Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 03 сар 27
・ 9

Сүүлийн үед Засгийн газар бүр, Ерөнхий сайд болгон “Газрын тосны үйлдвэр барина” гэдэг үгтэй боллоо. Үнэхээр жилд 600 гаруй сая ам.доллар буюу сардаа 40-50 сая ам.долларын газрын тос импортлодог Монгол улсад ийм үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин хийж чадсан нь одоогоор алга байна. Тиймээс хийнэ гэж хэлэх Ерөнхий сайдаас “Чадах уу” гэж асуухаас гадна “Чадвал чадсан шиг чадаарай. Чадахгүй бол сэтгэлийн хөөрлөөр бүү алдаарай” гэж хэлмээр санагдах боллоо.
1998 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав Налайхад тавигдаж байлаа. Тэрнээс хойш ийм чиглэлийн үйлдвэрийн арав гаруй төсөл яригдаж байсан ч бодит болж биежсэн нь нэг ч алга байна. Нэг хэсэг бараг л хүн бүрийн цүнхэнд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл явж байлаа. Гэхдээ тэднээс жинхэнэ ажил болох нь цөөхөн, зөвхөн ийм үйлдвэр барих хэрэгтэй юм чинь гэдэг үүднээс цуглуулсан санаанууд явдаг байлаа. Сүүлдээ аль нам гарна, тэр намын дэмжлэгтэй төсөл хэрэгжих магадлалтай гэсэн яриа ч гардаг болсон. Сүүлийн гурван Засгийн газар л гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар мэдэгдсэн ч байршил нь байнга өөрчлөгддөг нь дээрх тааврыг батлаад байх шиг. Уг нь Монгол орны онцлог, дэд бүтэц, хөрсний бүтэц, усны нөөц, бусад дагалдах нөхцлүүдээ хараад үзэхэд тэгж энд тэнд үсрээд баймааргүй.Тэгэхээр бодит нөхцөл байдлаас илүү ашиг сонирхлууд хүчтэй нөлөөлдөг байж болох юм. Шийдлийн Засгийн газар 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаараа үйлдвэр барих байршлыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум гэж онцолж байлаа. Тухайн үедээ усны нөөц, байршлынхаа хувьд Дорнодоос олборлосон түүхий нефтиэ шугам хоолойгоор татвал ложистикийн хувьд ашигтай байрлал гэж үзэж байв.
Харин үүнээс ердөө арван сарын дараа Засгийн газар тэс өөр байрлалыг илүү гэж үзсэн. Ялгаа нь Засгийн газрын эрх өөр улс төрийн хүчинд шилжсэн, Шийдлийн нэр нь Мэргэжлийн болж өөрчлөгдсөн байлаа.
2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний хурлаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн байдаг юм. Ингэхдээ Засгийн газар, Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсныг мэдэгдэж байв. Гэхдээ бас л ажил болж эхлээгүй.
Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаараа Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Тус сумын 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, энэ оны хоёрдугаар улирлаас бүтээн байгуулалт эхлэх болсныг зарлаад байна. Ерөнхийдөө эхний байдлаар 20 км урттай төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх талаар мэдэгдсэн юм. Мөн үүнтэй зэрэгцэн “Энэ төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавьж ажиллана” гэж зарласан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Зоримог эрмэг зантай Ерөнхий сайдыг хэлснээрээ хичээх байх гэж найдавч энэ чухал төсөл дээр илүү анхаарч, ажиллахгүй бол “МАН болгож нэр өөрчилсөн нь сонгуульд ялагдахад хүргэвэл би хариуцлагыг нь хүлээнэ” гэж хэлээд тэгсгээд алга болсноос нь илүү хариуцлагатай шүү гэдгийг анхааруулмаар байна. Нам нь ялагдсан нь улс төрийн нэг намын хэрэг байсан гэж үзэж болох ч газрын тос боловсруулах үйлдвэр дээр алдвал үндэсний эрх ашиг, улсын аюулгүй байдал, олон түмний итгэл, хөрөнгө төсөв, ирээдүйд олох ашиг орлого гээд зүгээр өнгөрөөхийн аргагүй том асуудал.
Ялангуяа улсын хөрөнгөөр хийх гэж байгаа энэ том төсөлд алдах эрх байхгүй билээ. Ерөнхий сайд асан Д.Содном ил захидалдаа “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг тооцоо судалгаанд үндэслэсэн, ашигтай байхыг баталгаажуулсан төслийг сонгож байж гаргах ёстой. Зарим эрх мэдэлтэн боловсрогдсон техник, эдийн засгийн үндэслэл байхгүй байхад Дорноговь аймагт үйлдвэр барих шийдвэр гаргасан, энэ оны эхэнд хөрөнгө зарж хэрэгжүүлж эхэлнэ гэж сонин телевизээр зарлаж байна. Хэт том төсөл хэрэгжүүлэхэд хэтэрхий гоомой, хариуцлагагүй хандаж байна” хэмээн шүүмжилсэн байдаг. Үнэхээр Дорноговийн Алтанширээ сумд байгуулах нөхцөл, боломжийг хэн хэзээ судалж, ТЭЗҮ-ийг нь гаргасан юм бол. Дарханд барих боломж нөхцөлийн талаар төрийн шагналт, сайд агсан Т.Намжим гуай маш нарийн тооцоо судалгаа гаргаж, хөрөнгө оруулагч япончуудаа олчихоод мөн олон жил явсан сан. Улс төрийн дэмжлэг байгаагүй учраас тэр төсөл нь яваагүй байх талтай. Хэрэв ярьж байснаар нь болсон бол бид 2012 оноос өөрсдийнхөө үйлдвэрлэсэн шатахууныг хэрэглэх байлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр барихад хамгийн чухал нь байршил гэдгийг бүгд хэлдэг. Нефть олборлодог газар нь бус харин бүтээгдэхүүнийг хэрэглэх гол бүсэд нь барих ёстой гэдэг юм билээ. Тэгвэл одоогийн яригдаж байгаа Дорноговийн Алтанширээ Улаанбаатар хотоос 470 орчим км-ийн зайтай. Харин бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ноогддог. Аль болох төмөр зам дагуу газрыг чухалчилдаг бол одоогийн байрлалд шинээр төмөр зам барина гэж байгаа. Мөн л нэмэлт зардал.
Бас дээрх төрлийн үйлдвэрийн гол хэрэгцээ нь ус. Бүр Сайншандад байгуулах тухай ярьж байхад л Дорноговь усны нөөцгүй, энэ шалгуурыг давж чадахгүй талаар яригддаг байсан. Ер нь ийм чухал үйлдвэр байгуулахад хамгийн гол нь дэд бүтцийн асуудал гэдэг хэнд ч тодорхой. Монгол орны бензин шатахууны хэрэглээг хангах, жилд 1.5-2 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрт дор хаяж 45 мВт цахилгааны, хоногт 5000 тонн цэвэр усны хэрэглээг хангах боломжтой байж үйлдвэр байгуулах тухай ярих хэрэгтэй болно. Тэгвэл өнөөдрийн сонгосон газар энэ боломжийг хангах уу.
Нөгөө талаас эдийн засгийн хувьд амаргүй байгаа өнөөгийн нөхцөлд говьд цөөрөм байгуулах гэж зүтгэхээсээ байгаа боломжуудаа ашиглан хамгийн бодитой хувилбарыг сонгох хэрэгтэй байна.
Яг яс юман дээрээ бид өөрсдийнхөө Тамсагаас олборлосон түүхий нефтийг боловсруулахад бас л асуудалтай талаар учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Манай газар нутагт Хятадын компанийн олборлож байгаа газрын тосны 20 гаруй хувь нь манайх, үлдсэн 80 орчим нь Хятадынх. Хэрэв бид Тамсагийн тосоо боловсруулна гэж үзвэл Хятадын компаниас олон улсын зах зээл дэх түүхий тосны үнээр авч таарна. Нөгөө талаас манайд шаардлагатай хэмжээний түүхий нефтийг ойрын жилүүдэд тэндээс гаргах боломжгүй. Одоогийн олборлож байгаа нь жилд нэг сая тонн орчим, нэмэгдлээ нэмэгдлээ гээд 1.5 сая тонноос хэтрэхгүй гэдэг. Гэтэл бидэнд жилийн 2 сая тонн түүхий газрын тос хэрэгтэй. Тэгээд ч Тамсагийн зуурамтгай, царцамхай түүхий тосыг хоолойгоор урсгахын тулд их хэмжээний шингэлэгч болон бусад бодис хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэгээд үзэхээр бид гаднаас түүхий нефть авч таарна. Авбал хойд хөршөөсөө авч таарна. Тэр тохиолдолд урд хилтэй ойр газар үйлдвэрээ байгуулах нь зөв хувилбар болж чадах уу гээд хөндөх асуудал их байна.
Үргэлжлэлийг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.