Эхлээд С.Баяр, дараа нь Ч.Сайханбилэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт шилжүүллээ. Шалтгаан нь тэдний эрүүл мэнд муудсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, С.Баярын хууч өвчин нь сэдэрч, хүндэрсэн бол өчигдөр Ч.Сайханбилэгийг шулуун гэдэсний хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж хорих ангийн эмч нар үзжээ. Улмаар тэднийг хагас сарын зайтай хорих ангиас шилжүүлж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхлэв.

Нэгэн цагт Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр дуудаж, байцаалт авсан байдаг. Нэг өдөр дуудаж байцаалт авсан шиг ээ хэдхэн цагийн зөрүүтэй цагдан хорьсон юм. Тэднийг Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Хуулийн хүрээнд 30 хоног таслан сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дахин 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Хэдийгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээж тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан хүнийхээ хувьд Оюу толгойн гэрээг үзэглэж улс төрийн шийдвэр гаргасан, улмаар батлан даалтад гарч гадуур шалгагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.

Харин С.Баярын хувьд хэнтэй ч уулзахгүй, уулзах ч шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт тавьсан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн бас л хүлээж аваагүй билээ. Учир нь, прокурорын байгууллагаас тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэж, тэрхүү хүсэлтийг нь шүүх хүлээн авч цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Харин олон нийтийн зүгээс тэднийг мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгааг хэлдэг бол өмгөөлөгчид нь ганц, хоёрхон удаа байцаалт, мэдүүлэг авсан гэдгийг хэлдэг. Нөгөө талаас хууль, хяналтын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нөхдөд холбогдох энэхүү хэргийг зохих шаардлагын дагуу шалгаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Оюу толгойн гэрээтээ холбогдуулан хэд, хэдэн хүнийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байна" гэх утгатай тайлбарыг өгсөн.

Тэгвэл экс хоёр Ерөнхий сайдыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, харьяаллын дагуу холбогдох шүүх хурал хуралдаж, тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдэх юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал муудаж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс үзэхэд тэд эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гарах магадлалтай байж болзошгүй байна.

Нөгөө талаасаа олон нийт тэднийг эрүүл мэндийн шалтгаанаар "ялаас мултрах"-ыг санаархаж байна гэж ч хардаж байгаа юм. Ямартай ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих уу, эсвэл үргэлжлүүлэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авах уу гэдгийг харах л үлдлээ.

 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: "Өглөөний сонин"