Нийгэмд нэр хүндтэй "Сант Марал" сангаас Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн байдлаар олон нийтээс авсан шинэ судалгааныхаа дүнг нэгтгэн танилцуулсан байна. Эхний аравт Х.Баттулга өнгөлж, "Буян"-гийн Жаргалсайхан аравт орсон байна. Ямар ч үед рейтингээрээ хотын дарга эхний аравт заавал байдаг.

Сүүлийн 20 жилийн түүхэнд шүү. Анх удаа л нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд улстөрчдийн судалгаанд орж ирсэнгүй. Ийм нэр хүндтэй байгаагаа ч тэр мэдэж байгаа бололтой. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их харагдах боллоо. Су.Батболдын ярьж буйгаар бол нийслэлд маш их ажил хийгдэх нь. Ямартай ч замын түгжрэлийг арилгаж, гэр хороололыг хаус болгохоо амалжээ. Хугацаа хоёр жилд амжих уу, ингэж худлаа ярьж намаа сөнөөх хэрэг байна уу, 28 жилд хийж чадаагүй ажлыг хоёр жилд хийчих хүн Су.Батболд мөн үү, хэмээн намынхан нь дээр доргүй ярьж, болгоомжилж байна. Түүний энэ бүх сүртэй, хоосон яриа үнэндээ нийслэлийн намын хорооны бага хуралдаа зориулсан пиар гэдгийг эх сурвалжууд ярьж байна. Гэвч Су. Батболд ингэж ярьж, зүтгээд үзье.

Тэгээд нийслэлийн намын дарга болвол болоод, болохгүй бол намтай юутай хээтэйгээ сөнөөх гэж шийдсэн бололтой. Эцсийн мэх болгосон энэ бүх амлалтыг намынхан нь "Амиа бодсон үйлдэл" гэж зэвүүцэж байгаа юм. Түүний дааж давшгүй томыг амалсан мэдээллүүд нь С.Батболд гэж хувь даргыг бус МАН-ын нэр хүндийг нийслэлийн 1,3 сая иргэний дунд унагах аюултайг намынх нь Удирдах зөвлөлийн гишүүд хүртэл ярилцжээ. Нийслэлийн замын түгжрэлийг яаж бууруулна гэхээр 180 мянган оюутныг Эрдэнэт, Дархан руу шилжүүлэх гэнэ. ШУТИС, ХААИС, МУИС-аас эхлэх юм байх. Энэ нь ирэх сонгууль хүртэл биелэх ажил мөн үү. Ядаж арван мянгыг нь ч болтугай шилжүүлэх боломжийг ярьвал бодитой сонсогдоно. Гэтэл үгүй, дээрх хоёр хоттой санамж бичигт гарын үсэг зураад Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ШУТИС- ийг байгуулах тухай ажил эхэлчихсэн тухай тэрбээр ярьлаа. Хоёр жилийн дараа энэхүү том амлалтыг ард түмэн Су. Батболдоос нэхэх үү, МАН-аас нэхэх үү. Биелээгүй учраас дүнгээ тавина. Дүн нь ямар байх вэ. Ийм учраас сонгуулийн ялалтын түшиц газар болох нийслэлийнхээ намын хороог Су.Батболд шиг ийм бодлоггүй, боломжгүй зүйл амалсан, амиа хоохойлсон хүнд хариуцуулж, сонгуульд орж болохгүй хэмээн нийслэлийн намын хорооны гишүүд үзжээ. Хоёрдугаарт, Гэр хорооллыг хэрхэн хаус хороолол болгох тухай түүний мөрөөдөл юм. Яаж гэхээр 11 байршилд Сервис центр байгуулах гэнэ. Энэ нь бүтцийн төв л дөө. Сервис центр нь 286-1500 айлын дунд нэг байх гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршлыг сонгожээ. Ажил нь ийнхүү эхлэх гэж байгаа юм байна. Тэгвэл өртөг зардал нь ямар байх вэ гээд асуухаар тус дэд төвтэй холбогдсон нэг айлд оногдох өртөг 60 саяас ихгүй байх шаардлага тавьжээ. 60 сая төгрөг бэлэн гаргаж ирээд дэд бүтэцэд холбогдох айл, гэр хороололд олон уу. Яаж энэ мөнгийг босгох тухай түүний яриа мөнөөх л олон жил ярьж байгаа. Айлууд газраа зарна. Хотоос үнэлгээний баг очиж газрыг нь үнэлнэ. Газраа худалдсан мөнгөөрөө байрны зээлийн урьдчилгааг өгөөд үлдсэнийг нь банктай тохирч найман хувийн зээлээр бүтээнэ..." гэсэн улигт яриа. Өнөөдөр иргэн-банк хоёрын дунд шүдний өвчин байсаар байгаа нөхцлүүдийг тэр улиглан ярьжээ. Үүнийг сонссон намынхан нь "За бас нэг бүтэшгүй, ирэх сонгуулиар ам асуух зүйлийг яриад эхэллээ" гэж бухимдацгааж байна.

Ер нь нийслэлийн МАН-ын хорооныхон Су. Батболдод яагаад ийм сэтгэл дундуур байна вэ. Нэгдүгээрт, тэрбээр Сандуйгаас түр зуур л тамга хадгалж үлдсэн. Намын даргаар жинхэлэх эсэх нь одоо болох нийслэлийн намын бага хурлаар шийдэгдэнэ. Нэг үгээр Су.Батболд намаасаа улс төрийн ямар ч дэмжлэггүй байгаа хотын захирагч. Хоёрдугаарт, түүний зүгээс явуулж буй үйл ажиллагаа нь одоо болох нийслэлийн намынхаа бага хурлаар намын дарга болох гэж улайрсан, 2020 оны сонгуулиар ард түмэн ам асуугаад унагах биелэшгүй том амлалтуудыг нийгэмд өгсөн хортой үйлдлүүд гэнэ. Үнэндээ нийслэлийг диваажин болгох тухай түүний яриануудад МАН-ынхан бухимдацгааж байгаа бололтой.

Тийм болохоор цаг алдалгүй нийслэлийн МАН-ын бага хурлыг хуралдуулж, Су.Батболдоос тамгаа авахгүй бол түүний энэ бүх бүтэхгүй ажил, амлалтыг ард түмэн 2020 оны хавар МАН-аас нэхэж, нүүр хийх газаргүй болгож, гудамжинд гарах эрсдлийг бий болгох нь гэж тэд үзжээ. Шулуухан хэлэхэд МАН-ынхан өнөөдрийн хотын даргыг сонгуулийн хар нүх бэлдэж байна хэмээн дээр доргүй тэвдэцгээж байна. Нийслэлийн 1,3 сая иргэн Су.Батболдын худлаа амлалтаас болж нүүр буруулахад МАН тэр чигээрээ тэнгэр харна гэдгийг сайн ойлгож байгаа бололтой. Ингэхээр удахгүй болох нийслэлийн МАН-ын бага хурлаар асуудал нэг тийш шийдэгдэх нь тодорхой юм.

 

МАН-ын гишүүн С.ЭРДЭНЭСҮРЭН