Казиногийн тухай хуулийг боловсроуулж байгаа аж

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 01 ・ 3

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа 2016 онд Монгол Улсад 404 мянган жуулчин аялаж, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 321 сая ам.долларын орлого оруулжээ. 2016 оны байдлаар дотоодод 274 аялал жуулчлалын компани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт ажлын байрны 4.3 хувь нь тус салбарт байгаа аж. Байгаль орчин, аялал жуучлалын сайд аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр салбарын яамнаас хийж буй ажлууд, зорилт болон хууль эрх зүйн орчны талаар мэдээллээ. Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсан байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тус яамнаас Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгаа юм. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа талаар дурдав. Үргэлжлүүлэн тэрээр тулгамдсан асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим зүйлийг асууж, тодруулсан юм. Улаанбаатар хотод ойрхон аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах талаар салбарын яам, Засгийн газар судалгаа, тооцоо хийсэн эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар лавласан юм. “Буянт Ухаа” нисэх буудлын 100 га талбайг бүхэлд нь аялал жуулчлалын чөлөөт бүс болгохоор Засгийн газар судалгаа хийн, төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Д.Оюунхорол сайд дуулгаад энэ нь ард түмний эрх ашигт нийцсэн, төсвийн орлогын бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулах бололцоог бүрдүүлэх боломж байгааг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд иргэний агаарын тээврийн өндөр өртөг чөдөр тушаа болдгийг тэмдэглэн энэ талаар Засгийн газар, салбарын яам ямар бодлоготой байгааг тодруулсан юм. Монгол Улс тодорхой эрх ашгийг хамгаалах үүднээс агаарын тээврийн талаар хаалттай арга хэмжээг хэрэгжүүлдэг ба цаашид аяллын улиралд бусад орноос ирэх шууд нислэгийг хүлээн авах эрх зүйн орчны зохицуулалтыг өөрчилж, нээлттэй болгох бололцоог бүрдүүлэх шаардлага байгааг салбарын сайд тайлбарлаад үүн дээр Улсын Их Хурал, Эдийн засгийн байнгын хороо шийдвэр гарган дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн тэрээр байнгын хорооны гишүүдийн асуусны дагуу, Засгийн газраас тэргүүн ээлжинд гурван газар аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх зорилттой байгааг дуулгав. Олон улсын байгууллагын судалгаа, жуулчдын аяллын чиглэлд хийсэн судалгаанд үндэслэн Хөвсгөл нуур орчмыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд төрөөс дэмжиж, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхээр судалж байгаа аж. Мөн Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дадал сумыг төр бодлогоор хөгжүүлэх, Ази дахь ардчилсан улсын хөгжлийн загвар гэдэг утгаараа жуулчдын сонирхолыг татдаг Улаанбаатар хотыг мөн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар тодорхой ажлуудыг төлөвлөн судалж байгаа юм байна. Уул уурхайд тулгуурласан эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд байгальд ээлтэй, боломж өндөр, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үе үеийн Засгийн газар үзэж, энэ чиглэлээр ажиллаж байсныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тэмдэглээд, Европын холбооны улс орнуудын иргэдийн аяллын визний асуудлыг хөнгөвчлөх талаар ямар бодлого баримталж байгааг асуусан юм. Монгол Улсад жуулчлахад визний асуудал нэлээд хүндрэл үүсгэдэг болохыг Д.Оюунхорол сайд хэлээд “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаар тогтоолд 42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгжсээр байна. Монгол Улсад аяллын зорилгоор виз олгохтой холбоотой асуудлыг Засгийн газар   ойрмогхон хуралдах үеэрээ хэлэлцсэн бөгөөд хил орчмын аялал жуулчлалаар орж ирэх жуулчдыг визгүй зорчуулдаг байхаар хэлэлцсэн. Үүнд БНХАУ-ын иргэд жуулчлах зорилгоор Монгол Улсад орж ирэх тохиолдолд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр манай яам Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна. Мөн ОХУ-ын хил залгаа хотуудын иргэд визгүй зорчиж байгаа учраас тус улсаас ирж буй жуулчдын тоо харьцангуй нэмэгдсэн” гэлээ.
Ийнхүү Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Л.Болд, М.Оюучимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын тэргүүлэх салбар байх нь зүйтэй хэмээн үзсэн Улсын Их Хурлын нэр бүхий 22 гишүүн тус салбарыг дэмжих лобби бүлэг байгуулсныг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Тус салбарыг хөгжүүлэхэд төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, уг салбарыг хөгжүүлэхэд төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, бусад улс орны аялал жуулчлалын салбараа хөгжүүлсэн загварыг судлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд визний асуудлыг хөнгөвчлөх, дэд бүтцийн асуудлуудыг оновчтой тодорхойлон, зөв эрэмбэлэн ажил хэрэг болгох чиглэлээр Засгийн газар, тэр дундаа салбарын сайд анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг саналуудыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байв.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: