ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ИРГЭДИЙН БАЯР” БОЛЛОО

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 09 сар 16

Чингэлтэй дүүрэг гал голомтоо бадраан, их хотын хойморт эрдэнийн хайрхан уулынхаа алдар нэрийг авсан шинэ дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд есдүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслол болж Чингэлтэй хайрханы энгэр бэлд “Иргэдийн баяр”-ыг зохион байгууллаа.

Иргэдийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Ахмадын хорооны дарга бөгөөд анхны Засаг дарга А.Зул, ЧДЗДТГ-ын удирдлага, албан хаагчид,  дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг, ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнд Баруун хошуу, Бүгд найрамдах Солонгос Улсын Инчон хотын Ёнсу дүүргүүдийн зочид төлөөлөгчид, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Архангай аймгийн Чулуут сум, Хэнтий аймгийн Баян овоо сумын зочид төлөөлөгчид болон иргэд оролцлоо.

“Иргэдийн баяр”-ыг дүүргийн тугаа хүндэтгэлтэйгээр мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлж албан ёсоор эхлүүлсэн юм.

ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргээрээ овоглодог, оршин суудаг, ажил амьдралаа холбосон эрхэм хүндэт иргэд, оршин суугчдадаа болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Та бүхэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

2017 онд Чингэлтэй дүүрэг гал голомтоо бадраан, их хотын хойморт эрдэнийн хайрхан уулынхаа алдар нэрийг авсан шинэ дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Түүх бүтээсэн 25 жилийн ой бол Чингэлтэй дүүргээр овоглодог, оршин суудаг, ажил амьдралаа холбосон хүн бүхний баяр юм.

Их хайрханы маань лус савдаг, сүлд хийморь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн эргэлтэд ариун дагшин байж, ард иргэд байгууллага, хамт олны минь хүсэл зорилго сэтгэлчлэн бүтэж, түмэн олон Та бүгдийн минь буян заяа тэгш дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын сүүн цагаан цацал өргөж ерөөл дэвшүүлье” хэмээлээ.

Иргэдийн баярын гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжихэд оршиж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулж ЧДЗДТГ-ын болон дэргэдэх алба, хэлтсүүд, дүүргийн 19 хорооны ажилтнууд хүндэт зочид төлөөлөгчдөд болон иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулсан юм

Мөн урлагийн тогтолт, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, шатар, зуун буудалт даам зэрэг спортын уралдаан тэмцээнүүд, хороодын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам, нутаг нутгийн онцлогтой “Цайны ёслол”, айрагны баяр зэрэг хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Мөн үеэр дүүргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочид төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.

Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол” наадамд дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэд оролцсоноос үндэсний хувцаслалттай шилдэг хороогоор 1 дүгээр хороо шалгарсан юм. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Чингэлтэй дүүргийн бөх, Улсын гарьд Ш.Жаргалсайхан түрүүлж, Улсын начин Б.Чимидвандан үзүүрлэж наадамчин олныг баясган, “Иргэдийн баяр” өндөрлөлөө.

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх