Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2017 11 сар 17
・ 13

Маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэлгүй амьдардаг олон хүн бий. Нэг л өдөр байшинтайгаа дэлбэрч мэдэх, нэг л өдөр бууны суманд өртөж ч мэдэх тийм нөхцөлд амьдарч буй Сири, Ливин иргэдийг бид бусдын адил өрөвдөн хардаг. Шашны мөргөлдөөн, улстөрийн дарангуйлал, гадны өдөөн хатгалга зэрэг олон шалтгаанаас болоод энгийн сайхан, бүр чинээлэг амьдарч байсан ард түмэн өнөөдөр амьдын там болсон эх орондоо амьд явах эрхгүй амьдарч байна.
Үхэж үрэгдэж, дүрвэж, зугатаж юу эсийг үзэж байна гэх вэ, тэд. Ийм улсуудыг дэлхий нийтээр “улстөрийн тогтворгүй байдалтай” хэмээн томьёолдог. Гэтэл “улстөрийн тогтворгүй байдалтай улс орны тоонд Монгол Улс орсон байна” хэмээн хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн зарлалаа. Бид тэднийг биш тэд биднийгээ өрөвдөн харж суудаг байх нь ээ. Бүр тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Өнөөдөр та “Женко” группын Ерөнхийлөгч биш. Ардчилсан намын Ерөнхийлөгч биш. Өнөөдөр та Монголын ард түмний Ерөнхийлөгч. Үүнийгээ та ухаж ойлгомоор байна.
Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жил хийсэн дайн тулаанаа зогсоо. Таны хориг яах вэ. Ганц хоёр хууль, ганц нэг сайд дээр, өргөн барьсан төсөв дээр хориг тавьж байна. Хоёрын хооронд тулга тойрсон, богино зайн улстөр хийхээ болъё оо. Хоолондоо хориг тавихаа болъё. Монгол улс хоригт орчихлоо шүү дээ, Ерөнхийлөгч өө. Монгол улс дипломат хоригт орчихлоо. Өнөөдөр монгол Улс зургаан сараас хойш хоёр сая тн нүүрс экспортод гаргах боломжоо алдчихлаа. Хэрэв 2012 онд таны гацаасан төмөр зам ашиглалтад орсон бол өнөөдөр жилд таван сая тонн нүүрс экспортолж, 20 жил 100 сая нүүрс экспортлох боломжоо алдсан байна. Энэ бол 10 тэрбум доллартой тэнцэх мөнгө. Өнөөдөр манай Монголын эдийн засаг 10 тэрбумдоллар. Монголын эдийн засаг хоёр дахин томрох энэ боломжийг бид алдсан. Үүнийг би алдагдсан боломж гэж харж байна. Бидний дотоодын зөрчил хагарлаас болоод ийм байдалд хүрлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь Та. Монголын улсын Ерөнхийлөгч болоод таван сар боллоо. Яагаад нэг удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулдсангүй вэ. Улстөрийн тогтворгүй байдалтай улс орнуудын жагсаалтад Монгол Улс орлоо. Дайн тулаан, шашны мөргөлдөөнтэй улсыг ийм жагсаалтад оруулдаг. Гэтэд бид дайн тулаангүй, шашны мөргөлдөөнгүй хэрнээ улстөрийн тогтворгүй байдалтай улсын нэг болжээ” хэмээн тод томруун хэллээ.
Үүнийг анзаарч тоож байгаа хүн ч алга. Монгол Улсын хувь заяахаашаа эргэж, ард түмний яаж амьдрах нь дээдэст падлийгүй бололтой.
Шинэ Ерөнхийлөгчийг ард түмэн “энэ л арай гайгүй юм хийчих болов уу. Биднийхээ амьдралыг мэдэх юм. Арай шударга байх болов уу” гэж найдаж сонгосон. Ийм байдлаар улаан явбал найдлага маань талаар болох нь ээ.
Өнөөдрийн манай нийгэм ямархуу байдалтай байгааг хэдхэн өгүүлбэрээр өгүүлье.
1990 оноос хойш байгуулагдсан 26 Засгийн газрын ажилласан дундаж хугацаа 1.3 жил байна. Улс төрийн намуудын эрх ашиг төрийн дээр гарч, нам дамжсан бизнесийн бүлэглэл эрх мэдлийн төлөө улайрах нь хэрээс хэтэрчээ. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг дээрэмчин гээд хөөчихсөн. Нэгэн цагт 17 хувь хүрч байсан эдийн засаг элгээрээ хэвтэж, одоо бид мөнгө зарцуулах эрх мэдлээ Валютын сан гэгч гадны байгууллагад өгчихөөд, зээл горьдон сууж байна. Монголчуудын гурван хүний нэг нь ядуу амьдарч байна хэмээн НҮБ зарлачихлаа. Сургууль цэцэрлэг олдохгүй, хүүхдүүд харах хүнгүй гэртээ цоожлогдож байна.
Үргэлжлэлийг …

niigmiintoli.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.