Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж буй билээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг анх 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд даруй 40 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баярыг өмөөрч, эрх баригч Монгол Ардын Намын зүгээс ямар ч үйлдэл хийгээгүй, тэр бүү хэл мэдэгдэл ч гаргаагүй өдийг хүрлээ. 

 

Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх нь буруу ч ядаж, эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж, албадан саатуулахгүйгээр байцаа, эсвэл бид үйл явдлыг ажиглаж байна, Оюутолгойн гэрээ нь манай намын шийдсэн томоохон төслийн нэг юм гэх мэт ерөнхий мэдэгдэл хийх бүрэн шалтгаан хийгээд боломж МАН-д байсан ч хийгээгүй юм. Харин ч УИХ-ын дарга М.Энхболд бүр эсрэг тайлбар хийж, УИХ-ын дарга энэ тухай тайлбар хийж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, надад тийм ёс зүй байхгүй гэсэн билээ. Мөн түүнчлэн Оюутолгойн гэрээ муу болсонг хүлээн зөвшөөрч, сайжруулах чиглэлийг МАН-ын лидерүүдийн хүрээнд баримтлахаар болсон нь ил болж буй билээ.

Өчигдөр С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй байсан учраас II эмнэлэгт хүргэж, эмчлүүлэхээр болсон. С.Баярын хувьд Англиас ирмэгцээ баривчлагдана гэж төсөөлөөгүй байсан нь " өөрийг нь яллагдагчаар татсан гэх яриаг таавар" хэмээн тодорхойлж байснаас харагддаг. Гэхдээ л өөрийнх нь даргаар ажиллаж байсан МАН засгийн эрхийг үнэмлэхүй олонхоороо удирдаж буй үед С.Баяр яллагдагчаар татагдан, хоригдож байна. Улс төрийн хүрээнд МАН-ынхан нэгэнт олон нийтийн дунд эргэлзээтэй дүгнэлтээр болсон Оюутолгойн гэрээний асуудлыг С.Баярт хамаатуулж, "золигт гаргахаар" шийдсэн тухай яригдаж буй юм. Гэхдээ Оюутолгойн гэрээг байгуулахдаа авилга авч, хууль зөрчсөн нь нотлогдвол энэ нь ганцхан С.Баяр нарт биш 2008-2012 онд УИХ-д олонхи байсан МАН-ынханд ч хамаатай гэдэг нь ойлгомжтой билээ.

 

Э.Мягмар

sonin.mn