ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбарын гишүүд болон салбарын чуулган үргэлжилж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2 цагийн өмнө

Спортын салбарын гишүүд болон салбарын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хурал, хэлэлцүүлгүүдэд оролцогч улс орнуудын төлөөлөгчид болон ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй манай улсын спортын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Чуулганы үеэр танилцуулсан чухал илтгэлүүдийн агуулгаас та бүхэнд хүргэж байна.

Хятадын Хонг Конгийн Олон Нийтийн Радио, Телевизийн продюсер Чан Цзы Ян илтгэлдээ “Хятадын Бүх ард түмний наадам ирэх 11-р сард эхэлнэ. Энэ наадмын 8 төрлийн тэмцээнийг Хонг Конг хүлээн авна. Бидний хувьд 4к формат, хиймэл оюун ухааныг энэ тэмцээний шууд дамжуулалтын үеэр туршина.” гэдгийг онцлох хэллээ.

Ираны Үндэсний Радио, Телевизийн харилцаа холбооны дарга Мэесам Машаеэхийн хувьд илтгэлдээ “Иран улсад нийт 65 телевизийн суваг байдгаас 2 нь спортын суваг байдаг. Үндэсний спортын төрлүүдээ онцолж, үүнийгээ олон улсад гарган сурталчлах зорилготой байгаа” хэмээн талаараа ярилаа. Мөн энэ спортын төрлүүдийнхээ онцлог болон Иран улсын өнөөгийн тамирчдын гаргаж буй амжилтууд, дэлхийд медаль хүртэж буй хөгжингүй спортын төрлүүдээ онцоллоо.

Малайзын Үндэсний Радио, Телевизийн Спортын дэд захирал Мод Ахтар бин Хажи Хамзагийн илтгэлийн онцлох зүйл нь “2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн зуны спортын наадмыг шууд дамжуулахаар ажиллаж байна. Бид засгийн газар болон холбогдох яамдад хүсэлтээ хүргүүлээд байна” гэдгээ хэлсэн юм.

Туркийн Үндэсний Радио, Телевизийн Спортын захирал Эмре Ботан Күмэт энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлох, чухал илтгэлүүдийн нэгийг танилцууллаа. Тэрээр “Сүүлийн жилүүдэд спортын тэмцээн уралдааныг шууд дамжуулах эрхийн үнэ болон үйл ажиллагааны зардал асар их нэмэгдэж байна. Тухайлбал 2024 оны Олимп болон хөлбөмбөгийн ЕАШТ-ийг үзүүлэхэд 60 тэрбум доллар зарцуулжээ. Турк улс дэлхийн мэргэжлийн спортын төрлүүдийн бүх томоохон тэмцээнүүдийг шууд дамжуулж байна. Бид хураамждаа нэг айл өрхөөс 2 ам.доллар авдаг. Гэтэл хувийн телевизүүд үүнийг 4, 5 нугалах хэмжээний төлбөр авч байна. Энэ нь бидэнд тулгараад буй гол асуудал юм. Шийдвэрлэх арга замуудыг ч бид эрэлхийлж, олсоор байна.” гээд салбарын олон чухал асуудлыг хөндсөн юм.

БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээллийн төвийг төлөөлөн оролцож буй менежер Ю Яан зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Ингэхдээ энэ жил Чендү хотноо болсон Дэлхийн наадмын тэмцээн уралдаанууд дээр жишээлэн ярьсан юм. Хятадын хэвлэл мэдээллийн төв нь телевизийн 51 суваг, радиогийн 12 сувгаар мэдээ, нэвтрүүлэг, шууд дамжуулалтаа цацаж байна. Мөн төлбөртэй сувгуудаар үйлчлүүлэгчдийн тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа аж.

2025 оны Дэлхийн наадмын үеэр 24 цагаар оюуны өмчийг зөрчих үйл ажиллагааг хянах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр богино хэмжээний мэдээ, нэвтрүүлэгт тус наадмын тэмцээн, үйл ажиллагаануудын дүрсийг албан ёсны эрх, зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн тохиолдол олноор гарчээ. Харин тус байгууллагын зүгээс холбогдох суваг, платформуудтай хамтран ажиллаж илэрсэн зөрчлүүдийг тэр даруй шийдвэрлэж ажилласан байна.

Жил ирэх тутам цахимаар шууд дамжуулах үйл ажиллагаа нэмэгдэж байгаад спортын салбар хамгийн ихээр яригдах ёстойг хэллээ. Тэгэхээр тэмцээний үеэрх шууд дамжуулалтуудыг дэлхийн даяар цацах үйл ажиллагааг хэрхэн хорих вэ гэдэг нь чухал болж байна. Яагаад вэ гэвэл БНХАУ-ын адил олон орны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд их хэмжээний мөнгө төлж эрхийг нь авч байгааг санах хэрэгтэй төдийгүй том наадам, тэмцээнүүдийн төлбөр ч жил ирэх тутам эрс нэмэгдэж буйг хэллээ.

Сингапур улсын “Реддентес Спортс Си Редд И Пте” компанийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагааны захирал Рэн Цай Ип энэ хэлэлцүүлгийн илтгэлдээ Пара спортын төрлүүдээр онцолж ярилаа. Тус байгууллага “Токио 2020” паралимпын наадмаас эхлэн олон улсад Паралимпын наадмыг олон улсад түгээж, худалдахад дэмжин оролцож, Олон улсын паралимпын хороотой хамтран ажиллажээ.

Токиогийн наадмын үед ковидийн үе таарч нөхцөл байдал хүндрэлтэй байсан бол “Парис 2024” наадмын үеэр 5540 байгууллага тус эрхийг авч, улс эх орондоо үзүүлжээ. Энэ төрөл салбар нь хүндэтгэж хандах чухал бүлэг учраас анхаарах зүйлс ч их, давуу тал үүсгэх боломжууд ч их байдаг байна. Монгол улсын хувьд паралимпын наадмыг үзэлт, хандалтаар ч өндөр байгаа орнуудын нэг гэдгийг тэрбээр хэллээ. Паралимпын наадмын зах зээл нь маш эрчимтэй хөгжиж буй ч төлбөр мөнгөний хувьд харьцангуй боломжтой байдаг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн тус байгууллагаас улс орных нь баг тамирчид олноор орж байгаа ч шууд дамжуулахгүй байгаа улс орны телевизүүд рүү холбогдож, ашигтай боломжуудыг санал болгодог байна. Ингэснээр улсынхаа баг тамирчдынхаа тэмцээн, уралдаанууд болон ялалт амжилтуудыг улс эх орондоо хүргэх боломж бүрэн нээгддэг билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх