Ш.САЙХАНСАМБУУ: НИЙТИЙН БҮЖИГТ ИХ ОРЦГООНО, ТАРААД ХҮҮХНҮҮДЭЭ БУЛААЦАЛДАН ЖИЖИГ ЗОДООН ХИЙДЭГСЭН

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 16

Баруун гар талаас. Арын эгнээнд эхнийх нь Ш.Сайхансамбуу

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай улс төр ярьсангүй. Дээр үеийн Улаанбаатар хот, тэр үеийн залуусын тухай энгийн сайхан дурсамж яриа өрнүүллээ.


-1960, 1970-аад оны Улаанбаатар ямар байв аа. Та хэдэн настай байсан бэ?

-1966 онд тэр үеийн Октябрийн районы найман жилийн 22 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Манай аав насыг минь дараад долоотойд сурагч болгож байв. Миний мэдэх Улаанбаатар гэвэл, тэр үед Их дэлгүүр дөнгөж ашиглалтад орж байлаа. 1952 онд төмөр зам ашиглалтад орж, Орос, Хятад, Монгол гурвыг холбосон төмөр замтай болжээ. Ер нь хотын гол ноён нурууг хятадууд босгож, ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж өгсөн гэдэг юм даа. Хятад улстай найрамдлын гэрээтэй ч байсан байх. 60-аад оны Улаанбаатар хотын хамгийн том үйлчилгээний төв нь бидний мэдэх урт цагаан байлаа. Хотод ганцхан түргэн зурагчин байсан нь урт цагаанд байрладаг байв. Бүгд тэнд очиж зургаа авахуулна. Өөр хаана ч зурагчин байхгүй.

Урт цагааны баруун талын өнцгөөс эхлээд хятад гуанз, үйлчилгээний газрууд их. Одоогийн “Бөмбөгөр”-ийн хажуугийн Бакуларин бүчигийн хийдийн суурин дээр байсан юм. Хотын зах буюу одоогийн Нарантуулын “өвөг дээдэс” нь Барс худалдааны төвийн зүүн хойд өнцөгт одоогийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын суурин дээр байлаа. Бүтэн сайн өдөр тэндээ цуглаж арилжаа наймаа хийнэ. Голдуу хятад наймаачидтай байж.

-Юу зардаг байв?

-Зарахгүй юм байхгүй ээ. Захыг дараа нь нүүлгэж одоогийн Бөмбөгөрийн суурин дээр тав, зургаан жил болсон. Захаа хотын төвөөс нүүлгэнэ Дэнжийн мянгын хүн тавьдаг энгэр рүү шилжүүлсэн юмдаг. Тэр үед тэр хавьд нэг ч айлгүй байлаа. Харин наана нь 1000 айлын орон сууц буюу одоогийнхоор цагаан байрнууд байсан санагдана. 1966 онд Орос, Хятад хоёр улсын харилцаа муудаж, төрийн нөхцөл байдлаа дагаад хятадууд манайхаас явсан. Хийж байсан дэд бүтцийн ажлаа зогсоогоод орхисон. Баянгол зочид буудлын хоёр өндөр, түүнийг тойрсон орон сууцнуудыг дуусгаагүй. Дараа нь оросууд гүйцээсэн. Хотын төв зам, Төв шууданг хятадууд барьж өгсөн гэдэг. Дайны дараа олзлогдсон япончуудыг барилгын туслах ажилтнаар нэлээд ажиллуулсан байдаг. 1966 ноос хойш тухайн үеийн ЗХУ манайд хүч түрэн орж, дэд бүтцийг хөгжүүлсэн байх. Хамгийн анх Сансар хорооллыг барьсан. Цаашлаад нэгдүгээр хороолол, гурав, дөрөвдүгээр хороолол, дөрөвдүгээр цахилгаан станц, газар доогуурх дулааны шугамуудыг барьж, босгосон. Манайхан өөрсдөө 70-аад оны дунд, 80-аад оны эхээр угсармал орон сууц барьж сурсан. Үүний тод жишээ нь Улаанхуарангийн угсармал орон сууцнууд, Ялалт кино театрын хойд тал буюу одоогийн Баянбүрд, түүнийг тойрсон орон сууцнууд байна. Мөн ардчилсан Герман тэргүүтэй, Польш, Чех, Унгар, Югослав, Румын, Болгар зэрэг орнууд их бүтээн байгуулалт өрнүүлсэн байдаг. Польшууд гэхэд Хөтөлийн цементийн үйлдвэрийг барьж. Дарханы мах комбинатыг унгарууд барьжээ. Циркийг румынууд, СЕХ байрладаг өндрийг чехүүд, югославууд Сү.Батболдын Чингэс зочид буудлыг барьсан байх жишээний. Германчууд хивсний үйлдвэр, чехүүд гутлын үйлдвэр босгож өгчээ.

