Г.АЛТАН: БАЯРСАЙХАН ЧИ БОЛИОЧ ЭЭ. БИ ШҮҮХЭД ХАНДАНА

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 19 ・ 4

“Алтжин” группын захирал Г.Алтантай ярилцлаа. Түүнтэй холбогдоход “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу дайрсан үйлдэл хэрээс хэтэрч тогооноос халиад байнаа. Тэвчээрийн хязгаар гэж байдаг юм. Аргагүй эрхэнд энэ ярилцлагыг өглөө. Үндсэн ажил ихтэй завгүй хүнд ярилцлага өгнө гэдэг их цаг зав зарсан түвэгтэй байдаг юмаа” гэлээ.


-Хамгийн сүүлийн үеийн үйл явдлаас яриагаа эхэлье. Хэд хоногийн өмнө таныг “Алтанбулаг” боомтоор хил давах гэж байгаад саатуулагдсан гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тийм юм огт болоогүй ээ.

-Танд болон таны хүүд хилийн хориг тавьсан гэдэг үнэн үү?

-Энэ бол худлаа.

-Эрдэнэтийг Стандарт банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө зээлсэн асуудалд таны нэр холбогдож байна.Энэ асуудлаар таныг хүчний байгууллагаас дуудаж, байцаалт авсан уу?

-Байцаалт аваагүй. Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. "Жаст" группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.

-“Олон овоот” гэж хэл амны бай болсон нэг уурхай байна. Та энэ уурхайг хэр сайн мэдэх вэ. Энэ алтны уурхайд Ш.Батхүү та хоёр хамтарч хөрөнгө оруулсан гэдэг нь үнэн үү. “Олон овоот”-оос л болж Стандарт банкнаас зээлсэн өр зээл яригдаж байгаа болохоор асууж байгаа юм?

-Олон овоот анх "Монгол газар"-ын Мянганбаярын эзэмшилд байсан юм. Мянганбаяр Батхүүгийн "Жаст Ойл" ХХК-аас 40 тэрбум төгрөгийн шатахуун зээлээр авчихаад (тэр үед бол 40 сая ам.доллартай тэнцэнэ) Батхүү мөнгөө авч чадахгүй аргаа барахдаа энэ уурхай Батхүүд шилжсэн. Тэгэхэд Мянганбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлэн худлаа 20 тонн алтны нөөцтэй орд гэсэн нөөцийн сангийн бичиг баримтаар шатахууныхаа өрийг хаагаад хажууд нь "Анод", "Зоос" банкнаас авсан 100 тэрбум төгрөгийн зээлийг Батхүүг төлөхөөр дарамт шахалтад оруулан үүрэг хүлээлгүүлээд үндсэндээ 200 тэрбум гаруй төгрөгийн өр ширтэй Олон овоотыг Батхүү авсан байдаг юм. "Стандарт" банкны зээлийн хувьд Олон овооттой огт хамаагүй "Стандарт" банк "Жаст групп" ХХК-д зээл олгосон байдаг юм.

-Саяхан Төрийн банкны захирал хэвлэлд “Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай” гэж ярилцлага өгсөн. Та Ш.Батхүүтэй хэдийнээс хамтарч ажиллах болсон бэ?

-Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Батхүүд зээл өгч Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?

Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан байдаг шүү. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Баярсайхан чамд хандаж хэлэхэд: Аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа? Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана.

-Ш.Батхүү танай хүү Эдуард Сүрэнгээс 32,8 сая доллар зээлэхдээ “Хадгаламж” банкаар баталгаа гаргаж өгсөн гэдэг. Удалгүй “Хадгаламж” банк дампуурч Төрийн банк үйл ажиллагааг нь шилжүүлэн авсан. Харин Төрийн банк таны 32,8 сая долларыг төлөх ёсгүй, хуурамч батлан даалтын баримтууд шүүхэд гаргаж өгсөн гэж баримттайгаар мэдэгдлээ. Танд баримт байгаа юу?

-"Хадгаламж" банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ын шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ.

-Ш.Батхүү захирал тэр мөнгөө өөрөө төлж чадахгүй байсан уу, эсвэл банкаа дампууруулж, Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөө төрөөр төлүүлэх арга байсан гэж бодож байна уу?

-Батхүүгээс банкыг хураан авч улмаар дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан. Өөрийн 100 хувь эзэмшлийн банкаа өөрөө дампууруулаад хов хоосон болно гэж байх уу. Тийм бодол яаж санаанд бууж байнаа. Бид бүгд аливаа худал үнэн интернэт орчинд цацагдаж байгаа давлагааг эргэцүүлэн бодож дүгнэлт гаргахаас залхуурч залхуугийн тэнэглэл гэдэг юманд орчихжээ.

-Шүүхийн шийдвэр танай хүү Эдуард Сүрэнгийн талд гарсан ч нөгөө талаас банк өгөхгүй гэж байгаа. Та энэ мөнгөө олж авна гэдэгт итгэлтэй байна уу?

-Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол шүүх байгаад ч ер нь яах билээ.

-Э.Сүрэнгийн мөнгийг Төрийн банкнаас гаргуулж "Стандарт" банкнаас зээлсэн мөнгөний тодорхой хэсгийг төлөх гэж байгаа гэсэн яриа байсан. Үүн дээр та ямар хариулт өгөх вэ?

-Сүрэн Төрийн банк хоёрын хооронд үүссэн асуудал нэг хэрэг. "Стандарт" банкнаас "Жаст" групп зээл авсан нь шал өөр асуудал. Энэ хоёр асуудлыг хольж солихоо зогсоомоор байна.

-Та томхон харилцагчийн хувьд “Хадгаламж” банк яагаад дампуурсан гэж боддог вэ. Үнэхээр үйл ажиллагаа нь доголдож дампуурсан уу, өөр нөлөө байсан уу?

-“Хадгаламж банк” гэж нэг түрээсийн өрөөнд хэдхэн хүн суудаг байсан газрыг дээрээс нь Монгол шуудан банкыг нэгтгэж аваад 506 салбартай актив нь хэдэн их наяд хүртэл ажиллуулж чадсан нь Батхүүгийн гавьяа. Хадгаламж банкны дүрмийн санд тэр үеийн ханшаар 90 сая ам.доллар Батхүү хийсэн байдаг. 506 салбар нэгжийг асар их хөрөнгө зарцуулан хөл дээр нь босгож ирсэн. Зүгээр л хүний идэш Батхүү бэлдээд, бүтцийг нь бүрдүүлээд хөгжүүлээд өгчихлөөр бүлэглэлийн хараанд өртөж банкаа булаалгасан. “Хадгаламж” банкийг дампууруулах гол шалтгаан энэ болсон. Тэр бүлэглэл одоо ч гэсэн санаагаа гүйцэлдүүлэхээр чармайж байгаа.

-МАН танаас мөнгө зээлж Лениний музей буюу одоогийн Үлэг гүрвэлийн музейн байрыг барьцаанд тавьсан гэж шуугиан хэдэн жилийн өмнө гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа.

-Таныг одоогийн Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой их холбож ярьдаг. Ямар холбоотой юм бэ. Найз нөхөд үү, хамаатан садан уу, нутгийн хүмүүс үү?

-Хэзээ ч уулздаггүй мөнхийн нууц амрагууд даа. (гэж хэлснээ инээв). Тэгж л бичдэг шүү дээ.

-Ц.Нямдорж Эрдэнэтийн захиралд Г.Алтанг зүтгүүлж байгаа гэж нэг хэсэг шуугьсан. Дараа нь Төрийн банкийг хувьчилж Алтанд өгөх гэж байна гэсэн. Одоо таныг "Стандарт" банкнаас авсан зээлтэй холбоотой, эсвэл Төрийн банкнаас хууль бусаар баахан мөнгө авах гэж байгаа юм шиг мэдээлэл цацагдаад байна. Яагаад энэ асуудлууд гэнэт нэг цаг хугацаанд гарч ирээд байна вэ?

-Ц.Нямдорж сайдыг л гүтгэж муулах гэхээр л олны нүдэнд болж бүтэхгүй юм хийдэг Алтан гэнэт гарч ирээд л бүх юмны захирал, дарга нь болоод харсан болгоноо хамж авах гээд байдаг мангас мэтээр дүрслэгдээд байх юм. Мөн чанартаа бүгд худлаа. Алтан, Нямдорж хоёрыг үзэн ядах давалгааг бий болгуулах зорилготой л тийм зүйл хэсэг бүлэг хүмүүс захиалгаар хийгээд байгаа юм аа.

-Та сүүлийн үед тун чимээгүй байлаа. Монголд амьдарч байна уу, гадаадад байгаа юу?

-“Зөвхөн Монголдоо” гэдэг билүү...

-“Алтжин” групп одоо ямар чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Ямар бизнест хөрөнгө оруулалт хийж байна?

-Бизнес урагштай явж байгаа. Бизнесээ нээж дэлгээд байдаггүй зарчимтай.

-Галд шатсан “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд худалдаа эрхэлж байсан хүмүүсийн хохирлыг бүгдийг нь барагдуулж чадсан болов уу гэж сонирхох хүмүүс байдаг. Бүгд гомдолгүй болсон уу?

-Бүх хохирлыг барагдуулж дууссан. Долоон тэрбум гаруй төгрөгийн хохирол төлж бүгд гомдолгүй болсон.

-Таныг Анагаахын дээдэд тархи судлалаар багшилж байсан гэдэг. Яагаад бизнест орох болсон бэ.

-29 насандаа тархи судлалаар эрдмийн зэрэг хамгаалж Анагаахад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би өөрийгөө шинжлэх ухаан судлаач биш гэдгээ ойлгосон. Харин бизнесийн салбарт оролдоод үзье гэж шийдсэн нь зөв сонголт болсон гэж боддог. Тэгэхдээ олон жил ном уншсаны гавьяа их гарсан шүү.

-Аль нутгийнх вэ. Аав, ээжийнхээ талаар...

-Манай аав Увс аймагт төрсөн Цэндийн Готов гэж хүн. 18 насандаа хот орж ирсэн. Эх барих эмэгтэйчүүдийн нэр хүндтэй эмч, эрдэмтэн, багш хүн байсан. Миний ээж бол хотын хүн.

-Та олон жил бизнес хийж байгаа хүн. Монголын төр бизнес хийхэд хэр ээлтэй вэ. Ялангуяа одоо цагт?

-Бэрхшээл дарамт үзүүлэхгүй л байвал миний хувьд боллоо.

-Нам хоорондын биш бүлэглэл хоорондын дайн өрнөж байна гэдэг. Бизнесийн жам ёсны өрсөлдөөнөөр биш хэн улстөрчдөд ойр, мөнгө өгч байна тэр хүний бизнес урагшилж байна. Ийм шударга бус, чөтгөрийн тойргоос яаж гарах вэ. Яавал Монголд бизнесийн эрүүл, эрх тэгш орчин бүрдэх бол...

-Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю шиг хээл хахууль, хулгай хийдэггүй нөхцөл бүрдүүлж үнэхээр өөрийн компаниа цэцэглүүлж, хөгжүүлж байгаа юм шиг улс эх орноо удирдаад хөгжүүлж цэцэглүүлж чадвал энэ чөтгөрийн тойргоос гарна.

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 03 сар 03/

    Хатуу,хариуцлагатай нийгэмтэй болбол Монгол улса аврагдана. Эс бөгөөс ардчилал хүний эрх гэж хуцалдаж байгаад хүний эрхэндээ живж сөнөх болно

    Хариулах
  • Зочин / 2022 03 сар 03/

    Монголд тогтсон золбин ардчиллыг ардчилсан намтай нь устгаж ардчилал, хүний эрх нэрээр хотод шавсан хөдөөний золбингуудыг хөөж гаргаад, хятад солнгос эзэнтэй баар,саун зочид буудлуудыг улсад хураан авч эздийг нь баривчлан маш нууц байдалд хээр аваачиж буудаж алаад махыг нь араатанд өгч идүүлэх хэрэг

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Ter bombgor shatxad Nyamdorj ochiod chamtai xamt zogsoj bailuu ugyi yu,tv iinxen,mantajilsan yum bolvuu.

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Мянганбаяраас болчихсон юм биш үү энэ хэрэг чинь...

    Хариулах