Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2017 11 сар 22
・ 8

Ц.Нямдорж гэж хүн Хууль зүйн сайд болохоороо юу хийдэг вэ. Энэ асуултад хамгийн сайн хариулж чадах хүн нь Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал асан Б.Хурц. Тэр хатуу самрын өмнөөс хэдэн үг унагах төдийд хэнээс ч айдаггүй, шулуун шударга зант, заргач Ц.Нямдорж гуай нам болж, хаа нэг хашааны завсраар бүдэг бадагхан боргох гөлөг мэт болов.
Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болмогцоо шударга үнэнийг дархалж, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор ханцуй шамлан, хормой шуун гарч ирсэнсэн. Түүнийг ийн дальдчуулж, хаяа хатавчаар хааяа нэг цухалзуулахад хүргэсэн Б.Хурцын үг, үйлдлийг эргэн саная.
Б.Хурц: Ц.Нямдорж Хууль зүйн сайд болмогцоо С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийг сольсон. 1998 оны аравдугаар сарын 16-нд Батчулуун сайдын үед Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийг анх байгуулсан байдаг. 2001 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болмогцоо ажлын хэсгийг Тагнуулаас салгаж, ЦЕГ руу хэргийг авсан. Дахин 2006 онд ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсгийг тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Одбаяр байгуулан шинэчилсэн. 2007 оны нэгдүгээр сарын 22-нд мөн л ажлын хэсгийг салгаж, ЦЕГ-ын мэдэлд өгсөн хүн нь Ц.Мөнх-Оргил сайд. Ц.Нямдоржтой хамтран ажилладаг, сайд, дэд сайдын алба хамтран хашиж байсан. Удаан хугацаанд улс төрд хамтран ажиллаж байгаа нөхөд. Хамгийн сүүлд 2015 онд УЕП, ТЕГ, АТГ ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Гэтэл Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болмогцоо мөн л ажлын хэсгийг өөрчлөхөө мэдэгдсэн.
Хардлага: Ц.Нямдорж яагаад өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа ажлын хэсгийг өөрчилж, ЦЕГ руу авчрав. ЦЕГ бол Хууль зүй, дотоод хэргийн яамны шууд удирдлага дор ажилладаг. Өөрөөр хэлбэл, сайдын удирдлага дорх байгууллага юм. Үүнийг бататгаж, мань хүн албаа авмагц цагдаагийн байгууллагын удирдлагуудыг цагийн дотор өөрчилж шинэчилсэн. Ингэснээрээ тэр өөрийн багаа бүрдүүлж, шаардлагатай мэдээллээ авах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Цаашлаад аливаа хэрэгт нөлөөлж чаддаг гэсэн Б.Хурцын үгийг бататгана.
Б.Хурц: Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байгаа. Нэг нь С.Зориг. Нөгөөх нь Эрдэнэт. Эрдэнэтэд өөрөө шахааны бизнестэй.
Хардлага: Үүнийг бататгаж, хүүг нь мөн бүлэглэлийнх нь талаар ч хэлсэн. Улмаар С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй байж болох сэжүүрийг цухуйлгасан. Тухайн үед Ё.Отгонбилэгийн малчид С.Зоригийг хөнөөсөн талаар шуугиж байв. Өдгөө эл хэргийг малчид хийсэн болох нь тогтоогдсон. Хэрэг үйлдсэн этгээдүүдийг гүтгээгүй, жинхэнэ хэрэгтэн мөн гэдгийг Б.Хурц хэлсэн.
Б.Хурц: Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Тэгж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлж чаддаг.
Хардлага: Авлига өгсөн хүн хэргээ хүлээвэл хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Эрүүгийн шинэчилсэн найруулгаар “Өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” бол ялаас чөлөөлөх заалтыг тусгасан. Энэ бол шинэ заалт биш. Урьд нь Эрүүгийн хуульд байсан эл заалт 2009 онд алга болчихсон. Энэ заалт хаашаа алга болсныг хэн ч мэддэггүй. Чухамхүү тухайн үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж байсан гэдэг. Энэ заалт алга болсноор өөрийгөө илчлэх нэг ч хүн гараагүй. Тэнэг л биш бол өөрийгөө илчилж, шоронгийн хаалга татдаг хэн байх билээ. Тиймээс энэ заалт алга болсон нь зарим хүнд ашигтай байхаас аргагүй юм. Юутай ч энэ үеэс эхлэн хууль, шүүхийн байгууллага авлига авдаг, хэргийг хөрөнгөтэй хүний талд шийддэг гэх яриа эрчээ авсан юм даг. Үнэндээ ч Ц.нямдоржийг энэ салбарын сайдаар ажилласан он жилүүдэд хуулийн байгууллага том загас дэгээдэж байсан түүх байхгүй.
Б.Хурц: Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Энэ хэргийг нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Ц.Жаргалсайхан, З.Пагмадуламын хэргүүд байна… Ц.Нямдорж өөрөө биш ч өөр хүнээр хууль боловсруулж, өргөн барьдаг. Эх орноосоо урвасан гэх эрүүгийн хуулийн заалтаар чуулганы хуралдаан дээр маргалдаж, Ц.Нямдорж юу гэж хэлэхийг сонссон байх.
Хардлага: Ц.Жаргалсайхан, З.Пагмадулам нар нь эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж, эцэст нь цагаадсан. Өөрөөр хэлбэл, гурван ч шатны шүүхийн байгууллага дамжиж, Дээд шүүхээс цагаадсан юм.
Үргэлжлэлийг… 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.