Шарсан төмс, шарсан талх зэрэг нь хавдартай болох эрсдэлтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 26 ・ 1

Талх, төмс, чипс зэргийг алтан шаргал өнгөтэй болтол шарах нь зүйтэй ба ингэснээр тус бүтээгдэхүүнээс хавдар үүсгэгч бодис ялгарах эрсдэлийг бууруулна хэмээн хүнсний мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мэргэжилтнүүд хоол хүнсээ бэлтгэх явцдаа хоол хүнсийг хэрхэн зөв болгох зааврыг сайтар дагахыг зөвлөж байна. Цардуул агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хэмд удаан болгосноос болж акриламид хэмээх бодис ялгардаг аж. Уг бодис нь хүний биед их хэмжээгээр орсон тохиодолд хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн Их Британийн Хүнсний стандарт хариуцсан агентлагаас анхааруулжээ.

Акриламид нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд байдаг ба хоол хүнсийг болгох явцад ялгардаг байгалийн дайвар бүтээгдэхүүн юм. Акриламид нь 120-иос дээш хэмд болгосон  талх, төмс, боов, жигнэмэг, бялуу, кофе, сүүнд хийж иддэг өглөөний унд зэрэг цардуул ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдэд хамгийн их агуулагддаг аж.

Их Британийн Хүнсний стандарт хариуцсан агентлагаас төмсийг хөргөгчинд хадгалахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь хүйтэнд төмсөн дэх чихрийн хэмжээ ихэсдэг ба уг төмсийг шарж хуурсан тохиолдолд түүнээс ялгарах акриламидын хэмжээ улам нэмэгддэг гэнэ.

Гэрийн нөхцөлд төмс, чипс, талх зэрэг цардуул ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг өндөр хэмд шарах шүүгээнд болгох, шарах, гриллдэх явцад акриламид ихээр ялгардаг байна. Талхыг шарсан тохиолдолд акриламид илүү ихээр ялгардаг. Талхаа ямар өнгөтэй болтол шарснаас акриламид хэр их ялгарсныг хэлж болох юм. Бор байх тусам акриламид их ялгарсан байдаг гэнэ. Шарах явцад талханд байгаа чихэр, амино хүчил болон ус нэгдсэнээр талхны өнгө өөрчлөгдөж, акриламид болон амт, үнэр ялгарч байдаг.

Хүнсний стандарт хариуцсан агентлагаас мэдээлж байгаагаар хэр хэмжээний акриламидыг хүний бие тэсвэрлэх боломжтойг одоогоор тогтоогоогүй байгаа ч ихэнх иргэд уг бодисын  хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус агентлагаас ард иргэдэд зориулж хэд хэдэн зөвлөмж зааварчилгааг гаргасан байна.


Үүнд:

§  Төмс, талх, үндэслэг ногоо зэрэг цардуул ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг алтан шаргал өнгөтэй болтол нь шарж, болгох нь хамгийн зөв

§  Түүхий төмсийг хөргөгчинд бүү хадгал. Үүний оронд +6-аас дээш хэмтэй, сэрүүн, харанхуй газар хадгалах нь зөв

§  Бэлэн чипс, пицца, шарсан төмсийг шарах шүүгээнд халаахдаа зааврыг нь сайтар дагаарай

§  Цардуул болон нүүрс ус агуулсан хоол хүнс идэхээс гадна шинэ жимс ногоо түлхүү хэрэглэж заншаарай

Амьтад дээр хийсэн судалгаагаар акриламид нь ДНХ-д хортой бөгөөд хавдар үүсгэдэг хэмээн гарсан байна. Иймээс эрдэмтэд энэ бодис нь хүнд мөн адил нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Акриламид хүний ходоод гэдсэнд их хэмжээгээр орсноор хавдрын эрсдэл үүсгэж, мэдрэлийн болон нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлдөг гэнэ.

Албаныхан хүнсний салбарт зарагдаж байгаа бэлэн бүтээгдэхүүн дэх акриламидын хэмжээг багасгах тал дээр ажилласаар байгаа юм 2007-2015 оны хооронд Их Британид зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд дэх акриламидын хэмжээ 30 хувиар буурсан байна.

Ихэнх хүмүүс акриламидын талаар ямар ч мэдээлэлгүй байдаг талаар албаны хүмүүс  онцгойлсон байна.

Харин Их Британийн Хавдар судлалын төвөөс хүмүүсийг эрүүл зөв хооллолтын дэглэм барихыг уриалж, шарсан төмс, жигнэмэг, чипс зэрэг өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхээс аль болох зайлсхийхийг зөвлөсөн байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: