ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БУЦААХ САНАЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 27 ・ 1
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зөрчлийн тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлыг хасах саналтай байна. Иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчилтэй, ойлгомжгүй зүйлүүд ихтэй. Хэн нэгэн байцаагч зөрчил гаргасан иргэнийг торгохоор оруулж иржээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахгүй бол АН гурав хоногийн завсарлага авах саналтай байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдрийн хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Занданшатараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан "Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсоно гэсэн байна. Миний хувьд хоёр асуудлаар асуулга тавьсан. Үүнийг яагаад хэлэлцэхгүй байна вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны асуудлыг эргэж ярьмаар байна. Таван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ асуудлыг энэ хэвээр нь орхих юм уу? Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаман дээр маш их үнийн дүнтэй зөрчил гарсан. Эдгээр зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу? Энэ асуудлуудыг чуулганаар оруулж ирж хэлэлцэхгүй юм уу?

УИХ-ын дарга М.Энхболд: Зөрчлийн хуулийг буцаах асуудлаар санал хураах уу?

Ингээд санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцааж татах Д.Эрдэнэбат гишүүний саналыг гишүүдийг олонх дэмжсэнгүй. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг санал хураалтыг хүчингүй болгож өгөх горимын санал гаргалаа.

Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гишүүн болгон “Би кноп дараагүй байна. Санал хураалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн горимын саналыг гаргадаг жишиг тогтох нь. Ирэх долдугаар сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Ямар ч сургалт явуулахгүйгээр яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ?” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Зөрчлийн тухай хуулийг ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэсэн хугацаа байгаа. Тиймээс саяны санал хураалтаараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийнхөө анхны хэлэлцүүлгийг хийе. Л.Болд гишүүн асуулгынхаа хариуг маргаашийн чуулганаар хэлэлцүүлж болно” гэлээ.

Чуулганы хуралдаанаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.
 

П.ГОО
Оллоо.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: