Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2017 11 сар 13
・ 3

2017 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Чикагогийн их сургуулийн профессор Р.Тэйлер “Зан төлөвийн эдийн засаг буюу эдийн засаг ба сэтгэл зүйн харилцан хамаарлын тухай судалгаа”-гаараа хүртлээ. М.Энхсайхан “Араншинт эдийн засаг” гэж орчуулсан байна лээ.
Энэ судалгааны бүтээлд эдийн засагт сэтгэл зүй, зан төлөв нөлөөлдгийг гаргаж тавьсан юм. Өмнө нь сонгодог эдийн засгийн онолд эдийн засаг, хувь хүний зан чанар хамааралтай гэж үздэггүй байсан. Тэгвэл Нобелийн шагналтан маань хэд хэдэн хүчин зүйлээр эдийн засаг, зан төлөвийн хамаарлыг гаргажээ. Товчилвоос хүмүүс өөрт байгааг бусдаас илүү гэж үзэх ба өөрийн шийдвэрийг оновчтой гэж боддог. Цаашлаад энэ нь нийт эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судалж. Нөгөө талаас хүмүүс хүслээ барьж дийлэхгүй богино хугацаанд сэтгэл ханамж авах сонголтыг хийдэг талаар болон нийгмийн сонирхолд нийцсэн үйлдэл нь эдийн засгийг тодорхойлж буйг тогтоожээ. Эцэст нь хүн хэдийгээр маш олон зах зээлд оролцогч талуудтай харьцаж, тэдгээрийн нөлөөлөлд ордог ч хувийн сэтгэл зүйн онцлог нь хадгалагдсаар байдаг гээд үүнийгээ хөрөнгө оруулагчийн зан төлөв дээр судалжээ. Эндээс харахад хувь хүний зан төлөв, сэтгэл зүйтэй эдийн засаг яалт ч үгүй хамааралтай болж таарах нь. Тэрний бодит жишээ бол манай төр засгийн удирдлагууд, улстөрчдийн ааш аяг, зан төлөв улсынхаа эдийн засагт нөлөөлөөд, өөд нар харуулахгүй, элгээр нь хэвтүүлээд байгааг дурдъя.
Монголын эдийн засаг манай шийдвэр гаргагчдаас хамааралтай байдаг. Өнөөдөр Монголын эдийн засаг тааруу байгаа нь удирдагчдынхаа зан харилцаандаа анхаарахгүй бол болохоо байсныг илтгэнэ. Төр засгийн удирдлагад байгаа хэдэн нөхөд маань бие биетэйгээ ашгийн төлөө муудаж, сүүлдээ энэ нь ил цагаан боллоо. Нэг нам нь гараад ирэхээр нөгөө намынхнаасаа илүү идэх гэж л үзэж тарж байснаас Монголыг хэн сайжруулахав, эдийн засгийг нь хэн босгохов гэж уралдаж байсангүй. Харин одоо нам дотроо хуваагдаад талцдаг боллоо. Хэний бүлэглэл их идэх вэ, хэн нь хувьдаа их ашиг олохоороо л талцаж хэрэлддэг болов. Энэ бүгдийн үр дүн нь өнөөгийн Монголын байгаа байдал. Гурван сая иргэн нь элгээрээ мөлхөхдөө тулаад байгаа нь та нарын араншингаас болоод байна, улстөрчид өө. Ардчилсан нам ялаад эдийн засаг доройтуулчихлаа гэсээр гарч ирсэн МАН-ынхан өнөөдөр ааш авираа дийлэхгүй талцан хоёр хуваагдлаа. Саяхан чуулганы танхимд хэрэлдэж элдвээрээ дуудалцсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нарын хэрүүлээс Монголын улстөрчдийн үнэн нүүр царай харагдлаа. Ж.Мөнхбат нь У.Хүрэлсүхээ хаан уу, заан уу, намын мөнгөнөөс хулгайлсан хулгайч гээд баримтыг чинь дэлгэнэ гэлээ. У.Хүрэлсүх нь их томроод байгаа пацааныг байранд нь тавина, авлига авч томилсон болгоныг чинь хална, төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ гэв. Энэ хэрүүлээс аль аль нь Монголын төрөөс идэж уудаг юм байна, тэрийгээ бас мэдсээр ирсэн юм байна гэж ойлгогдоно. Энэ нь манай эрх баригчдын эдийн засагтаа хандах хандлагыг баталж байгаа юм. Айлын хойморт дэлгэцээр хамаг муу хараалыг хэлж, биесээ доромжлох тэдний араншин Монголын улстөрчдийн өнөөдрийн нүүр царай. Эдийн засаг өөдөлдгүйн жишээг энэ хоёр хүн өөрсдөө хэлчихлээ. Манай улстөрчид дандаа хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирлээ.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.