-Хотын төв гэж аль хэсгийг хэлдэг байв?

-Сүхбаатарын талбай, Их дэлгүүр хавийг л хэлнэ. Тэр үед Ард, Элдэв-Очир, Хүүхдийн болон баримтат кино театр гэсэн хэдхэн театртай. Бараг гурван ресторантай. Туул, Улаанбаатар, Баянгол ресторан гэж байлаа. Район болгон нийтийн бүжиг болдог соёлын ордонтой. Мах комбинатын, төмөр замын, барилгачдын, ажилчны соёлын ордон байлаа. Бямба, ням гаригт нийтийн бүжигтэй. Драмын театрын арын заал, Элдэв-Очир кино театрын доод зааланд бүжиг болно. Нийтийн биеийн тамирын спортоор их хичээллэнэ. Волейбол, сагс их тоглоно. Урлагаас гэвэл бидний сайн мэддэг нь Битлз байв даа. 1970-аад оны эхээр банзан гитар Монголд орж ирсэн. Зөвхөн их дэлгүүрт худалдана. Улаан, шар өнгийн гитарыг 35 төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Бүх хүүхэд гудамжиндаа, орцондоо тоглодог байв. Тэр үеийн хүүхэд залуучуудад баар ресторан хэснэ гэсэн ойлголт байсан биш.

Ш.Сайхансамбуугийн залуу цагийн хөрөг

-Баар байсан уу, ер нь...

-Байхгүй. Баянгол, Улаанбаатар рестораны доод давхарт маш өндөр хяналттайгаар оруулдаг хоёр баар байсан.Гадныхан орно уу гэхээс монгол хүн ойр явбал цагдаад баригдахдаа тулдаг. Хүүхдүүдэд тэнэх газар олдохгүй. Орой автобус зогслоо бол хот нам гүм. Машин ч цөөхөн.

-Ямар машин явдаг байв?

-Москвич. Оросын Победа гэдэг бөмбөгөр машин таксинд явдаг байлаа. Мөн эмнэлгийн үйлчилгээнд явна. Дараа нь Волга 21, Москвич 408, 350 гэсэн шинэ загваруудын машин орж ирсэн. 80-аад он гараад Лада явдаг болсон. ЗИС-5, газ-51 гэдэг ачааны машинууд явдаг байлаа. Цэргийн ангиудад Урал гэдэг машин явдаг байв. Москвичийг зөвхөн Их дэлгүүрт 25 мянган төгрөгөөр худалддаг байлаа. “Энэ хүүхнүүд үү” гэдэг кинонд гардаг такси байна аа даа. Тэр чинь 21 гэдэг машин. Дараа нь 24 болж загвар нь шинэчлэгдэж орж ирсэн.

-Бензин ямар үнэтэй байв?

-Нэг литр бензин 35 мөнгө байлаа. А-76, А-66 гэдэг хоёр шатахуунтай. -

-Хүмүүс такси барина биз...

-Барилгүй яахав. Гараа өргөөд л сууна. Нэг километр нь 30 билүү 50 мөнгө байсан. За тэгээд талхны ганц үйлдвэртэй.

-Одоогийн Атар талх бил үү?

-Тийм. Сүүний үйлдвэр мөн нэг байсан нь Улаанхуаранд байв. Миний хоёр ах жолоочоор нь ажилладаг байлаа. Чихэр боовны үйлдвэр нь "Өгөөж". "Янгир" ирис, "Нислэг", "Улаанбаатар" гэдэг чихрүүд нь алдартай. Улаан ус ууна. Архи пивоны комбинатад "Тунгалаг", "Нийслэл", "Боргио" гэсэн гурван пиво хийнэ. "Тэрэлж" гэдэг ундаатай. Цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн л байдаг байлаа...үргэлжлэлийг энд дарж үз


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх