У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг сайдаа “явуулсан” тухайгаа нийтэд зарлаад гурав хонож байна. Энэ Засгийн газрын ЗТХЯ бүхэлдээ өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм. Энэ сацуу өргөдлөө өгөөд “явчихсан” Ж.Бат-Эрдэнийн оронд хэн сайдаар очих вэ гэдэг марафон эрх баригч МАН-д эхэлсэн байна. Одоогоор гурван хүний нэр яригдаж байна.

Бидэнд ирсэн мэдээллээр ЗТХ-ийн сайдад нэр дэвших магадлал өндөр хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм байна.

Тэрээр 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа ажилласан. Батлан хамгаалахын сайд байсан.

Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт. Тэрээр 1999 онд СЭЗДС, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос өнөөг хүртэл УИХ-д гурван удаа сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан юм.

Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвших гурав дахь хүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яригдаж байна. Ж.Мөнхбат 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мөн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

Хэрвээ ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь Засгийн газрын мэдэгдсэний дагуу явж, УИХ-аар хэлэлцээд эхэлбэл дээрх гурван гишүүн энэ албан тушаалд өрсөлдөх бололтой.

Гэхдээ наана нь МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж таарна. Тэдэнд даваанууд байна гэсэн үг.

 

Б.Дамдин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин