Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн сард томилжээ.

Түүнийг томилохдоо Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаазын ялыг халах санаачилга гаргаж, УИХ холбогдох эрх зүйн зохицуулалтыг баталсныг үндэс болгосон тухай гадаадын хэвлэлүүд онцолсон байна.

Цаазын ялын эсрэг олон улсын комисс нь 2010 онд Мадрид хотноо Испани  улсын санаачилгаар байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хамгаалах олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан хараат бус 16 бүрэн эрх төлөөлөгчтэй аж. Одоогийн байдлаар тус комисст  Алжир, Аргентин, Бельги, Доминикан, Франц, Итали, Казахстан, Мексик, Монгол, Норвеги, Филиппин, Португали, Өмнөд Африк, Испани, Швейцарь, Турк зэрэг 18 улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүмүүс төлөөлөгчөөр ажилладаг байна.

Энэхүү комисс олон улсад цаазын ялыг бүхэлд эсвэл хэсэгчлэн халахын тулд ухуулга сурталчилгаа явуулах, цаазаар авах ялыг идэвхтэй ашигладаг улс орнуудыг лоббидох, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой аж. Ийнхүү цаазын ялыг халахын төлөө тууштай зүтгэсэн экс Ерөнхийлөгч олон улсын байгууллагын төлөөлөгч болсон бол нөгөө талд адилхан АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхийн төлөө ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр, хүчингийн гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхгүй байх асуудлаар шалтаглан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Цаазын ялыг сэргээх ажлын хэсэг байгуулснаа зарласан төдийгүй Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлээд амжсан. Нэг нам, бүр нарийн яривал адилхан МоАХ-аас гаралтай шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгчийн эсрэгцэл хэрхэн өрнөхийг харах л үлдэв бололтой. 

 Үндэсний шуудан сонин