Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн гурван том нам өрсөлдөх нь тодорхой боллоо. МАХН-ын хувьд өчигдөр СЕХ-нд материалаа хүргүүлсэн.

Харин МАН, АН-ын зүгээс нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлэв. Харин хэнийг нэр дэвшүүлэхээ намууд хараахан зарласангүй. Дээр нь нөхөн сонгуулийн хугацаа хэзээ вэ гэдэг нь хүлээлт дагуулах нь.

Уг нь УИХ-аас нөхөн сонгуулийн санал авах өдрийг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн ирэх аравдугаар сарын 7-нд товлож 62 дугаар тогтоолоо баталсан.

Гэтэл үүнтэй уралдан “УИХ-ын тогтоол зарим иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Тухайлбал, сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байх тухай хуулийн заалтыг зөрчсөн” гэх гомдол Үндсэн хуулийн цэцийн босгоор давсан юм. Иймд Цэцийн шийдвэр гартал УИХ-ын тогтоолыг түр түдгэлзүүлээд байна. Цэцийн дунд суудлын хуралдааныг зарлах хугацаа 30 хоног байдаг. Үүнээс үзвэл ирэх есдүгээр cap хүртэл маргаан хэлэлцэгдэхгүй бололтой.

 

МАН: НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮСЭЭ СУДАЛЖ БАЙГАА

 

МАН-ын хувьд энэ хугацаанд нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ базаана гэдгээ мэдэгдээд байна. Мөн нэр дэвшигчийн талаар шийдвэрээ эцэслэнэ гэсэн. Дарга нар нь мөр зэрэгцэж суугаад ийнхүү ажил хэрэгч мэдэгдэл хийсэн ч Ардын нам дээгүүрээ зөрчилтэй, дотроо “зодоон”-той байгаа. 65-ын бүлэг нь хоёр хуваагдаж, М.Энхболд, У.Хүрэлсүх нар хэн өрссөн нь нөгөөгөө улс төрийн тавцангаас зайлуулахаар анасаар энэ хүрсэн. “60 тэрбумын хэрэг”, МИАТ-ын авлигын асуудал гээд хэн хэнд нь барьц бий.

Үүнийгээ нэг мөр болгож чадалгүй нөхөн сонгуульд орвол МАН -д сайн юм болохгүй. УИХ-ын үнэмлэхүй олонх буюу 64 суудлыг авсан намд ганц суудал хамаагүй гэж болох ч ганц намынх нь рейтинг дээр бууна. Энэ бүхнээс үүдээд Ардын нам дотор нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг ихээхэн маргаан дагуулж байгаа бололтой. Өмнө нь энэ тойргийнхныг төрд төлөөлж байгаад “бандааш”-ны гэх бараан хэрэгт холбогдсон Д.Гантулга Ардын намын гишүүн.

Тэгэхээр түүний оронд хэнийг илгээх вэ , энэ тойрогт алдсан нэр хүндийг сэргээж, нөхөн сонгуульд ялалт байгуулж чадах уу гээд эргэлзээ олон байгаа бололтой. Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр бол намынхаа шат шатны байгууллагаас нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг судалж байгаа аж.

 

МАХН: НӨХӨН СОНГУУЛЬ МАНАН-ГИЙН ХҮЧИЙГ СУЛРУУЛНА

 

Улс төрийн тавцанд гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж байгаа томоохон намын хувьд МАХН энэ удаагийн нөхөн сонгуульд нэлээн нөлөө бүхий байр сууриас оролцох нь тодорхой байна. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар энэ талаар хийсэн мэдээлэлдээ “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд материалаа хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн сонгууль МАНАН бүлэглэлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. МАХН-аас хэн ч нэр дэвших боломжтой.

Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр хэвлэлээр яригдаж байгаа. Бид намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчдээ тодруулах болно. Нөхөн сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн нь улс төрийн захиалгат явуулга гэж би харж байна. Төрийн албанаас хэн нэр дэвших гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч Хэнтий аймгийн ард иргэд УИХ-д төлөөлөлгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна” гэв.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “ Эрх баригчид ямар янзтай байгааг бид харж байна. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр арга байхгүй. Хуулийн өөр ашигтайгаар тайлбарлаж буй улс төрийн хүчнүүдийн дэргэд манай нам бол цэвэр нам. МАНАН бүлэглэлд ард түмэн их итгэсэн. Гэсэн ч үр дүн алга. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр аргагүй” хэмээн мэдэгдэв.

 

АН: НЭР ХҮНДТЭЙ, ОЛНЫ ТАНИЛ ХҮНИЙГ ӨРСӨЛДҮҮЛНЭ

 

АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр Төрийн ордонд хуралдаж, нийт 12 асуудал хэлэлцсэний эхнийх нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших эсэх тухай байсан. Үүний дараа “Олонхын саналаар нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй” гэж шийдвэрлэснийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд дуулгасан юм. СЕХ-нд материалаа хүргүүлэхэд хоёр хоногийн хугацаа байгаа. Иймд АН энэ хооронд амжихаар ажиллаж байгаа бололтой.

Үүнээс гадна тус нам нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах дүрмээ хэлэлцэж байгаа. Гишүүдийн зүгээс нэр хүндтэй, олны танил хүнийг өрсөлдүүлье гэсэн санал түлхүү гарсан бол зарим нь өрсөлдөгч намуудыг харж байгаад эмэгтэй нэр дэвшигч илгээвэл ямар вэ гэсэн байр суурийг илэрхийлснийг зарим эх сурвалж хэлж байна. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуурыг баримтална.

Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой гэдгийг ч дотооддоо ярилцаж эхэлжээ. Энэ бүхний эцэст АН-ынхан энэ сарын сүүлч ирэх сарын 4 гэхэд нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхой болгож зарлана гэлээ. 

Мөн СЕХ-нд өчигдөр бүртгүүлсэн улс төрийн намуудын талаар мэдээлэл авахад Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ материалаа хүргүүлсэн байна. Монголын Ногоон нам нөхөн сонгуульд оролцох байр сууриа илэрхийлээд байгаа юм байна.

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин