Өнгөрсөн Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн билээ. Уг шаардлагад: "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилж, Ардын Засгийн танхим бүрдсэнээс хойш 6 сар гаруй хугацаа өнгөрлөө. Томилогдох үедээ амлаж байсан олон амлалт, хийж хэрэгжүүлсэн ажлын чинь үр дүнг үзэх хагас жил ард үлдлээ. Таны хариуцлага алдсан, хууль журам зөрчсөн хүмүүсийн толгойг илэхгүй, ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байгаа гэсэн УИХ-ын индэр дээрээс хэлсэн үг биелээсэй хэмээн хүссэн ард түмний итгэл өдрөөс өдөрт алдарч байна.

Учир нь таны тэргүүлсэн танхимын зарим гишүүд, сайд нарын хууль зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, авлигын шинжтэй олон үйлдэл танай Засгийн газарт итгэх итгэлийг улам бүр алдагдуулж байгаа тухай олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хэлэлцэгдэж байна. Иймд дараах нэр бүхий сайд нарт бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага тооцож, огцруулах асуудлыг нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлгээс тавьж байна " гээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хоёр, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийг гурван үндэслэл заан, огцруулахыг хүссэн байв.

 

Огцруулах үндэслэлүүд: 

 

Тэгвэл энэ тухайд эрх баригч МАН-ынхан байр сууриа нэгтгээгүй төдийгүй бүр огцруулчихаж мэдэх уур амьсгал УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр илт мэдрэгдэж байв. "32-ын бүлгийн" гол төлөөлөл гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан үндэслэлийг шууд хүлээн зөвшөөрч, түүнийг Төсвийн тухай хууль зөрчиж байна хэмээн удаа дараа хэлж байлаа.

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн тухайд байдал бүр ч хүндэрч, уржигдраас эхлэн түүнийг хэсэг цагдаа нарт захиалга өгч, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдан, тэр бүү хэл өчигдөр Нийслэлийн прокуророос дээрх цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ албан ёсоор зарлав. Энэ бүхнээс дүгнэхэд МАН-ын дотоод зөрчил огт илааршаагүйгээр үл барам улам гүнзгийрч буй агаад одоогийн байдлаар Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах буюу эсвэл тэд МАН дахь зарим бүлэглэлийн эрх ашгийг хэрхэн хангах талаар ойлголцох гэсэн хувилбар яригдаж буй бололтой. Дээрх хувилбаруудын алийг нь Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар сонгохоос У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар хоёр сайдаа солих эсэх нь тодорхой болох ажээ.

 

Э.Мягмар

sonin.mn