АТГ-Г СОНИРХОЖ БУЙ ЖИНХЭНЭ ЭЗЭН ХЭН БЭ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 09 ・ 3

Авлигатай тэмцэх газрыг хэн “халааслах” вэ. Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгч үү, эсвэл УИХ-ын дарга уу. Одоогийн дарга Х.Энхжаргалыг ч мөн томилох үеэр Төрийн тэргүүн, Спикер хоёрын хэн хүчтэй нь хүнээ томилох тухай яригдаж байв. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд ажиллаж байсан үе. АТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж байв. Гэвч АН шалтаг, шалтгаан тоочиж завсарлага авсаар сар гаруйн хугацаа өнгөрсөн юм.

Улмаар завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байсан гэх мэдээлэл ч бий. Үнэндээ УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар мэдээлэл хийж, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс бус УИХ-аас нэрийг нь дэвшүүлж томилдог болох хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдсэн юм. Товчхондоо АТГ-ын даргын албан тушаалыг халаасандаа хийх нь З.Энхболдын эртний мөрөөдөл гэлтэй. Тиймдээ энэ удаад Төрийн тэргүүн бус түүний дэргэдэх “шадар туслах”-ын санаа байхыг үгүйсгэх аргагүй.

“Шинэ төмөр зам” төслийн хэрэгтэй холбоотойгоор Х.Баттулга АТГ-ын даргыг солих сонирхол харагдаж байвч хөшигний ард нүүрээ нуусан эрхэм инээмсэглэн зогсож байгаа нь тэр. Уг нь З.Энхболд хий гаргаж, хийдэл үлдээдэг нэгэн биш. Гэхдээ ар, өврийг нь ухвал асуудалгүй хүн гэж байдаггүй хойно. Нөгөөтэйгүүр, З.Энхболд бол АН. Шулуухан хэлэхэд, С.Эрдэнэ тэргүүтэй “Шонхор”-ууд. АТГ-ыг гартаа оруулчихвал Н.Алтанхуягийн амны уншлага болсон өнөөх хонгилыг хүссэнээрээ дүүргэх боломж бий болно гэсэн үг. Үүний тулд нүүрээ нуун байж санаагаа хэрэгжүүлэхээр зүтгэж байж мэдэх юм.

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх нь эргэлзээтэй. 2011 оны арваннэгдүгээр сард АТГ-ын даргаар томилогдсон Н.Ганболд таван жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Х.Энхжаргал 2016 оны долдугаар сарын 8-нд томилогдсон. Авлигын эсрэг хуульд зааснаар тус газрын дарга 6 жилийн хугацаатай ажиллах ёстой. Хэрэв Х.Энхжаргалыг Н.Ганболдын оронд нөхөн томилсон гэж үзвэл 2011 оноос хойш энэ хугацаа тооцогдож, 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тооцох юм. Гэвч нөхөн томилсон эсэх нь эргэлзээтэй. Х.Энхжаргалыг АТГ-ын даргад томилсон УИХ-ын 07 дугаар тогтоолд “Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилсугай. Энэ тогтоолыг 2016 оны долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснээс өөр зүйл байхгүй. Тушаалаар нь хөөвөл Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болно.

МАН-ын бүлэг ч мөн адил Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэх шийдвэрийг гаргаад байгаа. Тодруулбал, эрх баригч намын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцээд одоогийн АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Хоёрт, АТГ-ын даргыг шинээр томилох хуулийн үндэслэлгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг улс төрийн шийдвэр гаргаж байна хэмээн үзжээ. Ингэснээр АТГ-ын даргад Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшигч Д.Даваа-Очирыг дэмжихгүй гэсэн байр суурьт санал нэгдсэн байна.

Төрийн тэргүүний хувьд Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа хэдийнэ жилийн өмнө дууссан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймдээ ч санал асуулга явуулж, дараагийн хүнийг нэр заачихаад байгаа. Гэхдээ эрх баригч намын кнопыг өөрийн талдаа оруулж чадахгүй бол асуудал сууринаасаа хөдлөхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгын халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэхэд хуулийн мухардал үүсэнтэй ижил АТГ-ын даргын асуудал ч мөн хуулийн тайлбар шаардах бололтой.

Мөн Х.Энхжаргалыг томилох үеэр АН-ынхны хэрэглэж байсан тактикийг эрх баригчид баримтлахаар болсон гэх явган яриа. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд шалтаг, шалтгаан тоочиж завсарлага авах. Мөн хуулийн заалтыг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, цэц булаалдсаар сар гаруйн хугацаа өнгөрөх боломжтой юм. АН өмнө нь Х.Энхжаргалын томилгоог хэлэлцэх үеэр завсарлага авсаар 20 хоног үдсэн. Энэ удаад хуулийн тайлбар давхар шаардлагатай. Тиймээс Д.Гантулгын асуудалтай адил хуулийн мухардлаар шалтаг хийж, хугацаа хожих бүрэн боломж бий гэнэ.

 

Нийгмийн шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2018 05 сар 10/

    манай ерөнхийлөгч одоо юу л хийгээд байна даа дандаа л хууль бус юм хийгээд л яваад байхын

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 09/

    Нохойд барьдаг мод шив дээ

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 09/

    Elbegdorj MAN-n Hun Enhjargaliig tomilson ym bainashudee tiimuu. Tegeheer argagui l hongil uusgeh gedeg ni zuv baijeedee.

    Хариулах