Малчдад цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг мессежээр илгээнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 16

Онцгой байдлын ерөнхий газраас Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран малчдад цаг агаарын мэдээллийг мессежээр хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессеж үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликэйшн боловсруулан өнгөрсөн зургадугаар сараас хойш туршиж буй аж.  Туршилтад  57 мянган малчин хамрагдсанаас 51 хувь нь цаг агаарын мэдээллээ тус системээс авсан байна. Ингэхдээ 90 гаруй хувь нь маш сайн таарсан гэсэн үнэлгээг өгчээ.

Тус аппликэйшнийг ашиглан нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байгаа юм.  Тодруулбал, мессеж үйлчилгээг 330 мянган малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм. Ингэснээр  малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна.

Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн  малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй ажээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх