Ханиад, томууны үед хүүхдээ асарсан эх, эцэгт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 03

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай  /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгов.

Хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм.

Цаашид нийслэлийн 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, “Хүрээ” амаржих газрыг шилжүүлэн суурин дээр нь 300 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос гурав, сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар илүү гэсэн үг юм. Өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэл насны хүүхэд эзэлж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх