Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын шинэ жилийн мэндчилгээ юу илэрхийлэв ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 03 ・ 1
(speech analysis)  
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ
 
Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.
Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. 
Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ.
Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж  өнгөрлөө.
(Эхлэл хэсэг. Алдаа оноогоо дэнсэлж Монголчууд нийтээрээ шийд гаргасан ганцхан үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль байв.
Айсуй 2018 онд монголчууд та бид их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсэж байна.
(Хүсэж байна гэснийг анхаарна уу. Хэдийгээр чиг үүргийн хувьд өөрт нь шууд хамааралгүй ч ажлын байр нэмэгдэх, өрхийн орлого нэмэгдэх эсэхтэй холбоотой ямар ч бодит үйлдлийг Ерөнхийлөгч хийнэ гэсэнгүй. Тэр ердөө л  иргэдтэй адил  хүсэж байна.)
Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. (Мөн л хүсчээ) 
 Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна. 
(Энд төсөөлөл гэж томьёолжээ. Тодорхой зорилт байна гэсэн үг. Ерөнхийлөгч  өнгөрсөн хугацаанд 30 гэр бүл, 60 тэрбумын асуудлаар олонтаа ярьж, АТГ-ын удирдлагуудыг надтай нэгд гэж уриалсан гэх мэтчилэн үйлдэл хийснээ үргэлжлүүлэх нь. Хуулийн байгууллагыг өөрчлөх эсэх нь УИХ-аас хамаарах тул зорилтоо хэрэгжиж чадах эсэхэд Ерөнхийлөгч бүрэн итгэлтэй биш байна. Иймээс ч амлана гэж бус төсөөлж байна гэж өгүүлбэрээ төгсгөжээ) 
2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой.
(Мөнөөх л хүсэл) 
Он солигдох энэ хоромд нийт ард түмэндээ, манай улсад суугаа Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын иргэд, зочдод шинэ оны баярын мэнд хүргэе.
Сайхан монгол оронд минь 2018 он айлчлан ирлээ. Шинэ оноо хамтдаа угтан авцгаая.
Шинэ жилийн мэнд дэвшүүлье. 
(Төгсгөл хэсэг, үндсэн мэндчилгээ)
 
