Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 08 сар 15
・ 7

УИХ-ын гишүүн У.Хүрэлсэх гишүүн Г.Баярсайханыг байнгын ажиллагаатай парламентын танхимын үүдэнд цохиж танхайрав.
Эл үйл явдал 2012 оны наймдугаар сарын 30-нд болж байлаа. Өөрөөр хэлбэл, түүний танхайрсан үйлдлийн 6 жилийн ой болох нь. Тухайн өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаас болж ам зөрөлдсөн тэдний маргаан эцэстээ У.Хүрэлсүхийн танхайрлаар өндөрлөсөн нь энэ.
Түүний танхайрал үүгээр эхлээгүй. Тэрбээр дээрх үйл явдлаас дөрвөн жилийн өмнө машинаа согтуугаар жолоодож яваад цагдаад баригдсан байдаг. Шаардлага тавьсан төрийн цагдааг өшиглөж, зодсон нь бий. Эл үйл явдлын талаар хэвлэлийнхэн шуугиад эхэлмэгц мань эр “Үнээн үнэн, жаахан балгачихсан явсан юм. Тэгээд тэр цагдаатай эр хүн шиг л ярьсан. Ганц шанаа өгсөн. Сүртэй юм биш ээ хө” хэмээн хээвнэг хариулсан юм. Ийнхүү төрийн хүнийг сав л хийвэл барьж аваад зодчихдог саваагүй зантай Ерөнхий сайдтай улс даа, бид.
Уг нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж өвөг дээдсийн үг бий. Гэвч тэр хэлээрээ ойлголцож, эвлэрэн нэгддэг нэгэн биш. Ямартаа атгасан шагай шиг байдаг Ардын намын өнөөгийн төрхийг хар. У.Хүрэлсүх генсекээр ажиллах хугацаанд ууган улс төрийн хүчинд цууралт үүссэн. Олны мэддэг ганц жишээг дурьдахад л, намын нэрээрээ оролдож, Н.Энхбаярыг хөөгөөд гаргасан нь тэр. Араас нь явсан Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарын батлахаа сольсон шалтгаан ч өнөөх Ухнаагийн хүү.
Ямартаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “У.Хүрэлсүх намын эрх мэдэл авахаараа намаа хоёр хуваан хагалж, гишүүдээ намаасаа хөөдөг. Би үнэнийг л хэлье. 2012 оны сонгуулийн өмнө намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа өөртэй нь тэрсэлдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарыг намаасаа шахаж Сүхийн талбайд зургийг нь шатааж шүүрдүүлэн, МАН-аас зайл хэмээн поошиг нүдсэн жагсаалыг үүрэг өгөн зохион байгуулсан. Тэр жагсаалыг өнөөдрийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Номтойбаяр, генсек Д.Амарбаясгалан нар зохион байгуулж, би удирдаж, У.Хүрэлсүх мөнгийг нь гарган захиалга, үүрэг өгч байсан юм. Бид буруу юм хийснээ дараа нь ойлгосон. Аргаа барсан тэдгээр гишүүд МАХН-д Н.Энхбаяр дээр очиж, зарим нь бие дааж нэр дэвшснээр 2012 онд МАН навс ялагдан гудамжинд гарч байлаа. Үүнийг худлаа гэвэл одоо У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай ойр байгаагаар нь Л.Оюун-Эрдэнээс, Д.Амарбаясгалангаас асуугаарай. Сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ гэж дөвчигнөчихөөд намын нөхдөө гудманд гарган лааз өшиглүүлж, заримыг нь “АТГ-ын жижүүр” болгож хаячихаад өөрөө Австрали руу зугтчихсан биз дээ. Одоо энэ түүх дахиад давтагдаж байна” хэмээсэн юм.
Тэр хүссэндээ хүрч, намын даргын суудлыг, Гүйцэтгэх засаглалын тэргүүний сэнтийтэй нь халаасалж дөнгөсөн ч эрх мэдлээ бататгаж чадаагүй юм. Уг нь ганц сар хүлээхэд өвөрт нь орчих байсан эрх мэдлийн төлөө хэт улайрсны гороор МАН хоёр хуваагдаж, журмын нөхөд нь 32 & 33 болж хагараад зогсохгүй, төрийн нэр хүнд шалны алчуурын хэмжээнд хөглөрөх болов.
Яарвал даарна гэгчийн үлгэрээр эрх мэдлийн төлөө хэт улайрсан тэрбээр нам доторх М.Энхболдын эрх мэдлийг хумиж, намын нөхдөө хөлсний цэрэг шиг байлгахын тулд Төрийн тэргүүнтэй эвлэлдсэн. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээрх гэгчээр өнөөх сум нь өөрийг нь арчаагүй нэгэн болгож, журмын нөхөд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болж хоцорлоо.
Хөлсний 32 цэрэгтэй боллоо гэтэл өөрийн нь дэргэд байгаа генсек шиг ар нуруу руу хутгалагчид дүүрэн. Шулуухан хэлэхэд, тэд анхнаасаа У.Хүрэлсүхийг хялайж харсан тул сав л хийвэл хуралдаж, шалтгаан гарвал дэвэргэж байснаас болж намын нэр хүнд шалны алчуурын үнэ ч хүрэхээ болив.
niigmiintoli.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.