Л.Энх-Амгалан: Мэргэшсэн нягтлан бодогчид бол бизнесийн шилдэг зөвлөгчид

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 10

 

-Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт саяхан дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаа хийж, Удирдах зөвлөлөө шинээр сонгож,  та гүйцэтгэх захирлаар томилогдлоо. ММНБИ ирэх жилүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хэрхэн тодорхойлсон бэ?

-Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бvхий нийгэмд vйлчилдэг мэргэжлийн том байгууллага. Тиймээс  аудитор, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, мэргэжлийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Манай институт Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх алба, Ажлын хороод гэсэн бүтэцтэйгээр хот болон орон нутагт нийт 30 салбартайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 4000 гаруй гишvvд (мэргэшсэн нягтлан бодогчид), 140 орчим гишүүн байгууллагатай. Гишүүн байгууллага гэдэг маань аудитын компаниуд юм. Манай гишүүд бол бизнесийн шилдэг зөвлөгчид байдаг.

Удирдах зөвлөлөөс  ирэх дөрвөн  жил ажиллах үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл маань Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос хэрэгжүүлэхээр зөвлөмж болгон өгсөн хөтөлбөртэй бүрэн нийцэж байгаа.

 -Ер нь Дэлхийн нягтлан бодогчдын холбооны зөвлөмжид ямар асуудлыг, юуг илүү тусгасан байдаг юм. Тухайлбал, танайх ирэх дөрвөн жилд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Манайх тогтвортой хөгжлийг чухалчилж, гишүүд, олон нийтийн уялдаа холбоо хамааралд анхаарч ажиллаж байна. Мөн үнэ цэнэтэй гишүүдтэй байж, мэргэжилдээ чадвартай хариуцлагатай байхыг  их чухалчилдаг. Тодорхой стратегитай, сайн засаглалтай, чанартай үйлчилгээ үзүүлэх нь бидний эрхэм зорилго. Өөрөөр хэлбэл, хамт олон нь ажлын ур чадвар өндөртэй, сайн зохион байгуулалттай,  бүх гишүүд нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх ёстой юм. Байгууллагын соёлыг төлөвшүүлчихсэн, гишүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн байгууллага байхын тулд түлхүү анхаарч ажилладаг юм. Тиймдээ ч ММНБИ-ийн Удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын багтайгаа хамтран хэд хэдэн удаагийн уулзалт, семинар зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч цаашдын зорилтоо тодорхойлсон байгаа. Ер нь аливаа байгууллага алсыг харж, цаашдын зорилго, зорилт, хийх ажлаа урьдчилан тооцоолж, тодорхойлж биелүүлж ажиллах ёстой шүү дээ. 

-Тухайлбал, аливаа хамт олон амжилтад хүрэхийн тулд ямар дүрмээр зорилтуудаа биелүүлж, үр дүнд хүрэх  вэ. Хэрэгжүүлэх нь их чухал асуудал шүү дээ?

-Ажлын зорилго, зорилтоо тодорхойлох нь нэг хэрэг. Түүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь түүнээс ч илүү чухал. Аливаа байгууллагын хамт олон ажлын туршлага ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой, сэтгэл, зүтгэлтэй байх нь үнэт чанар. Гэхдээ үүний хажуугаар маш өндөр түвшний сахилга баттай, хариуцлагатай, маш сайн зохион байгуулалттай, хөдөлмөрч байх нь зорилгоо биелүүлэх гол алхам болж байдаг. Гүйцэтгэх ажлын албыг удирдаж байгаагийн хувьд миний бие өөртөө болон хамт олондоо ийм шаардлагыг тавьж удирдан чиглүүлж биелэлтийг нь хянахад  анхаарал хандуулдаг. Бид хууль, эрх зүйн орчин, засаглал, менежмент, хүний нөөц, материаллаг нөхцлийн хувьд тодорхой амжилтад хүрсэн. Одоо байгууллагын соёлын асуудалд анхаарах цаг болоод байгаа. Манай институт орон тооны 28 ажилтан, орон тооны бус хороод, дэд хороодын 150 гишүүн, 30 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, ажиллагсадын ажилдаа хандах хандлага, мэдлэг ур чадвар, бүтэц зохион байгуулалт байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хамааралтай л гэсэн үг. Нэг талаараа ажилчдынхаа мэдлэг  чадвар, ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх нь бидний үүрэг. Ингэхийн тулд тэднийхээ цалин, урамшуулалыг тодорхой хэжмээгээр нэмэгдүүлж, урам зоригтой ажил хийх нөхцөлөөр бид хангаж өгөх ёстой, үүнийгээ ч биелүүлж байгаа.  Мөн мэргэжлийн ур чадварт сайн сургах тал дээр онцгой анхаардаг.

-Шинэ он гараад бараг талдаа орох гэж байна. Маш их ажил амжуулдаг, эдийн засагт өндөр ач холбогдол үзүүлдэг танай хамт олны хувьд жилийн хагас гэдэг бага хугацаа биш байх. Оны эхний улиралд ямар, ямар ажлыг амжуулав, төлөвлөгөөгөө нэлээд биелүүлж байна уу?

-Бид оны эхний дөрвөн сард чамлахааргүй ажил амжуулсан байна. ММНБИ-ийн 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон 2017 оны ажлын төлөвлөгөө, төсвөө боловсруулж Удирдах зөвлөлөөр батлуулсан. 2017 оны ажлын төлөвлөгөөнд уламжлалт ажлуудаас гадна шинээр хийж төлөвшүүлэх олон ажил тусгагдсан байгаа.

Нэгдүгээр сарын 12-нд жил бүр уламжлал болж тогтоод байгаа гишүүдийн “Жилийн Уулзалт”-аа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдвээр зохион байгуулсан. Энэ үеэр Улаанбаатар хотын төдийгүй Дархан-Уул болон Төв аймгийн салбарын гишүүд маань ирж оролцлоо. Мэргэжлийн холбоодын удирдлага, төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар, аудиторуудад сонирхолтой, өгөөжтэй илтгэл хэлэлцүүлсэн арга хэмжээ болж чадсан. “Хямралыг хяналтаар хазаарлах нь” уулзалт маань салбарынханд ихээхэн ач холбогдол  өгсөн гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн өсөлт уналтын аль ч үед аж ахуй нэгж байгууллага, хувь хүн орлого зарлагадаа нарийн хяналт тавьж, үр дүнтэй зарцуулалт хийх ёстой. Түүгээр ч барахгүй аудитын байгууллагууд улсын төсөвт хяналт хийж ажиллах ёстой гэдгийг энэ үеэр онцгойлон авч үзсэн.  

-Мэргэшсэн нягтлан бодогчид бол хамгийн шилдэг бизнесийн зөвлөгчид юм байна. Тэгэхээр танай байгууллага эдийн засагт өндөр ач холбогдол өгч, хамгийн зөв заавар зөвлөгөөг өгч, чиглүүлж ажиллаж улс эх оронд үр дүнтэй ажил хийж байна гэсэн үг. Тиймдээ ч улсын хөгжил, хүмүүсийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд сайн дурын ажил хийж байна уу.  Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийт рүү чиглэсэн ямар ажил хийв?

-Нийгмийн хариуц­лагынхаа хүрээнд хэд хэдэн ажлуудыг тогтмол хийж хэрэгжүүлдэг. Тухайлбал, оюутны дадлагын, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрх сунгах, мэргэжлийн англи хэлний болон АССА-ийн сургалтууд зохион байгуулж байна. Мөн Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу энэ хавар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт ММНБИ-ийн салбаруудыг байгууллаа. Манай институтэд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул гэсэн салбарууд нэмэгдэж нийт 30 салбартай боллоо. 

Сургалт, шалгалт, судалгаа, арга зүй, стандарт, аудит, ёс зүйн чиглэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу явагдахаас гадна уламжлал болсон томоохон ажлуудыг ч зохион байгуулдаг. Тухайлбал,  дөрөвдүгээр сарын 20, 21-нд Нягтлан бодох бүртгэлийн улсын 20 дугаар олимпиадыг ахмад санхүүч, ММНБИ-ийг үүсгэн санаачлагчдын нэг, 1993–1998 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Дашням агсаны нэрэмжит болгон явууллаа. Мөн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал, “Хямралыг боломж болгох нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохиосон. Жил бүр багш судлаачдын дунд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулсаар  ирлээ. Энэ удаагийн хурлыг тавдугаар сарын 26-нд “Мандах бүртгэл” дээд сургуультай хамтран явуулахаар болсон. Хуралд Япон, ОХУ, Тайланд, Солонгосын нэр хүндтэй, эрдэмтэн профессорууд оролцоно.

Зургаадугаар сарын 30-нд хоёр жил тутамд болдог мэргэшсэн нягтлан бодогчдын спортын их наадам Дорноговь аймагт болно. Энэ арга хэмжээг бид Дорноговь салбарын гишүүдтэйгээ хамтран зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Спортын их наадамд Улаанбаатар хот болон аймгуудын мэргэшсэн нягтлан бодогч-тамирчид оролцох юм.

-Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадны эрдэмтэд ирэх юм байна. Гадаад харилцаагаа сайн хөгжүүлэх нь аливаа байгууллагын хөгжих гол үндэс учир үүнд танайх ихээхэн анхаардаг бололтой юм?

-Тэгэлгүй яахав. Бид гадаад харилцаандаа онцгой ач холбогдол өгч ихээхэн анхаарч ажилласаар ирсэн. Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо, Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг. Энэ сарын 24-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Ази Номхон далайн Нягтлан бодогчдын холбоо (CAPA)-ны бүх гишүүдийн болон ажлын хороодын хурал, уулзалт болно.  Бид уг хуралд оролцох үеэрээ Хятадын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын удирдлагатай хамтын ажиллагааны талаар уулзалт хийнэ. 2017 онд Ази Номхон далайн Нягтлан бодогчдын холбоо(CAPA) байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Манай институт гишүүний хувьд САРА-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна үйл ажиллагааг нь сурталчлах, таниулах ажлыг өөрийн оронд зохион байгуулна. 

Эх сурвалж: Өдрийн сонин  Н.Ганчимэг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх