургийн овгийг хараад “Би Боржигон овгийнх, чи Шарнууд овгийнх юм байна. Бид хоёр гэрлэвэл цус ойртохгүй юм байна” гэж ойлгож болохгүйг л яриад байгаа хэрэг. Тэгэхээр цаана нь гэрийн угийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн хоёр гарц үлдэж байна. Гэрийн угийн бичиг хөтлөхөд бас бэрхшээл байна. Хүн болгон хоёр өвөө, хоёр эмээгээ мэднэ. Үүнээс дээш өвөг эцгийн аав ээж, эмэг эхийн аав ээж гэхээр өөрөөс дээш гурав дахь үе болдог. Элэнц өвөг, эмгийн энэ түвшин рүү ороод ирэхээр бид үндсэндээ өвөг дээдсийнхээ талаар бүрэн мэдээлэлгүй болчихсон. Юун есөн үе битгий хэл өөрөөс дээш гурав, дөрөв дэх үеэ бүтэн мэдэхгүй болсон байна шүү дээ. Ийм нөхцөлд угийн бичиг хөтлөхдөө өөрөөс дээш мэдэх чинээндээ хүртэл бичих хэрэгтэй. Мэдэхгүй бол тааж бичиж болохгүй. Харин доошоо үр хүүхдэдээ одооноос эхлээд таслахгүй өвлүүлээд явах нь чухал байна. Ингэж байж хэдэн үе удмын дараа монгол хүн есөн үеэ бүтэн мэддэг болно. Тэр цагт гэрлэх гэж байгаа хос угийн бичгээ үзээд ураг төрлийн холбоотой эсэхээ шалгах боломжтой болох юм. Мэдээж цаг хугацаа шаардсан ажил. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй. Хэрэв цусны шинжилгээ хийгээд цус ойртох гэж байгааг тогтоочихдог бол түүн шиг амархан юм байхгүй. Нөгөө талаар манай улсын засаг захиргааны хэт их жижиглэсэн бүтэц нь хүн амын хөдөлгөөнийг тэтгэхэд ихээхэн бэрхшээл учруулж байна. Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байлаа. Гэтэл одоо 21 аймаг, 330 сум, 1000 хол давсан багт хуваачихсан. Засаг захиргааны бүтцийг ингэж хэт жижиглэх тусам хүн амын хөдөлгөөн хоригддог. Хүмүүс төрийн үйлчилгээг авахын тулд хүссэн хүсээгүй засаг захиргааныхаа нэгжийн төв рүү очдог. Өөрөөр хэлбэл, хэт жижиглэсэн бүтэц цус холилдох үзэгдлийг түгжчихээд байна гэсэн үг. Иймд Монгол Улсын засаг захиргааны энэ их жижиглэсэн бүтцийг зохистойгоор томсгох бодит алхам хийх цаг нь болчихоод байна. Ингэхгүй бол сүүлийн үед үндэсний эв нэгдэл суларч, үндэсний талцал хэрээс хэтэрлээ. Нэг сум доторх багууд хүртэл хоорондоо талцдаг байдал руу орчихож. Энэ бол их хортой үр дагавартай.

-Аль аймагт цус ойртолт илүү байна вэ?

-Бид үндэсний хэмжээний судалгаа хийхдээ аймаг бүрийн уугуул хүн амд цус ойртолтын түвшинг тооцоолсон. Цус ойртолтыг F гэдэг коэффициентээр хэмждэг ба энэ нь 0-1-ийн хооронд утга авдаг. Хэрэв F=0 бол цус ойртолт байхгүй гэсэн үг. Гэтэл F=0 аймаг гэж байхгүй, бүгд “0”-ээс ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, аймаг болгонд цус ойртолт илэрч байна. Иймд бид дор бүрнээ хичээж байж энэ аюулаас гарахгүй бол ямар гаднаас хэдэн мянган доллар зээлээд энэ асуудлыг шийдэх биш.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртоод байгаа юм бол?

-Үүнийг шууд гаргах боломжгүй. Хүн амын дотор хэн нь хэнтэйгээ гэрлээд, генийн давтамж хаашаа яваад байна вэ гэдгийг гаргадаг шинжлэх ухааны тооцооллын аргыг бид судалгаандаа хэрэглэсэн. Ингэж тооцоолохын тулд урьдаар хүн амд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг гаргасан байх ёстой байдаг юм. Манай хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрөөр ийм үр дүнгүүд бий болсон. Цус ойртолт бол хүн амын дотор чимээгүй тахал маягаар, 25 жилийн үечлэлтэй зузаарч явагддаг генетик процесс. Түүнээс биш жил жилд огцом хэлбэлздэг үзэгдэл биш.

-Яагаад заавал 25 жилийн үечлэлтэй гэж?

-Миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 насандаа гэр бүл болж үр удам төрүүлэх тэр хугацааг хэлж байгаа юм. Үүнийг хүний нэг үе удам гэж хэлдэг. Хүн бүрийн удмын санд нөхцөл нь бүрдвэл удамшлын өвчин үүсгэдэг генүүд нуугдмал маягаар байж байдаг. Цус ойртсон гэрлэлтээр тэдгээр нуугдмал генүүд ижилссэнээр өвчин болж үр хүүхдэд нь илэрдэг байх нь. Ийм учраас хүний нэг удам буюу 25 жилийн үечлэлтэй хүндэрдэг үйл явц гэж нэрлээд байгаа юм. Цус ойртолтыг хүн ам цөөнтэй хөдөө орон нутагт л байгаа үзэгдэл гэж зарим хүн ойлгоод нийслэлд ороод ирвэл аюулгүй юм байна гэж андуу бодох нь бий. Гэтэл нийслэл рүү ихэнхдээ гэр бүл, ах дүүгээрээ нүүж ирээд нутгийнхнаа бараадаад буучихдаг. Түүнээс хөдөөний хүн нийслэлд ирээд Улаанбаатарын унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь тун ховор. Иймд сая гаруй хүнтэй нийслэлд байвал энэ аюул хол юм байна гэж ойлгож болохгүй. Бид залуустаа хандаж өөрийн уугуул баг, сум, аймгаас болон өөрийн аймаг, сумтай хил залгаа оршдог өөр аймгийн сумаас хань ижлээ сонгохгүй байх, аль болох олон аймаг алгасан сонголт хийхийг зөвлөж байгаа.

-Монголчуудыг хоорондоо гэр бүл болохыг эсэргүүцэж, эрлийзжүүлэх бодлого явж байна гэх шүүмжлэлүүд гардаг л даа. Судлаач хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Хүн ам хэт их эрлийзжээд байвал цус ойртолтоос дутахгүй аюул авчирдаг. Учир нь бид өөртөө тээж яваа монгол удмын сангаар энэ дөрвөн улирлын уур амьсгалд идээшин зохицож эрүүл саруул, тэнцвэртэй амьдардаг. Гэтэл эрлийз хүүхэд өөрийн гэсэн амьдралын унаган орчингүй хүүхэд төрнө. Өөрөөр хэлбэл, эрлийзжилт нь хүн амын удмын сангийн дасан зохицлыг эвдээд байдаг гэсэн үг. Мөн эрлийзжилтээр тухайн улс үндэстний хүн амын удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх аюул байна. Мэдээж монгол цус балархайтаад байвал эцэстээ монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдах шүү дээ. Тэгэхээр бид зөв бодлогоор асуудалд хандах ёстой.

-Гадны зарим улс оронд үеэлүүд, төрөл төрөгсөдтэйгөө гэр бүл болохыг хуулиар дэмжсэн байдаг. Нөгөөтэйгүүр хөрөнгөтнүүд эд баялгаа хамгаалж хоорондоо гэрлэх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь нийгэмд нэг цусны хүмүүс гэр болох нь ямар ч аюулгүй гэсэн буруу үлгэр дуурайл болоод байх шиг...

-Интернэт орчинд “Үеэлүүд гэрлэхэд ямар ч аюулгүй гэдгийг эрдэмтэд судлаад тогтоосон байна” гэсэн мэдээлэл их байдаг болжээ. Ийм кино ч байдаг. Энэ мэтээс хүмүүс буруу үлгэр дуурайл авах аюултай. Европын хаан угсааны мөхөлд цус ойртолт шууд нөлөөлснийг эрдэмтэд Хабсбургийн хаан угсааны жишээн дээр судлаад тогтоосон байдаг. Бараг 200 жил хаан төр барьсан Хабсбургийн хаан угсаанд 11 цус ойртсон гэрлэлт байснаас найм нь үеэлүүдийн гэрлэлт. Хааны цус хааны цустайгаа холилдохоос хааны цус харцын цустай холилдох ёсгүй гэдэг үзэл байсан юм болов уу. Нөгөө талаас эд хөрөнгө, эрх ямбаа гэр бүлийн хүрээнд авч үлдэх гэсэн хүсэл байсан шиг байгаа юм. Цус ойртолт бол эцэстээ улс үндэстэн мөхөхөд хүргэдэг үзэгдэл гэдгийг дээрх судалгааны үр дүн хэлж байгаа хэрэг.

Өдрийн сонин М.Мөнхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 09/

    bid urgiin bichgee baig gehed tsusni bvlgee sain medej bhad vvnees ailt bhgvi,,,

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 08/

    Шинжлэх ухаан хөгжөөгүй байхад эзэн Чингис хаан Бөртэ үжинг өөр овог аймгаас булааж авдаг ш дээ. Тэгэхээр биднийг цус ойртох гол шалтгаан бол социализмын үед удмын овоглох явдлыг болиулсантай холбоотой. Мөн аймаг олон болгож жижиг болгосонтой холбоотой

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 07/

    Нутгийнхантайгаа суухгүй яа гэж байгаа юм. Энэ бол нутгийн зөвлөлүүдээс өгч буй чиглэл шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 07/

    Цусаа л цэврээр нь хадгалах хамгийн чухал. Монгол цус шал өөр дээд цус учир ойртоно гэж байхгүй наадуул чинь эрлийзүүд бүү санаа зов. Орхи. Харин гадаад хүнтэй суусан хэдэн хүүхнийхээ учрыг түргэн олж цусаа цэвэр байлгах талаар л анхаар. Тэднийг ядаж хамаатнууд нь авч суух хэрэгтэй. Монгол хүний ген

    1
    Хариулах
  • зочин / 2017 01 сар 07/

    Тэр үнэншүү нөгөө вакзин хийгээд гар хуруугаатайруулсан хүүхдийн эцэгэх нь нэг эцэгтэй гэнэлээ хоорлнд нь суулгахгүы гээдхориод лийлдээгүйсуусан гэсэн .тэгээд эцэгбодох хүнийг нь игж уулзаачээ хоёрхүүхэд чинь хоорондоо суухгээдбайна гэсэн чинь ирээгүи гэсэн тэр хүн нь Баянхонгор Баянцагаан сумийн уу

    1
    Хариулах
  • зочин / 2017 01 сар 07/

    Тэр үнэншүү нөгөө вакзин хийгээд гар хуруугаатайруулсан хүүхдийн эцэгэх нь нэг эцэгтэй гэнэлээ хоорлнд нь суулгахгүы гээдхориод лийлдээгүйсуусан гэсэн .тэгээд эцэгбодох хүнийг нь игж уулзаачээ хоёрхүүхэд чинь хоорондоо суухгээдбайна гэсэн чинь ирээгүи гэсэн тэр хүн нь Баянхонгор Баянцагаан сумийн уу

    Хариулах
  • зочин / 2017 01 сар 07/

    Тэр үнэншүү нөгөө вакзин хийгээд гар хуруугаатайруулсан хүүхдийн эцэгэх нь нэг эцэгтэй гэнэлээ хоорлнд нь суулгахгүы гээдхориод лийлдээгүйсуусан гэсэн .тэгээд эцэгбодох хүнийг нь игж уулзаачээ хоёрхүүхэд чинь хоорондоо суухгээдбайна гэсэн чинь ирээгүи гэсэн тэр хүн нь Баянхонгор Баянцагаан сумийн уу

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 07/

    cool

    2
    Хариулах