Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 02 сар 27
・ 1
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайханыг ажлаа асар муу хийж байгаа тул огцруулах нь зүйтэй гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзсэн байна.
Тодруулбал, томилогдоод удаагүй байгаа НИТХ-ын дарга С.Амарсайхан нь НИТХ-ын хуралдааны дэг зөрчсөн, иргэдийн хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, НИТХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа, хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа аж.
Өнөөдөр нийслэлчүүдийн 57 хувь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор хотын даргын өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай болсон бөгөөд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байгаа юм. Үүнийг АН-ын бүлэг эсэргүүцсээр байна. Улмаар уг хөтөлбөрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, мэргэжлийн байгууллага, гэр хорооллын иргэдийг оролцуулсан Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Улмаар АН-ын бүлэг НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах нь зүйтэй гэсэн саналыг орууллаа.
Тэдний тайлбарлаж байгаагаар С.Амарсайхан нь НИТХ-ын хуралдааны дэг зөрчсөн, иргэдийн хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, НИТХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа, хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа аж.
Тодруулбал, НИТХ-ын хуралдааны дэгийн 4.4-т “Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар тогтоож, таваас доошгүй хоногийн өмнө хуралдааны товыг зарлана” гэж бий. НИТХ-ын хуралдааны дэгийн 11.6-д “Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. Гэтэл нь өнөөдөр хэлэлцэж буй “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл”-ийг дэгийн энэ заалтын дагуу хэлэлцэх боломжгүй байна. Учир нь тэргүүлэгчдийн хурлын материал, нэгдсэн хуралдааны материал зөрүүтэй байна. Тэргүүлэгчдийн хурлын материалыг өөрчилж хувилсныг НИТХ-ын ажлын алба төлөөлөгчдөд тараасан байна. Тараасан материалын зарим тодорхой тоо баримтаас эш татвал 2018 оны 2 дугаар сар 14-ний өдөр хуралдахад өргөн барьсан материалд тус хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2018-2021 он гэж байсан бол 2018-2022 он болж өөрчлөгджээ. Мөн өмнөх материалд 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан гэсэн бол дараагийн материалд 360 гэжээ.
Мөн Иргэдийн хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна гэж АН-ын бүлгээс үзсэн байна. Тэд үүнийгээ НИТХ-ын хуралдааны дэгийн 4.3-т “Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам,эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдааныг хуралдуулна” гэж заасан. Гэвч НИТХ-ын ирц бүрдэхээ больсон. Ажлын хороодын хурлын ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Нэг нам дийлэнх олонхио бүрдүүлсэн ИТХ-ын ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаагийн улмаас ажлын хороодоос нэгдсэн хуралдаанд оруулах тодорхой санал гаргаж чадахгүй гацаж байна.Энэ бол НИТХ-ыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй асуудал юм хэмээн тайлбарлаж байна.
Үүнээс гадна хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа гэж АН-ын бүлэг үзжээ. Тодруулбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулж, 02 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар НИТХ нь Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг дүгнэж хэлэлцээгүй байна.
Мөн НИТХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа.Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна. Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна.
Ийм үндсэн дөрвөн шалтгааны улмаас НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байгаа аж. Тэд саналаа дөнгөж сая хурлын даргад өгсөн юм.
Уг саналыг НИТХ-аар хэлэлцэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.