Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэрээ : "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна.

Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.

Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм." хэмээсэн билээ.

 

 Монгол Улс өдгөө ШХАБ-ийн ажиглагчийн статустай, иймээс  ямар нэгэн ахисан түвшинд хүргэх тухай яриа нь ШХАБ-т гишүүнээр элсэнэ гэсэн үг гэдгийг ямар ч хоёрдмол санаагүйгээр шууд ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийх үеэрээ: "ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаа өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Нэгэнт нөхцөл байдал өөр болж байгаа учраас Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, эцэслэн өөрийн байр сууриа гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан.Гадаад яамныхан энэ асуудлаар шат шатандаа судалгаа хийж байна. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Хоёрт, гурван талт уулзалт өндөр төвшинд явж байгаа. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий өөрөө маш хурдтай өөрчлөгдөж байна" гэсэн юм.

Энэ нь үндсэндээ Засгийн Газрын байр суурь бололтой. 

Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумьяабазар нарын Засгийн газрын дийлэнхи гишүүд Монгол улс ШХАБ-д элсэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж. Тэр бүү хэл Монгол Улс ШХАБ-ийн жинхэнэ гишүүнээр элсэх асуудлыг  Ерөнхийлөгч Х.Баттулга биш Засгийн Газар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэнэ.

 

Э.Мягмар