“Сүрчиг” роман хэвлэгдэн гарчээ (видео)

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 01

УЛААНБААТАР, 2018-03-01 13:11, ES AGENCY

    Германы орчин цагийн нэрт зохиолч Патрик Зюскиндийн гайхалтай бүтээл болох “Das Parfum” буюу “Сүрчиг” роман монгол хэлнээ орчуулагдан гарчээ. 

 

    Энэхүү зохиол Ремаркийн үеэс хойш герман хэл дээр бичигдсэн хамгийн алдартай романаар тодроод буй. Уг романыг бүтээхийн тулд зохиолч маш их судалгааны ажил хийжээ.



 

    Зюскинд ирээдүйн романыхаа үйл явдал өрнөх газруудаар хөндлөн гулд явсан бөгөөд “Фрагонард” пүүст гоо сайхны энгэсэг, бүтээгдэхүүн урлах нууцад удаан хугацааны туршид нэвтрэн суралцжээ. Түүнчлэн уран зохиол болон мэргэжлийн олон тооны эх сурвалж, номыг уншиж судласнаа роман бичихдээ өргөнөөр ашигласан гэдэг. 

 

patrick zuskind зурган илэрцүүд

 

    “Сүрчиг” роман нь гайхалтай амжилт олж, шуугиан дэгдээсэн нь түүнд маш их урам зориг өгч, шинэ, илүү даацтай бүтээлүүд болох “Хүүхэн хонгор. Гурван түүх, нэг ажиглалт” (1987), “Зоммер хааны түүх” (1991) романууд гараас нь гарчээ. Гэхдээ түүний хамгийн их амжилт олсон бүтээл бол “Сүрчиг” роман юм. Номоо хэвлүүлснийхээ дараа тэрбээр “Ийм роман бичнэ гэдэг аймшигтай зүйл шүү. Би дахиж ийм бүтээл туурвиж чадна гэж бодохгүй байна” хэмээн чин үнэнээ нуулгүй хэлсэн гэдэг. 

 

    Түүний эгэл даруу, зожигдуу байдал өөрийн гэсэн онцлог зарчимтай аж. Зюскинд цөөхөн бүтээл туурвисан ч тэр бүгдэд сүрхий сэтгэл судлаач, шооч хүн гэдгээ харуулж чаджээ. Түүний зохиолын баатруудын дийлэнх нь тогтсон хэм хэмжээнээс хазайсан, оюуны хомсдолтой юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байх нь бий. Хүмүүний сэтгэл дотор булгилж байдаг элдэв зөрчилдөөнийг олж нээхэд зохиолуудынх нь санаа чиглэжээ. Амьдрал дээр ч гэсэн Патрик Зюскинд их энгийн, даруухан хүн аж. Бүрэг нэгэн бөгөөд ярилцлага өгдөггүй, хаалттай хүн гэлцдэг. 

 

    Зюскиндийн “Сүрчиг” роман хэмжээгээр том биш, зангилаа нь айхтар ээдрээтэй биш ч гэлээ уншигчийг байнгын догдлол, санаа зовнилд автуулж байдаг юм. Зохиолч амьд сэрүүндээ сонгодгуудын тоонд багтаж чадсан билээ. Хэр баргийн зохиолчийн уран зохиолын эрэл хайгуулд хүйтэн хөндий ханддагаараа алдартай францууд хүртэл Зюскиндийн бүтээлүүдийг шимтэн уншдаг нь нэгийг хэлэх буй за.

 

    “Сүрчиг” роман нийтдээ 20 сая орчим хувиар хэвлэгдэж, дэлхийн 50 гаруй хэл дээр орчуулагдсан бөгөөд дэлгэцийн бүтээл хүртэл болсон юм. Дэлхийн нэр алдартай найруулагчид П.Зюскиндийн зохиолыг кино болгох санал тавин зөвшөөрөл хүссэн ч номын зохиолч маань зөвшөөрөлгүй тас гүрийсэн гэдэг. Харин тэрбээр хожим нь зөвхөн өөрийн анд, продюссер Бернд Айхингерт л сая нэг бууж өгсөн байна. Айхингер цагтаа хэзээ ч дэлгэцийн бүтээл болгох аргагүйд тооцогдож байсан зохиолч Умберто Экогийн “Розагийн алдар” романыг гайхалтай кино болгож чадсан билээ. Олон жил хүсэн хүлээгдсэн кино бүтээл 2006 оны есдүгээр сарын 14-ний өдөр дэлгэцэнд гарч ихээхэн шуугиан дэгдээсэн юм. 

 

“Сүрчиг” романыг орчуулагч О.Чинзориг монгол хэлнээ буулгаж уншигчдын хүртээл болгосон аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх