Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 05 сар 11
・ 5

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг он дуустал “амь”-тай байлгахын тулд эрх баригчид тохиролцооны ширээний ард сууж, бүлгийн гишүүддээ хатуухан анхааруулжээ.
Бүлгээ талцуулан байж, олонхийн дэмжлэгийг хүлээж байсан У.Хүрэлсүх өдгөө парламентад дэмжлэггүй. Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга гэхчлэн хэдэн дүү нарыг нь багцалж нийлүүлсээр 33-ын биш 23-ын бүлэг босгож, эвлүүлж нийлүүлэх л боломж бий. Товчхондоо, АН-аас Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баривал МАН доторх сөрөг хүчин алга хавсран угтана. Тиймдээ ч эрх баригчид ирэх долдугаар сар хүртэл Засгийн газрыг болон кабинетын гишүүдийг огцруулах албан тоотод гарын үсэг зурахгүй, сөрөг хүчинтэй нийлж улс төр хийхгүй байхыг парламент дахь бүлгийн гишүүддээ сануулсан аж.
Учир нь долдугаар сар буюу наадам хүртэл гүйцэтгэх засаглалын асуудлыг хөндөхгүй байж чадвал он дуустал айх аюулгүй хэмээн тооцоолсон бололтой. Удахгүй улс төрийн яриа түр хойш тавигдаж, хэсэгтээ хүүхдийн баяраар амьсгална. Гишүүд тойргийнхоо багачуудыг баярлуулж, юу өгөх үү гэдэгтээ тархиа гашилгана. Залгаад наадмын уур амьсгал орж, хурдан морь, хүчит бөх, иссэн айраг гэсээр хаврын чуулган хаалгаа барина.
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Засгийн газрын хувь заяаг хэлэлцдэггүй л юм бол аравдугаар сард үүдээ нээх намрын чуулган хүртэл энэ асуудал намжина. Хэдийгээр намрын чуулганаар эл асуудлыг хэлэлцэж болох ч он дуустал цаг хожих боломж хангалттай бий. Тиймээс 2019 онтой золгочихвол сөрөг хүчнийг хүлээлгүйгээр ах нам өөрсдөө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар хар төлөвлөгөө гаргачихаад байгаа. Тухайн үед Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, хариуцлага тооцох хэтийн төлөвлөгөө хэдийнэ цаасан дээр буучихсан аж.
Гэхдээ үүнээс урьтаж бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй 32-ын бүлэг хөдөлгөөнд орвол аюул нүүрлэлээ л гэсэн үг. АН-ын зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох албан шаардлагыг Засгийн газрын тэргүүнд гардуулчихаад байгаа. Хэрэв энэ удаад хүсэлтийг нь хүлээн авахгүй бол кабинетаар нь огцруулах албан тоот өргөн барихаа мэдэгдсэн.
Хотгор шанагын асуудлаас болж гарах гарцгүй болсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт намын гишүүд нь түлхэж унагахад тун ойрхон байгааг байнгын хороо, чуулганы хуралдаан дээр хэлж байгаа үгнээс нь харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд ч ялгаагүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаасаа болж гаднаас хүчтэй цохилт авч, албан тушаал нь хэдийнэ ганхаад эхэлчихсэн. Уг нь түүнийг огцруулах шалтгаан сүүлийн 10 орчим жил “Bella Vista” хотхонд Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Яахаараа ч бусдын үнэ цэнэтэй, өртөг өндөр байранд ийм удаан амьдраад байдаг юм. Нөгөөдүүл нь ч яахаараа нэр ус руу нь шилжүүлээд өгчихдөггүй юм. Гэхдээ байрны нэр эзэндээ шилжиж очдоггүй ганц л шалтгаан байдаг. Төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд л байр, орон сууц худалдан авагчийн нэр дээр шилждэггүй шүү дээ. Магадгүй мөнгө төгрөгийн, эсвэл бүр ямар нэг хууль нэмж засч, засварлаж өгөх өртэй ч юм бил үү. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцээс АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Мөн түүнийг УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн үндэслэлүүдийг дурьддаг.
Гэхдээ үүнээс илүүтэй тагнаж, чагнасан асуудал нь мань хүний хоолойд хутга тулгах вий. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохынхоо өмнө Ж.Эрдэнэбат өөрийг нь тагнаж чагнасан талаар нийтэд мэдээлж, хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байсан. Эцэст нь Ухнаа гуайн хүү 2017 оны долдугаар сард төрсөн дүү У.Отгонбаяр өөрийн хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэж АТГ үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тагнасан гэдэг нь тогтоогдоогүй гэдгийг АТГ-аас дуулгаж байв. Энэ хэрэгт холбогдсон есөн хүнээс дөрвийг нь хууль хяналтынхан саатуулсан бол таван хүнийг гадуур байцааж, Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон төрөл садны хүмүүстэйгээ хамтран эвлүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулж байв.
Үргэлжлэлийг 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.