 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ
 
Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, эх орноосоо алс хол, усны урт, газрын холд суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.
Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, ард иргэд, айл өрх бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. (Эхлэл хэсэг) 
 Улиран одож буй 2017 он өөрийн гэсэн онцлог, тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа.
(Эзэн биегүй дүгнэлт болжээ. Хэнд ямар ухаарал, сургамж хайрлав?) 
 Монгол Улсын Засгийн газар тодорхой амжилт бүтээлтэйгээр хуучин оноо үдэж, хийж бүтээх их ажлын эхлэлтэйгээр шинэ онтойгоо золгож байна. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл, өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид гурван сая хоёр зуун мянгуулаа боллоо. 
(Засгийн газрын амжилт бүтээлтэй холбоотой өгүүлбэрийг өнгөрсөн онд шинэ төрсөн хүүхдийн тоо бүхий сэдэвтэй холбосон нь оновчтой бус байна) 
2017 онд манай улс олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд улс орныхоо өмнө тулж ирээд байсан санхүүгийн эрсдэлийг амжилттай даван туулж чадлаа. (Хойшлуулж чадлаа гэвэл бодитой болох байв. Учир нь Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд гагцхүү  нэр бүхий зээлүүдийнхээ хугацааг л сунгаж байгаа. Төлөх цаг мөчийг л хойшлуулж байгаагаас бус эрсдэлийг  даван туулаагүй.) 
Хэдхэн хоногийн өмнө Олон улсын үнэлгээний агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгон өөрчилснөө олон улсад зарлалаа. Энэ бол манай улсын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. 
(Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөн  нь Монголын эдийн засагт  эерэгээр нөлөөлсөн гэж мөнөөх агентлаг нь дүгнэсэн бөгөөд зэрэглэл дээшилсэн нь төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сайжирсан гэсэн үг. “Ногоон гэрэл”, эдийн засгийн сэргэлтийн тухай ярихад арай эрт.) 
Улсын эдийн засаг 2016 онд -1.4 хувь хүртэл унаж байсан бол 2017 онд 5.8 хувьд хүрч өсөөд байна. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2.5 дахин нэмэгдэж 2.3 тэрбум ам.доллар боллоо. (Нэгдүгээрт, Учир шалтгааныг нь бичсэнгүй. Ямар субьектуудын хийсэн ямар гадаад худалдааны үр дүнд өсөв? Хоёрдугаарт валютын нөөц өссөн нь мөнгөний бодлогод ямар нөлөөлөл үзүүлсэн нь тодорхойгүй. Үе үеийн баригчдын суртал ухуулгаар бол гадаадын хөрөнгө оруулалт, валютын нөөц нэмэгдэх тусам төгрөгийн ханш буурах ёстой. Гэтэл валютын нөөц 2.5 дахин нэмэгдсэн гэх атлаа 2018 оны 1 сарын 1-ы байдлаар нэг америк доллар 2427 Монгол төгрөгтэй тэнцсэн хэвээр байна ) 
Долларын ханш ч бууж эхэллээ. (Илт худал дүгнэлт. Бодит бус магтаал, дөвийлгэсэн мэдээлэл иргэдийн дургүйцлийг л улам төрүүлдэг. Ядаж "тогтоон барьж байна" гэж томьёолох байж) 
Монгол Улсын экспорт анх удаа зургаан тэрбум ам.долларт хүрч өслөө. 
(Аль салбарт ямар бүтээгдэхүүний экспорт өсөв гэдгийг дурьдаагүй тул мөн л тодорхойгүй өгүүлбэр болов. Учир шалтгааныг нь ч бичих нь зөв. Учир шалтгааныг бичсэнээр уг өсөлт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой юу? Эсвэл зүгээр л гадаад хүчин зүйлийн үр дүн үү? гэдэг нь тодорхой болно)
 Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг 2016 онтой харьцуулахад хоёр дахин багасгаж ДНБ-ий есөн хувьд хүргэж чадлаа. 
(Бодитой. Гэхдээ ОУВС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнд гарсан амжилт болов уу?)
Энэ бүхэн Монголчууд бидний хувьд чамлахааргүй амжилт юм.
Эх орон нэгт Монгол ахан дүүс ээ,
Та бид өрнүүн их ажил хүлээсэн 2018 онтой золгож байна. Манай Засгийн газрын бодлогын төвд монгол хүн, Монгол Улсын иргэн та байх болно. Шинэ онд Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, эрчим хүч, газрын тосны үйлдвэр барих зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлж эхлэх болно. (Газрын Тосны Үйлдвэр барих гэснийг эс тооцвол тоо ширхэг, хэмжээ, хэмжих нэгжид үндэслэсэн тодорхой зорилт алга. Мөн хэрэгжүүлнэ бус хэрэгжүүлж эхлэх болно гэсэн төгсгөл нь дээрх ерөнхий амлалтууд ч өөрөө ирэх онд үр дүнгээ үзүүлж эхлэх эсэх нь тодорхойгүй болохыг илтгэнэ)
Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно. ( Нэг ёсондоо гэж эхэлсэн энэ өгүүлбэр өмнөх өгүүлбэрийнхээ санааг оновчтой товч илэрхийлэх бус улам ч тодорхойгүй болгожээ) 
Ирж буй 2018 онд монголчууд бид амжилт ололтоо улам бататгаж, алдаа дутагдлаа засч, ахуй амьдралаа өөд нь татаж, ашиг орлогоо нэмэгдүүлж, учирч болох сорилт бэрхшээлийг ухааны ур, эвийн хүчээр даван туулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө эр зориг гарган эрч хүчтэй хамтран ажиллах учиртай. (Хэт ерөнхий, гэхдээ зөв уриалга)
 Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, бас биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол тусгаар тогтносон Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно. 
(Монгол Ардын Нам Монголчуудынхаа сайн сайхны төлөө зүтгэнэ гэх амлалтыг тус намын үзэл суртлын гол шугам, үндсэн томьёолол болох Тусгаар тогтнолын үнэ цэнийг сануулсан өгүүлбэртэй холбожээ.)
 
Ирж буй шинэ онд иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт монгол ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.
Бадамласан галын дөл өөдөө байдгийн адил баатарлаг түүхт Монголын минь хувь заяа мандан бадрах болтугай.
(Төгсгөл хэсэг) 
 
 
Ерөнхий дүгнэлт:
 
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ 2018 онд хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чиглэлд тодорхой зорилттой байгаа,  түүнийхээ үр дүнг ч урьдчилан төсөөлж буйгаа илэрхийлэв. Энэ нь ч зөв бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр чухамдаа нийгмийн тэгш бус байдал, цөөн тооны олигархи гэр бүл, нам дамжсан улс төр, мөнгөний бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийлж, олон нийтийн дэмжлэгийг авсан билээ. Гэхдээ өөрийнх нь шууд бүрэн эрхэд хамаарах батлан хамгаалах салбар, гадаад бодлогын чиглэлээр ямар бодлого явуулах зорилттой байгаа эсэх нь түүний маш товч мэндчилгээнээс огт мэдэгдсэнгүй. Нийгэмд хамгийн их хүлээлттэй байгаа ажлын байр, бүтээн байгуулалт, аюулгүй орчин зэрэг асуудлаар ч тодорхой шийдэл үгүй, жирийн иргэдтэй яг адил сайн сайхныг л  “хүсэж байна” гэсэн хүч сул хэлбэрээр байр сууриа илэрхийлжээ.
 
2. Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээнд мөн л гадаад харилцаа, санхүү, мөнгөний бодлогын чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байгаа нь огт илэрхийлэгдэлгүй үлджээ.Тавантолгойн орд, Оюу Толгойн уурхайг цахилгаанаар хангах төсөл, Эгийн Голын цахилгаан станц зэрэг эдийн засгийн мега төслүүдийг хөдөлгөх зорилт байгаа эсэх нь ч огт дурьдагдсангүй. Мөн хачирхалтай нь анх томилогдохдоо амлаж байсан сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар ч ганц үг дуугарсангүй.
Өнгөрсөн оныг дүгнэсэн догол(абзац)-ыг ажиглавал зөвхөн нааштай гэсэн бүхнийг хаман тоочих, ингэхдээ зарим тохиолдолд хэт дөвийлгэх, зарим баримтыг бүр илт гуйвуулан зохиох (Долларын ханш ч бууж эхэллээ) тохиолдол байна. Энэ нь У.Хүрэлсүхийн анх томилогдохдоо амлаж байсан “Зөвхөн бодит үнэнийг л ард түмэндээ хэлж байна” гэх амлалтаас зөрж байгаа юм. 2017 оны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралыг хэт дөвийлгэсэн, амжилтын цуглуулга маягаар биш алдаа, оноог бодитоор нь шүүсэн хэлбэрээр мэндчилгээндээ тусгаж гэмээн У.Хүрэлсүхэд хэрэгтэй байлаа. Учир нь Монголд болохгүй зүйл их байгааг иргэд угаас мэдэж байгаа, тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод 100 ч хоноогүй л байна шүү дээ. Иймээс ч нөхөрсгөөр зөвлөхөд “Хуурамч магтаал хэзээ ч тус болдоггүй”-г Монголын улс төрийн 27 жилийн амьдралын практик харуулсан юм шүү! Ерөнхий сайдаа.  
Эцэст нь дүгнэхэд Монголын  аль ч нам, хэн ч гэдэг төрийн өндөр албан тушаалтан аливаа илтгэл, мэндчилгээ зэрэгтээ бодитой тоо баримт бүхий зорилт, шударга, илэн далангүй нээлттэй санаа бодол зэргээс илүү олны сэтгэл хөдлөлийг төрүүлэхэд чиглэсэн гоёчлол, дөвийлгэлт, хэт ерөнхий уран үгс зэргийг өнөөг хүртэл түлхүү ашиглаж буй нь гунигтай. Манай өмнөд хөрш БНХАУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны шинэ жилийн мэндчилгээнд гэхэд л өнгөрсөн оныхоо үйл ажиллагааг: “Хятадын ДНБ 80 их наяд юань хүрч, хот хөдөөд 13 сая гаруй шинэ ажлын байр гарган, нийгмийн өндөр насны асрамжийн даатгал 900 сая, эм эмчилгээний үндсэн даатгал 1 тэрбум 350 сая хүнийг тус тус хамарч, хөдөө орон нутгийн 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж чадлаа. Ядуу амьдралтай 3 сая 400 мянган иргэнийг нүүлгэн төвхнүүлж, шинэ орон сууцтай болгосон бол гэр хорооллын 6 сая орон сууцыг товлосон хугацаанаас нь өмнө засаж шинэтгэлээ.” гэх мэтчилэн гагцхүү тоо баримтанд тулгуурлан дүгнээд ирэх онд хийх ажлаа дэлхий дахин, бүс нутаг, өөрийн орны хөдөө нутагт гэх мэт сегмент бүрт чиглэсэн зорилтуудаараа тодорхойлсон байх юм.
Тодорхой зорилт нь бодитой үр дүн авчирдаг билээ.
 
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
 
www.facebook.com/PoliticalanalystGalariv/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Дао Фу Санг / 2018 01 сар 04/

    МАН-ын хятадын эрлийз тарган лантгар дарга нарын хошногонд шүүлтүүр суулгах хэрэгтэй.Тэдний халуун ногооны ялзарсан хийтэй унгас хий нүүрсний утаанаас хэд дахин илүү хор хөнөөлтэй.

    Хариулах