Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 18

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ. Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг. Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян одоогоор хоёр айман, нэг дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь би тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд ч энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арижлааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн” гэв.

Ийнхүү удтал яриагдаад байсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эхлүүлж чадлаа. Өнгөрсөн жилүүдэд тэтгэврийн зээлийн хүү буурах боломжгүй гэгдэж байсан ч ийнхүү өнөөдөр гурван хувиар буурч байгаа нь ахмадуудын нуруун дээрх ачаанаас бодитой хөнгөлөлт болж байгаа юм. Дашрамд дурдахад энэхүү ажил нь зөвхөн эхлэл бөгөөд цаашид тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах юм байна.

Мэдээллийн дараа ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Шат дараатай буурна гэсэн. Цаашдаа хэд хүртэл буурах боломжтой вэ? 

-Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судал. Судлаад тодорхой шийдлийг танилцуул гэсэн. Үүний дагуу яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа.

-Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулсан гэлээ. Энэ хоёр банктай ямар гэрээ хийж, ямар нөхцөлөөр бууруулж байгаа юм.

-Одоо тэтгэвэр авагчдын 91 хувь нь Төрийн банк, Хаан банкаар үйлчлүүлж байна. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол  урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, Хаан банкнаас шилжиж өөр банкийг сонгосон байгаа. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1-р зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна. Жишээ нь, Төрийн банк, Хаан банканд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай маржинаа харилцан тохиролцоод 4 болвол 11 хувиар, 5 болвол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банканд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа. Хууль зөрчиж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тэглээ гээд зээлийн орлого буурсан уу гэвэл үгүй. 36 тэрбумаар нэмэгдсэн. Энэ сангийн орлогоос жилдээ дор хаяж 30 орчим тэрбум төгрөгийг орлогдох боломжтой гэж өнгөрсөн дөрвөн жилд хэлж байсан. Одоо тэрийг нөхөх шийдвэр гарсан.     

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх