МОНГОЛЧУУДЫГ ШУЛЖ, ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭСЭН “KOREAN AIR”-ИЙН МОНОПОЛЬ АЖИЛЛАГАА

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 26 ・ 2

Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнэтэй онгоцны билетээр Монголын ард түмэн БНСУ руу нисч байна. Улс хооронд нислэг үйлдэж байгаа нислэгийн компаниуд нэг удаагийн нислэгээр арваас дээш хувийн ашиг олдоггүй гэнэ. Гэтэл БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Ko­rean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд нэг удаа нислэг үйлдэхэд 19-20 хувийн ашиг олж байгааг албаны эх сурвалж онцолж байв. МИАТ “Ko­rean Air” компани ингэж л Монголын ард түмнийг шулж байгаа аж. Мөн БНСУ-ын жуулчид энэ зун хэдэн мянгаараа манай улсад ирэх боломж бүрдээд байгаа гэнэ. Аялал жуучлалын компаниуд руу өдөрт хэдэн зуугаараа хандаж байгаа гэнэ. Гэвч онгоцны билетийн үнийг сонсоод олонх нь шууд татгалзаж байгаа аж. Засгийн газар, БОАЖЯ бусад холбогдох компаниуд жуулчдыг эх орон руугаа татах олон ажил хийж байгаа. Аюулгүй Улаанбаатар хот арга хэмжээ зохион байгуулж, хөтөч, зочид буудал, гэр амралтын бааз гээд аялахаар ирж байгаа жуулчдыг сэтгэл хангалуун байлгах томооохон ажлуудыг чадах чинээгээрээ хийж байгаа. Гэтэл нислэгийн зардал хэт өндөр байгаагаас болж жуулчид манай орныг зорин ирэхээс татгалзаж байгаа гэнэ. Нэг компанид давуу эрх олгож, Монголын ард түмнийг шулж, жуулчдыг үргээж байгаа “Korean Air” компанийн талаар сурвалжиллаа.


МИАТ, “KOREAN AIR” КОМПАНИЙН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ШУЛСАН МОНОПОЛЬ ҮЙЛЧИЛГЭЭ

“МИАТ”, “Корейн Эйр” компаниуд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу олгогдсон эрх, үүргийн хүрээнд 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэнэ. “МИАТ” компани “Корейн Эйр” компанитай хамтран ажиллах гэрээгээ төрийн ордонд сүр дуулиантайгаар байгуулсан байдаг. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн захирлуудыг төрийн ордонд хүлээн авч, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар хүртэл оролцож санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Санамж бичигт гарын үсэг зурах үед “Монголын агаарын тээвэрт шинэ үйлчилгээ шинээр нээгдэж байна. Олон улсын стандарт шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Монголчууд ая тухтай, таатай, аюулгүй онгоцоор нисэх нь. Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг өргөжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал. Эдийн засгийн том хаалга нээгдэж байна” гээд л сүртэй мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байв. Гэвч “Korean Air” компани тараа таниулж эхэлсэн байдаг. 18 жил ийн хамтран ажиллах гэрээ байгуулсан компани хамгийн өндөр билетээр Инчён-Улаанбаатарын чиглэлд нисч эхэлсэн байдаг. Тус компани ойролцоо километр зам туулсан нислэгээ маш хямд үнэтэй нисдэг мөртлөө зөвхөн Улаанбаатар-Инчён чиглэлийн нислэгээ өндөр үнэтэй буюу тусгайлан гаргасан үнээр зорчигч тээвэрлэж эхэлсэн байдаг. Бусад иргэний агаарын тээврийн компанид хямд үнээр нислэг үйлдэх боломж байдаг гэнэ. Гэвч “МИАТ” “Korean Air” компанитай 18 жилийн гэрээ байгуулсан учир өөр компани шинээр нислэг үйлдэх ямар ч боломж байхгүй юм байна. Ингэж л БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр нислэг хийдэг болсон байна. Зорчигчдод хямд үнэтэй агаарын тээврийн компаниар үйлчлүүлэх ямар ч сонголт байхгүй учир “Ko­rean Air” компанийн ааш аяг, монополь байдалтай эвлэрч, өндөр үнээр зорчдог байна.

“KOREAN AIR” КОМПАНИ УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮНД АВЛИГА ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭНЭ

“Korean Air” компани Монголын агаарын тээвэрт даам гарч, дэлхийд байхгүй өндөр үнэтэй онгоцны билет шахаж байгаа цаад шалтгаан юу вэ. Энэ асуултын хариултыг холбогдох албаныхан янз бүрээр тайлбарлан хэлж байна. Гэхдээ бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж болгон ноцтой нэгэн асуудлыг бидэнд хэлж байсан юм. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани Инчён-Улаанбаатарын чиглэлд монополь байдлаа хадгалахын тулд Монголын эрх баригчдад авлига өгсөн байж болзошгүй тухай БНСУ-ын шударга өрсөлдөөний хороо мэдэгдэж шуугиан тарьж байсан. “Korean Air” компани Монгол руу үйлддэг нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд Монголын өндөр албан тушаалтнуудын амралтын зардлыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг гэнэ. 2010 онд “Korean Air “ компанийхан Монголын Засгийн газарт өндөр алба хашдаг арван хүнийг гэр бүлийн хамт Чежү арал дээр амраасан гэнэ. Ингэхдээ бүх зардлыг нь тус компани даасан гэж БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо мэдэгдэж байсан аж. Монголын арван гэр бүлийг амраахад “Ko­rean Air” компани 13.5 мянган америк доллар зарцуулжээ. Үүний дараа Монголын Засгийн газар “Korean Air” компанийн талд ашигтай шийдвэр гаргаж Инчён-Улаанбаатарын чиглэлд монополь байх нөхцөл бий болгосон гэнэ. Тиймээс үүний цаана авлига хээл хахуулийн асуудал байхыг үгүйсгэхгүй гэдгийг онцолж байсан юм.

БНСУ-ЫН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ХОРОО: “KOREAN AIR “ КОМПАНИ МАНАЙ УЛСАД ОГТ БАЙХГҮЙ ӨНДӨР ҮНЭЭР НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА

БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос УБ-Инчён-УБ чиглэлийн нислэгийн шударга бус үйл ажиллагаатай холбоотойгоор “Кореан эйр” авиа компанид хориг арга хэмжээ авна. Хэт их өндөр үнээр зорчиж байна гэх мэдээлэл 2012 онд гарч байсан. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо “Инчён-Улаанбаатар чиглэлийн нислэг нь ойролцоо зай (2,000 км)-тай Инчён-Хонгконг, Инчён-Гуанжү чиглэлээс 25 хувиар үнэтэй байна. Манай улсад огт байхгүй өндөр үнээр нислэг үйлдэж байгаа. Ийм шударга бус үйлдэлд хориг тавьж, их хэмжээний мөнгөн торгуулийн арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч дээрх асуудал тэгсхийгээд нам жим болсон.

“KOREAN AIR” КОМПАНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛСЭНЭЭР 42 ХУВИЙН ИЛҮҮ ҮНЭТЭЙ БИЛЕТ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА

Инчён-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байгаа “Korean Air” компанийн асуудлаар нэгэн аялал жуучлалын компанийн захирал Г.Батжаргал цөөн асуултад хариулт өгсөн юм.


-“Korean Air” компанийг сонгон үйлчлүүлж байгаа зорчигч зах зээлийн үнээс өндөр үнээр тийз худалдаж авч байгаа асуудал олон жил яригдаж байна. Энэ талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр зорчиж байна шүү дээ. БНСУ-ын Засгийн газрын гишүүн Пён Че Ил 2013 оны арваннэгдүгээр сарын 3-нд нэгэн баримт дэлгэсэн. Улаанбаатар-Инчён хотуудын хооронд Монголын МИАТ, Солонгосын "Korean Air" компаниуд өөрсдийн онгоцоо нисгэдэг болсоор 14 жил өнгөрсөн. Монголын зүгээс дээрх чиглэлд зөвхөн Солонгосын "Korean Air" компанитай л гэрээ хийсэн. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь болсон монгол зорчигчид адил зайд нисэх бусад компанийн онгоцны тасалбараас дунджаар 42 хувийн илүү үнэтэй онгоцны тасалбараар үйлчлүүлж байна. Тухайлбал, Инчён хотоос 2061 километр зайд байх Хятадын Шимчон хот хүрэхэд 250 мянган вон, 2080 километр зайд байх Гуанжоу хот хүрэхэд 270 мянган вон байдаг. Гэтэл 2002 километр зайд байх Улаанбаатар хот хүрэх онгоцны тасалбар 333 мянга 300 вон байдаг. Улаанбаатар хот хүрэх чиглэлээсээ жилд дунджаар 14 тэрбум 100 сая воны ашиг олдог "Korean Air" компани , энэхүү давуу эрхээ хадгалж байхын тулд Монгол Улсын удирдах албан тушаалтнууд болон тэдний гэр бүлд үнэгүй онгоцны тасалбар бэлэглэх, Солонгос улсад үнэгүй аялуулж байсан тухай мэдээлэл өнгөрсөн 2009 онд гарч байсан удаатай. "Korean Air" компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээс дунджаар 9-3 хувийн ашиг олдог. Харин Улаанбаатар хот хүртэлх нэг удаагийн нисэх нислэгээсээ 19-29 хувийн ашиг олдог. Энэ нь шударга өрсөлдөөн биш тул үүнийг шалгаж бусад өөр компаниудыг уг чиглэлд ажиллах бололцоо олгож, үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй онгоцны тасалбараар үйлчлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан шүү дээ. Үнэхээр нэг компанид хэтэрхий их давуу эрх олгосноос болоод Монголын жирийн иргэдийн халааснаас маш их хэмжээний мөнгө БНСУ-ын агаарын тээврийн компанийн данс руу орж байна шүү дээ.

-Аялал жуучлалын компаниуд руу БНСУ-ын иргэд олноор хандах болсон гэсэн үнэн үү?

-Үнэн. БНСУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд сайнгүй байгаа. Үүнээс болоод БНСУ-ын иргэд манай улс руу аялахаар ирэх нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдээд байна. Өдөр шөнөгүй утасдаж байна. Өмнөх жилүүдэд Чингис хааны нутгаар гээд Өмнөд Монголын аймгуудаар явдаг байсан. Тэгвэл энэ жилээс манай улсаар хэдэн мянган жуулчин явах боломж бүрдээд байна. Жуулчдыг хүлээж авах боломж бидэнд бүрэн байна. Аялал жуучлалын компаниуд жуулчдыг сэтгэл хангалуун буцааж чадна. Гэтэл нэг толгой өвтгөсөн асуудал байна. Тэр нь билетийн үнэ хэтэрхий өндөр байна. Үүнээс болоод олон жуулчин ирэхээс татгалзаж байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уг нь Монголын эдийн засагт маш том боломж, ашиг авчрах дүр зураг харагдаад байна шүү дээ.

-Зөвхөн нэг компани давуу эрх эдэлж байгаагаас болж суудал нь дүүрчихсэн байдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ хамгийн хэцүү асуудал болоод байна. БНСУ-ын Сөүлээс Монголд ирэх билетийн захиалга урьдчлаад өгөх гэхээр суудал нь аль дээр үед дүүрчихсэн. Та хоёр сарын дараа нисэх суудал захиалах боломжтой гэсэн хариу өгч байна. Цөөхөн онгоц явдаг. Суудлын захиалгыг хэдэн сараар хийчихдэг болохоор үнэхээр асуудалтай байдаг. Уг нь хоёр талын зардал монгол төгрөгөөр 1.2 сая төгрөгийн ханштай байдаг. Хямд үнэтэй суудал байхгүй. 1.4 сая, эсвэл 1.5 сая төгрөгөөр суудал захиалах болж байна. Ингэж л нэг компанид давуу эрх өгснөөс болоод жуулчид ирэх нөхцөл огт байхгүй болж байна даа. Билет нь үнэтэй, ямар ч сонголт байхгүй зөвхөн нэг компанийн нислэг сонгож үйлчлүүлэх ёстой. Тэгсэн мөртлөө хэдэн сарын дараа нислэг хүлээх нөхцөлд хэн Монгол руу зүглэх юм бэ. Бид жуулчид хүлээж авна гээд л хөөрөөд байдаг. Үнэндээ Монголд аялагч цөөхөн ирж байгаагийн хамгийн гол асуудал нь билетийн үнэ, нислэгийн авиа компанийн хүртээмжийн асуудал шүү дээ. Мөн аяллын визээр Монголын хэдэн мянган залуус гаднын орнууд руу явдаг. Тэдний хөлс хүчээ гаргасан мөнгөний ихэнх хувь нь онгоцны билетийн үнэд л явж байна.

Өдрийн сонин Э.Хүрэлбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 29/

    Yneheer undur alban tushaaliin hymyys yawsan uym bol Solongosoos medeeleliig ni awaad zarlaach.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 29/

    Yneheer undur alban tushaaliin hymyys yawsan uym bol Solongosoos medeeleliig ni awaad zarlaach.

    Хариулах