Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө

Хэлээгүй юу. Монгол Улс Хоригийн Засгийн газартай болж хог дэвхэрлээ шүү гэж. Тэглээ. Монгол Улс 25 оны аравдугаар сарын 22-ноос эхлээд парламентын засаглалтай улс биш боллоо. Онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ыг Үндсэн хуулийг Цэц шүүв. Шүүгээд: Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргалаа.
24 оны УИХ-ын сонгуульд олонхын санал авч эрх барьж байгаа МАН-ын доторх зөрчлөөс гаралтай хямрал төрд орж ирсэн. УИХ, Засгийн газрын ажилд ч нөлөөлсөн. Хуулийн хашаа давж одсон. Гэлээ гэхдээ Үндсэн хуулийн Цэц яаран үсэрч ороогүй бол сайн байсан юм. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэгчлэн энэ олон зах замбараагүй явдлыг өөртөө хүртэл нөлөөнөөс ангид байж гүрийх хэрэгтэй байв. Өөрөөр хэлэхнээ: Улстөрчид хуулийн хашаа, хяналтыг бүрэн давж алхацгаасан ч тулах хана, тогтоох хашаа нь болохын тулд Үндсэн хуулийн Цэц нэр цэврээрээ үлдэх байсан юм. Харамсалтай нь: Үндсэн хуулийн Цэц ийнхүү оролцохдоо Үндсэн хуулиа зөрччих шиг боллоо. Хэзээ нэг цагт өөрсдөө шүүлгэхүйц овоо босгоод орхилоо. Цэх шулуун хэлэх нь ээ: Улс төрийн хэрүүлд Цэц орж ирснээр улс орон Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу явчихлаа даа…
Нэгт: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчлөө гэж Ерөнхий сайдын өмнөөс хоёр сайд 25 оны аравдугаар сарын 16-нд Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан. Үндсэн хуулийн Цэц бараг л УИХ дээр тогтоол баталж алх цохиж амжаагүй байхад маргаан үүсгэсэн.
Хоёрт: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч 25 оны аравдугаар сарын 20-нд хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьснаар тогтоол түдгэлзэнэ. Үндсэн хуулийн Цэц аравдугаар сарын 22-нд түдгэлзсэн тогтоолыг хэлэлцэж дүгнэлт гаргав.
Гуравт: Энэхүү 25 оны 08 дугаар дүгнэлтийг гаргахдаа: Уг маргаан нь онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудлаар маргаан шууд үүсгэсэн гэж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулав. Тэрнийхээ шалтгааныг: Уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн даруй дуусгасан болно. Учир нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах үр дагавартай. Тиймийн учраас уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хугацаанд шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, эсвэл УИХ тарах, улмаар улс төрийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно гэв ээ.
Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэж хуульд бий. Гэлээ гэхдээ тэр нь: Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3: Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг гурав хоногийн дотор гүйцэтгэнэ, 23 дугаар зүйлийн 4: Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно гэж заагджээ.
Цор ганц: Онц байдал болон дайны байдал зарлаж, цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг л гурав хоногийн дотор хэлэлцэх хуультай байна.
Цаашаагаа: Үндсэн хуульд энэхүү онц байдлын талаар Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2: Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно гэдгийн 1: Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон; 2: Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон, 3: Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно гэжээ.
Дөрөвт: Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол УИХ-ын онцгой бүрэн эрх байна. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1: УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэдгийг 6: Ерөнхий сайд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах гэж байгаа. УИХ нийтдээ 18 онцгой бүрэн эрхтэйгийн 6 дахь нь энэ.
Тиймийн учраас Үндсэн хуулийн Цэц УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдааны саналын томьёолол, ирц хүртлийг заах нь өөрөө тодорхой хугацааны дараа Үндсэн хуулийн зөрчил болох магадлалтай.
Тавд: Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа: Энэхүү хуралдаанаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: УИХ- ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэснийг зөрчсөн гэж дүгнэлээгэсэн юм. Ийнхүү дүгнэлт гаргажээ. Ингэхлээр: Үндсэн хуулийн Цэцийн 25 оны 08 дугаар дүгнэлт цаашаагаа яаж үйлчлэх нь яригдах ёстой болно. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1: Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ, 2: Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна, 3: Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана гэсэн байна. Мөнхүү: Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1: Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ, 2: Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараахь маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана гэсэн. Бүр цаашаа нь: Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1: Цэцийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байна, 2: Цэц энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт; мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол; энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана гэж. Энүүгээр: Үндсэн хуулийн Цэцийн 25 оны 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ гэсэн үг.
Зургаад: Энэ бүгдийг МАН гаралтай гэж олон хэлсэн. Ард нийтээрээ ч мэддэг болсон. Гэвчиг учир жанцанг нь хайвал энэ бүгдэд Ерөнхийлөгч буруутай. Тэрээр Ерөнхий сайд байж байгаад 21 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болохдоо Ерөнхий сайдын албан тушаалыг 80-аад оны залууд биш одоо дэмжээд байгаа үеийнхээ нөхдөд санал болгох байсан юм. Цар тахлын яах нь мэдэгдэхгүй цаг үед төрийн жолоо цулбуурыг намынхтайгаа атгуулаад өөрөө өгссөн. 80-аад оныхон 21 оноос хойш төрийг ч, МАН-ыг ч мэдэлдээ байлгаж ирсэн. Тэгснээ гэнэт 5 сард: Огцор гээд УИХ-ын чуулган дээр орж ирж загнаад хөөгөөд буулгасан. Дараа нь 80-аад оны төлөөлөл УИХ-ын дарга. 5-6 сар дамнаж болсон үйл явдал давтагдаж байна. Жиших нь ээ: Хүүхдэд чихэр хүлхүүлж байгаад гэнэт булаагаад авбал уйлна, яг л тэр…
Долоод: Дахиад л дуугаръя. Одоо ардчиллын, УИХ-ын цор ганц дархлаа, хамгаалалт , найдвар нь АН л болж үлдлээ. МАН-ын бага хурал болоо, МАН-ын л асуудал байсан. УИХ, Засгийн газар хоёр нудралцлаа, МАН-ын л асуудал байв. Үндсэн хууль дүгнэлт гаргалаа. Энэ бол засаглалын асуудал болж хувирлаа. УИХ төрийн эрх барих дээд байгууллагын статус нь мөргүүлээ.
Тиймийн учраас: АН шийдвэр дээрээ байх уу. Цаашаагаа УИХ-ын 71 гишүүн итгэл үнэмшил дээрээ үлдэх үү. Аль эсхүл Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэрийн оронд морилсон хүнээс айх уу?
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.