АНУ-ААС ҮНЭГҮЙ ОЛГОГДОХ ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМ ТОЙРСОН МАРГААН ДЭГДЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 18 ・ 4

Сүүлийн өдрүүдэд АНУ-аас хандиваар орж ирж буй элэгний эмийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өөрийн эрх мэдлээ ашиглан өөрийн нутаг болох Архангай аймгийн иргэдэд үнэгүй тараагаад байна гэх мэдээлэл гарах боллоо. Тус аймгийн элэгний өвчтэй иргэдэд үнэгүй эм тарааж байгааг элэгний эмнэлэг болон элэгний бүх төрлийн шинжилгээгээр үйлчилдэг төвүүдийн дарга нарын төлөөлөл болох элэгний “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар эрс эсэргүүцэж байгаа юм. Үүнийг эсэргүүцэх болсон гол шалтгаанаа тайлбарлахдаа Архангай аймаг элэгний хорт хавдар, өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр аймгаар нь жагсаавал 13 дугаарт бичигддэг. Харин Сүхбаатар аймаг элэгний өвчнөөр нас баралтын үзүүлэлтээр хамгийн өндөрт тооцогддог. Тиймээс хамгийн их элэгний өвчлөлтэй, нас баралт өндөртэй аймгуудаас эхэлж элэгний эмээ үнэгүй тараах ёстой гэдэг саналыг дэвшүүлж, бухимдаад байгаа юм байна.

Энэ талаараа өчигдөр “Оном сан”, “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” төрийн бус байгууллага хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар ярихдаа “АНУ-аас хандиваар 6000 ширхэг, 2000 хүний Харвони эм орж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогтцэцэг өөрийн нутаг болох Архангай аймгийн 45-аас дээш насны иргэдэд тараах гэж байна. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. ЭМЯ-наас гаргасан 2015 оны албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь аймагт хамгийн өндөр байгаа бол элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байдаг. Мөн ЭМЯ-ны 2017 оны төсвийн гуравны нэг нь Архангай аймагт зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сайд хүн зөвхөн өөрийнхөө эрх ашиг болон улс төрийн үүднээс асуудалд хандаж байгаад харамсаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буй ч амьжиргааны түвшин доогуур иргэдэд элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж тааруухан байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилчид өвчтөний ил шарх, цустай харьцах явцдаа элэгний С вирусийн халдвараар өвчилж, халдвар тараагч болох нь элбэг юм. Эмнэлэгт хүүхдээ төрүүлж байхдаа, шүдээ эмчлүүлэхдээ халдвар авсан хүн ч олон бий. Тиймээс хандиваар ирсэн “Харвони” эмийг олон нийтэд ил тод байдлаар С вирусээр өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдэд хуваарилахыг шаардаж байна” гэсэн юм.

Тиймээс дээрх асуудал ямар учиртай, энэ эмийг яагаад Архангай аймагт тараах болсон шалтгааны талаар сурвалжиллаа. Тэгэхэд энэ эмийг Засгийн газар хоорондын гэрээгээр бус хувь хүмүүсийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд оруулж ирж байгаа юм байна. Тодруулбал, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-д явж байгаад хувийн журмаар тус улсын “Гилеад сайнс” компанийн удирдлагуудтай уулзаж ярилцаад өөрийн тойргийнхоо иргэдэд буцалтгүй тусламжаар элэгний “Харвони” эм авахаар болжээ. Ингээд тус компани нь 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийг манай улсад илгээхээр гэрээ хийсэн байна. Тиймээс Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар уг эмийг оруулж ирэх гаалийн татвараас хөнгөлүүлэх, НӨАТ-ын 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах зэрэг ажлыг хөөцөлдөж бүтээсэн байна. Энэхүү эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар гэж байгаа. Харин АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусийн халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн нь энэ аж. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахаар болж, энэ ажлыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт Засгийн газраас үүрэг болгожээ.

Ингээд Архангай аймагт 3000 хүний курс эмчилгээний эм очиход бэлэн болсон тул Орон нутгийн нөөц хөрөнгөөр элэгний вирус тоолох аппарат тоног төхөөрөмж, зарим хэрэгслийг худалдан авчээ. Харин эхний ээлжинд 45-60 насны бүх хүнийг элэгний вирусийн шинжилгээнд үнэгүй хамруулж, вирустай гарсан хүмүүсийн вирусийг тоолсон байна. Энэ насны хүмүүсийн шинжилгээнд хамрагдсан байдал одоогоор 89 хувьтай байгаа бөгөөд одоогийн байдлаар 3200 хүн тус аймагт элэгний вирустай гэж бүртгэгдээд байгаа аж. Эхний ээлжинд 1000 хүний эмчилгээний эм орж ирэх боломжтой учраас, элэгний цироз, хатуурал болчихоогүй, зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай хүмүүсийг сонгон авч эмчилгээнд хамруулахад бэлэн болжээ. Дараагийн ээлжинд 1000, дараа нь 100 гэх зэргээр нийт 3000 хүний эмчилгээний эм орж ирнэ гэсэн үг. Гэтэл манай талаас хэл ам гарч, цахимаар нэлээд шуугиад байгаа нь үнэгүй эм өгч буй “Гилеад сайнс” компанид хүндээр тусч байгаа аж. Ер нь манайхны хэл ам, бие биенийгээ буруутгаж асуудал үүсгэдэг байдал нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх том шалтгаан болдог жишээ нь энэ гэж ойлгож болох нь байна. Тиймээс дээрх асуудалтай холбогдуулан Ё.Баатарбилэг гишүүнээс тодруулга авах гэсэн боловч гишүүн гадагшаа томилолттой яваа юм байна.

Ингээд уг асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг болох Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяртай утсаар холбогдож, дараахь зүйлсийг тодрууллаа.


-Элэгний “Оном сан”-гаас Архангай аймагт элэгний эм үнэгүй тараах гэж буйг эрс эсэргүүцэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-“Оном сан” гэдэгт өндөр үнэтэй эм зардаг, элэгний эмчилгээ хийдэг, шинжилгээ авдаг хувийн эмнэлгүүд харьяалагддаг. Тиймээс тэд бизнесийн орчноо алдахгүйн тулд гаднаас орж ирэх хандив тусламжийг үгүй хийх зорилгоор ингэж эсэргүүцэж байгаа юм. Тэд бусдад буруу ташаа мэдээлэл цацаж байна. Буруу гэдгийн учрыг тайлбарлавал энэ нь ямар нэгэн Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл, зээл тусламж биш. Ё.Баатарбилэг гишүүний хувийн журмаар хөөцөлдөж байгаад тойргийнхоо аймагт тараах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажил. Харин гаалийн татварыг Засгийн газрын шийдвэрээр цуцлуулсан байгаа. Элэгний өвчлөл манай улсад маш их болсон. Өвчин их байх тусам цаад хувийн эмнэлгүүдэд ашигтай байдаг. Тиймээс тэд бизнесээ алдахгүйн тулд тэмцэж байна. Яагаад гэхээр энэ хөтөлбөр Архангай аймагт амжилттай хэрэгжчихвэл бусад аймгуудад ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр АНУ-ын энэ компанитай ярьж байгаа юм. Үүнийг мэдчихээд эмнэлгүүдээ дампууруулахгүйн тулд Д.Наранбаатар зэрэг хүмүүс юу гэж ч худал мэдээлэл тараахад бэлэн байх шиг байна. Би хувьдаа гайхаж байна. Үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө яваа юм бол нэг ч гэсэн хүн эрүүл болж байвал сайн баймаар юм.

-Манай улс элэгний өвчлөл ихтэй байна. Тиймээс энэ мэт хөтөлбөр хэрэгжээд эхэлчихвэл элэгний вирус харьцангуй багасах магадлалтай юм байна?

-Үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг санаа тавьдаг юм бол Д.Наранбаатар яагаад энэ хөтөлбөрийг эсэргүүцээд байгаа юм. Уг нь нэг аймаг ч гэсэн элэгний өвчлөлгүй болж байвал сайн биз дээ. Тэд гадны хөрөнгө оруулалтыг аль болох оруулахыг хүсэхгүй байна. Үргээх гэж буй оролдлого. Энэ бохир арга нь үйлчлээд, АНУ-ын энэ компани танай улсынхан үнэгүй эм өгч байхад хэрүүл хийгээд, ямар сонин хүмүүс вэ хэмээн гайхаж, үргэж эхэлж байна.

-Архангай аймгийг элэгний өвчлөл хамгийн багатай аймаг гэж байсан, энэ үнэн үү?

-Бид элэгний вирустай 2000 гаруй хүн байх болов уу гэж тооцоолсон чинь одоогоор 3200 хүн элэгний вирустай болох нь илэрчихээд байна. Манай аймаг элэгний өвчний тархалтаар улсын дунджаас 19 хувиар их байгаа. Элэгний өвчлөл өндөртэйд тооцогдож байна гэж ярилаа.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан элэгний өвчний судалгааг харахад Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай аймгууд энэ үзүүлэлтийг тэргүүлж араас нь Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Төв, Дархан-Уул, Орхон, Архангай зэрэг аймгууд орж байна. Зүүн аймгуудын хувьд эрүүл мэнддээ анхаардаггүй бөгөөд архины хэрэглээ өндөртэй зэрэг нь уг өвчинд нөлөөлдөг бол баруун аймгийн иргэд хоолыг ихэвчлэн хайрч хуурч иддэг, хоол цайндаа давс, өөх тос ихээр хэрэглэдэг зэрэг хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маягтай нь холбоотой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Өдрийн сонин Н.ГАНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 20/

    Уг нь ОНОМ санд хамаагүй л юм байна даа.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 20/

    okay

    Хариулах
  • setgeliin emzeglel!!! / 2017 02 сар 19/

    Mongolchuud aa!!!emiin heryyl hiih gesenees eryyl amidraliig odoonoos ehlej eersdeen ezemsij syrzgaaya!yynd tor zasag eryyl mendiin baigyylaga ch syrtalchilgaa eryyl mendeen hamgaalah tyhaid ylasiin hemjeend ernyylehgyi bol ene ylas oron chini hyamarlaa!!!ardyyd yridiin adil mahaan ideed l eeheen zo

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 18/

    Эм хувиарлахад Эрүүл Мэндийн сайд оролцдог буруу л даа. Сайд хүн эм вакцин барилга байшинтай холбогдоод эхэлвэл буруу тийшээ явж байна гэсэн. үг. Уг нь салбарынхаа зөв бодлогод л анхаарах ёстой.

    Хариулах