Жүжигчин Н.Онон: Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай “Чи жүжигчин болж чадна. Үзээд алд” гэж билээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 1

“Х-ТҮЦ” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Ононтой ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоход “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээр юу гарах бол гэсэн хүлээлттэй хүмүүс цөөнгүй байдаг. Энэ жилийн дугаар үзэгчдийг мөн л хөгжөөж чадсан. Тэр дундаа үзэгчид “Монгол тулгатны нэг эрхэм” үзүүлбэрийг онцлох байх?

-“Х-ТҮЦ” продакшн “Өвлийн инээмсэглэл” гэх шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгээ 12 дахь жилдээ хүргэлээ. Бид үзүүлбэрүүдээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэхээс гадна үзэл бодлоо илэрхийлж, аливаа болж бүтэхгүй байгаа зүйлсийг хөндөхийг зорьдог. Энэ удаа авлига гэсэн сэдвийг хөндсөн. Та бид адилхан л сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ганц нэг хүн буруу зүйл хийж гоё амьдраад байж болохгүй. Тиймдээ ч энэ талаар дуугарах нь зүйтэй гэж бодсон. Дуугарахын тулд энгийн хөгжөөнт нэвтрүүлэг байж арай таарахгүй байсан л даа. Хүмүүст хүрсэн, томоохон нэвтрүүлгээр төлөөлүүлэх хэрэгтэй юм байна гэж манай хамт олон ярилцаж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг сонгосон. Гэхдээ маш болгоомжтойгоор ажилласан.

Ер нь бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орсон бүх хүн авлига авдаггүй гэвэл бас өрөөсгөл ойлголт болох байх. Тиймдээ ч манайхан энэхүү нэвтрүүлэгт орсон хэн нэгэн авлигачийг төлөөлүүлж “Монгол тулгатны нэгэн эрхэм” гэж нэрлэсэн. Хэн гэдэг нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ. Ингээд л нэвтрүүлгээ бэлдсэн дээ. Бас үзэгчдээ хөгжөөхөө ч мартаж болохгүй. Шинэ жилийн үдэш үзэгчдэдээ инээд бэлэглэхээр сар гаруй хугацаанд 40-өөд уран бүтээлч ажилласан.

-Тус нэвтрүүлгийг “Univision” болон “IPTV” сувгуудад төлбөртэй байршуулсан. Жил бүр үнэгүй үздэг үзэгчид багагүй бухимдалтай байгаа нь ажиглагдсан. Энэ тухай санал бодлоо хуваалцаач?

-Бид иймэрхүү хэл ам гарна гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ үзэгчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид ашиг хонжоо харж төлбөртэй сувгуудад тавиагүй. Дээр хэлсэнчлэн 40 минутын нэвтрүүлгийг бэлдэхэд маш олон хүний хөдөлмөр шингэсэн. Тиймдээ ч маш их хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Энэ бүхнийг л олохын тулд төлбөртэй сувагт байршуулсан. Мэдээж өмнө нь төлбөргүй гаргадаг байсан гэх байх л даа. Бид хамгийн анх “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээ “ТВ9” телевизтэй хамтран хийж эхэлсэн. Дараа нь “UBS” телевизтэй хамтран хийдэг болсон юм. Тиймээс өмнө нь бидэнд хүндрэл бага байсан юм шиг санагдаж байна. Харин өөрсдөө бие дааж хийхийн тулд ивээн тэтгэгч байгууллагуудтай байх шаардлага гарна. Яг үнэндээ ивээн тэтгэгч байгууллагууд олшроод ирэхээр уран бүтээл маань уран бүтээл биш болчих гээд байдаг талтай. Хэтэрхий их сурталчилгаа орчих юм бол үзэх юмгүй болчихно шүү дээ.

Миний бодлоор үзэгчид яагаад 5000 төгрөг төлөөд баярынхаа үдэш инээд, хөөртэй зүйл үзэж болохгүй гэж. Тэр гэрийнхэн бүгд 5000 төгрөгөөр үзчихнэ. Нэг удаа кино үзэхээс хямд байна шүү дээ. Манайхан уран бүтээлчдийг үнэлж сурах цаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ үзэгчдийнхээ бухимдлыг бол ойлгож байна. Ямартай ч “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгийг үзэх сонирхолтой байгаа нь мэдрэгдэж байна. Өнгөрсөн арав гаруй жил алдаа, оноотой байсан ч үзэгчид маань бидний энэ нэвтрүүлгийг үзэхийг хүсдэг юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

-Өнгөрсөн намар хоёр ч шоу тоглолт хийсэн. Одоогоор ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-Бид орон нутгаар тоглолтоо хүргээгүй байсан. Тиймээс яг одоо орон нутгаар явахаар манай залуус бэлдэж байгаа. Мөн хавар тоглолтоо хийх болно. Харин зун кино хийх бодолтой байгаа.

-“X-Түц” продакшн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хичнээн тоглолт хийсэн байдаг бол. Тооцож үзэв үү?

-Манай продакшн байгуулагдаад 20 жил болж байна. Саяхан хичнээн тоглолт хийсэн юм бол гээд Одноо тооцож байсан шүү. Ер нь жилд гурван удаа тоглолт хийдэг гэхээр 20 жилд 60 гаруй шоу, тоглолт хийсэн байж таарах нь. Мөн телевизийн 10 гаруй нэвтрүүлэг хийсэн байна. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг”, Сосорбарам ахтай хамтарч Айн Рэндийн либертари үзлийг харуулсан хоёр жүжиг тавилаа. Мөн “Сэргээш-I, II, III”-ыг үзэгчид сайн санаж байгаа байх. “Болсон явдал, “Миний хөрш чөтгөр” гээд бүрэн хэмжээний хоёр кино хийсэн байна. Ингээд бодохоор цаг хугацаа их хурдан юм.

-“Х-ТҮЦ” продакшныхан УДЭТ-ын жүжигчид байсан. Анх театраас гарахдаа юу хүсэж мөрөөдөж байв. Тэр зорилгодоо хүрсэн үү?

- Театрт байх үедээ Одноо, Аглуу бид хэд хамтарч тоглолт хийж үзье гэж ярилцсан юм. Тэр тоглолтыг Найдандорж найруулагч найруулаад "Х-ТҮЦ" гэж нэрлэж байлаа. Харин дараа нь нэг тоглолт хийх гээд реклам сурталчилгаа цацчихсан байтал театрын найруулагч Баатар хурал хийгээд биднийг тоглолт хийж болохгүй гэсэн юм. Нэгэнт тоглолт хийнэ гээд реклам сурталчилгаагаа цацчихсан болохоор театраасаа нүүр будгаа аваад шууд гарсан даа. Ер нь ч бид театраас гарахдаа дураараа уран бүтээлээ хийе гэж бодож шийдсэн юм. Өөрийнхөө үзэл бодлоор хүссэн зүйлээ хийе гэж гарсан гэж ойлгож болно. Театрын жүжигчинг уран сайхны удирдлага ямар жүжигт тоглуулахыг хүснэ, түүнд л тоглоно. Тиймдээ ч бид дураараа уран бүтээлээ хийж алдаа, оноогоо өөрсдөө дүгнэхийг хүссэн юм. Үндсэндээ өөрсдийнхөө төлөө явж үзье л гэж бодсон.

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү.

Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм.

-Таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр эмэгтэй хүн байна гэж андуурсан гэдэг...

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны олны хэсэгт оюутнуудыг тоглуулахаар болсон юм. Би ч Чингис хааны тухай кинонд тоглох юм чинь баатарт тоглочих санаатай үсээ айхтар ургуулчихсан. Урт ургачихсан болохоор нь боочихдог байлаа. Бас одооных шиг тарган ч байсангүй. Цав цагаан царайтай, сахал самбаа ч байхгүй, бүлтгэр нүдтэй өө сэвгүй л амьтан байж л дээ. Киноны найруулагчаар Балжинням гуай ажиллаж байлаа. Бид баатрын хувцас өмсчихсөн олны хэсэгт тоглодог байсан юм. Балжинням найруулагчийн нүдэнд өртчих юмсан гэсэн бодолтой морь унаад л давхиад байв. Намайг тоосон ч юмгүй. Бүр олны хэсэгт ч оруулахгүй, гарах гэхээр л дуудаад байдаг байгаа. Гэтэл Балжинням найруулагч “Тэнд яагаад эмэгтэй хүүхэд морь унаад давхиад байгаа юм. Морь малнаас унаад бэртчихвэл яана. Болиул” гэсэн нь тэр юм билээ л дээ. Бас тэр үеэр нэг оюутан эмэгтэй хүүхэд гэж андуураад их шохоорхсон байдаг юм. Сүүлдээ танилцаад бөөн инээдэм болж байсан даа. Ер нь тэгээд урт үстэй байхад хүмүүс эмэгтэй хүн гэж их андуурдаг байлаа. “Эгч ээ, ард чинь оочер захья” ч гэсэн удаа бий шүү.

-Урлагийн хүний хамгийн жаргалтай мөч ямар үед тохиодог юм бол?

-Бүтээл амжилттай болоод нүүр бардам ёслох тэр мөч л хамгийн жаргалтай үе байдаг юм даа.

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны ерөнхий продюсероор ажилласан. Залуу уран бүтээлчидтэй ажиллах ямар байсан бэ?

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны найруулагчаар З.Батболд ажилласан. “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагч хийж байснаар нь үзэгчид сайн мэдэх байх. Болдоо бид хоёрын бодсон зүйл нь залуу уран бүтээлчдийг гаргах байсан юм. Одоо “X-ТҮЦ” продакшн ч юм уу, ер нь миний үеийн уран бүтээлчид залуу үеэ бэлдэж, тэдэнд зүг чигийг нь олоход туслах хэрэгтэй. Залуучуудыг хоолтой нь залгуулах ёстой юм. Энэ олон авьяаслаг залуус хаачихаа мэдэхгүй, учраа олохгүй байсаар нас нь явчихна. Тиймээс энэ киногоороо залуусыг олны танил болоосой, амьдралдаа нэг том алхам хийгээсэй гэж хүссэн.

Өдрийн сонин О.Ариунцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: