Ж.Мөнхбат нэрээ хэлсэнгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 17

Засгийн газрын зарим сайд нар яамныхаа албан хаагчдад гэрийн үйлчлэгч, хувийн компанийн ажилчид шигээ ханддаг талаар УИХ-ын гишүүдийн дунд яриа өрнөж эхэл­жээ.

Түүнчлэн зөвхөн ёс суртахуун биш үйл ажил­лагааны зарчим ал­даг­даж байна. Энэ дунд Засгийн газрын гишүүд ч бий гэдгийг ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат ярьжээ. Тэрээр “Засгийн газрыг огцруулна, дөрвөн сайдыг сугална гэдэг мэдээллийг сүүлийн үед хэвлэлээс их харж, сонсч байгаа” гэдгийг хэллээ. Гэхдээ энэ удаад Засгаас су­га­лахаар яригдаж буй сайд нарын нэрийг хэлсэн­гүй. “Заавал надаар хэлүүлж яах гэсэн юм бэ. Тэр хүмүүс нь өөрсдөдөө дүгнэлт хийг” гэжээ.

Эндээс харвал, Ж.Мөнхбат Засгаас сугалах сайд нарын нэрийг хэлээ­гүй нь одоохондоо анхаа­руулсан төдийгүй, бас­хүү байдал бишидсэн гэд­гийн дохио гэж ойлгож болохоор.

Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсны дараа “Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сал­барын сайдад арга хэм­жээ авч хариуцлага тооцож байна. ЗГХЭГ яамд, 21 аймгийн ЗДТГ, агентлаг, ТӨҮГ-уудад Аж­лын хэсэг гаргаж шал­галт хийж байгаа. Хариуцлагын асуудал цаашид үргэлжилнэ. Төр өөрөө хариуц­лагатай байж төр шиг төр оршино. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүнд ха­риуцлага тооцох асуудлыг тавих эрх нь Ерөнхий сайдад бий.

Салбарын сайд тухайн салбарынхаа ажил, үйл ажиллагааг Ерөнхий сайд болон УИХ-ын өмнө дангаараа бүрэн хариуцах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу салбарын яамаа удирдаж чадаагүй бол хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгдэж байв. Үүний дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн кабинет бүрдэхэд хамгийн анх сайд нартай хариуцлага ярьсан хүн бол Ж.Мөнхбат. Тэрээр энэ удаад ч хууль зөрчиж, алдаа гаргасан сайдуудтай хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат Засгаас дөрвөн сайдыг сугалах талаар ярьсан бол эрх баригч намын Удирдах зөвлөлийн түвшинд 2-3 сайдын нэр яригдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Одоохондоо гарын үсэг зурж, дөрвөн сайдыг огцруулах албан бичиг өргөн баригдсан юм алга. Иргэд ямар шалтгаан жагсч байна гэдгийг Засгийн газар анхаарах ёстой. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан асуудал байгаа бол өнөөдрийн сайдуудтай хариуцлага яригдах нь зарчмын асуудал. Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой” гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдаж, хууль зөрчсөн нь парламентын гишүүдийн түвшинд яригдаж эхэлсэн сайд нарын нэрс удахгүй тодрох биз.

 

МАН-ЫН БҮЛЭГ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ХУРАЛДЖЭЭ

 

Эрх баригч намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Засгийн газар тойрсон, сахилга хариуцлага, ёсзүйг хөндсөн байна. Эдгээр асуудлаар энэ удаад шийдэлд хүрээгүй ирэх долоо хоногт намын дотоод асуудал, бүлгийн хэмжээнд нухацтай ярина гэснийг нь харахад хурлын үйл явц ширүүхэн өрнөсөн бололтой. Энэ дунд хууль зөрчиж, хариуцлага алдсан гэх сайд нарын талаар ч яригдсан байхыг үгүйсгэхгүй.

МАН-ын бүлэг Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, амлалтыг нэхсэн байна. Мөн төрийн албаны нэр хүнд халаа сэлгээтэй холбоотойгоор сахилга хариуцлагын асуудлыг ч хөндсөн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 35-40 хувьтай байна. Гишүүд  эдийн засаг өсөлттэй байгаа ч  айл өрх, иргэн бүрт бодитой хүрч байгаа эсэхийг нухацтай ярилцана. Мөн Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн амлалт өгсөн. Энэ дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд нийслэл хотын хэмжээнд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байна. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай учраас бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлагуудыг оролцуулахаар боллоо.Урин дулааны цагт ч утааг мартахгүйгээр Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлуудад анхаарал хандуулах ёстой. УИХ-ын гишүүдийн зүгээс “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж байна. Төрийн албаны дунд, доод шатанд ажил явахгүй байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш яам, Тамгын газарт төрийн албаны халаа сэлгээ хийсэн эсэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын тухай ирэх долоо хоногт ярилцахаар боллоо” гэсэн мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын халаа сэлгээг судалж, шаардлагатай бол сахилга хариуцлага ярихаар болжээ.

МАН-ын бүлгийн гишүүд энэ удаагийн хурлаараа УИХ-ын гишүүний сахилга хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудлыг  хөндсөн УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой. Шалгуулахаар бүрэн эрхээсээ түдгэлзээд буй гишүүний асуудал хаврын чуулган эхэлснээс хойш өнөөгийн байдлаар хоёр дахь бүлгийн хурал дамжин гацаж байна. Ямартаа ч ирэх долоо хоногт эрх баригч нам дотооддоо авч хэлэлцэх гэнэ.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх