АН, МАН-ын тэлээ хурга буюу У.Хүрэлсүхийн ирлэсэн 2 үзүүртэй зүү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 08 сар 24 ・ 4

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчмаар М.Энхболд, У.Хүрэлсүх нар тохиролцов. “60 тэрбум”-ын асуудлаар хаваржин боргоосон Л.Оюун-Эрдэнэ ч ахынхаа даалгавраар амаа хамхиж, ажилдаа ирэхээр боллоо. Үгнээс нь гардаггүй дүүгийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд М.Энхболдын гарын үсэгтэй албан бичгийг олон нийтэд харуулсан нь улс төрийн увайгүй наймаалцлын нэгээхэн төрх.

Ямартаа албан бичигт уучлаарай гэсэн үг ороогүй атал “М.Энхболд дарга уучлал гуйлаа” хэмээн Л.Оюун-Эрдэнэ “попров”. Тухайн албан бичгийг сайтар харвал өөрийнх нь болоод намынх нь нэр 60 тэрбумын хэрэгт холбогдож буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамссан тухай л дурьдагдсан. Нөгөөтэйгүүр, “Энэ албан бичгийг илгээхэд М.Энхболдод амаргүй байсан бөгөөд улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо” хэмээн пялдагадахаа мартсангүй. Мэдээж энэхүү тал зассан, найр тавьсан үг бүрийн цаадах учир шалтгаан олон биз.

21-хэн насандаа Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийн ард нутгийн ах У.Хүрэлсүх нь үргэлж тодорч ирсэн. Иргэний үнэмлэх авав уу үгүй юү МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага МАСЗХ-нд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элсч, намын замд хөтөлсөн сайн ахынхаа буянаар утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн Л.Оюун-Эрдэнэ гэх залуу Тамгын газрын дарга хийгээд зогсохгүй их мөнгө эргэлдсэн том төслүүдэд ч гараа дүрч үзсэн нэгэн. Тодруулбал, тэрбээр 2002-2007 онд Дэлхийн зөнгийн бүсийн захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээч гэх мэт олон ажлыг хийж байсан арвин намтартай.

Улс төрийн ажилд удирдагчаа унагах гол үүрэгтэн ч гэж түүнийг нэрлэж болохуйц. 2009 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2009 онд Н.Энхбаярын сонгуулийн штабт ажиллаж эхэлснээр олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Тэр сонгуулиар Н.Энхбаяр ялагдал хүлээсэн. Ялагдлын шалтгаан нь намын аппарат нь түүний эсрэг ажиллаж, журмын нөхөддөө дэгээдүүлсэн явдал. Товчхондоо, нам дагаснаас өөр ажлын туршлагагүй нөхөр Н.Энхбаярын сонгуулийн пи арыг ёстой л нохойн наадам болгож, Ц.Элбэгдоржид ялалтын туг атгуулсан гэхэд хилсдэхгүй. Энэ үеэс л мань эр АН, МАН гэх улс төрийн хоёр хүчинд шууданч тагтааны үүрэг гүйцэтгэж ирсэн байж таарах гээд байгаа.

Үүний дараа 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж, мань хүн ч нутгийн дүү гэдгээр гул барин мөн штабад нь орж ажиллав. Харамсалтай нь Б.Бат-Эрдэнэ аанай л журмын нөхдийнхөө мэхэнд орж, ялагдал хүлээсэн.

Өнгөрөгч Төрийн тэргүүний сонгуулиар мөн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдын сурталчилгааг хийхэд хүчин зүтгэсэн. Ямартаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Энхболд ахыг минь Ерөнхийлөгч болгоод өгөөч” гэчихсэн, залуучууд тойруулчихаад, Явуугийн цэцэрлэгт инээд хөөр дүүрэн суусан дүр зураг цахимаар нэг тархсан. Үнэндээ тухайн үед Л.Оюун-Эрдэнийн төөрч төрсөн ах “Херо”-гийн Баатар Х.Баттулгын сонгуулийн штабыг ахалж байхад М.Энхболд ийм сонголт хийсэнд олон хүн гайхаж байсан юм. Мэдээж үр дүнд нь М.Энхболд өвдөг шороодож, унасан дээр нь унгана гэгчээр Л.Оюун-Эрдэнийн хувьд М.Энхболд туйлын муу хүн болж хувирах нь тэр. Ямартаа сонгуулийн дараахан, 2017 оны наймдугаар сард өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол М.Энхболд дарга УИХ-ын даргаар ажилласан нь. Та бүхэн санаж байвал би анх дарга болоход нь эсрэг санал өгч байсан. Тэр хүн ард түмний энэ их итгэлийг Ерөнхий сайдаар ажиллаж, хариулах ёстой байсан юм” хэмээн хээвнэг өгүүлсэн.

Магадгүй тэр даалгавраа сайн биелүүлсэндээ бардаж, бахдаж ядахдаа яаран сандран ингэж хэлсэн байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, улс төрд хөтөлсөн сайн ахынхаа өнөөдрийн өндөрлөгийг бүтээх эхний алхам нь байсан биз. Тиймдээ ч ахынхаа хөлд тээглэсэн бул хар чулууг холдуулахын тулд ганц М.Энхболдтой бус МАН-ын хувь заяатай холбоотой “60 тэрбум”-ын хэргийг намжих бүрт нь өдөөн турхирч өнөөдрийг хүрсэн болов уу. Тэр үргэлж даалгавраа биелүүлсээр ирсэн. Тиймээс У.Хүрэлсүх түүгээр хорхой идсэн шүдээ нөхөөд цаашаа явахгүй гэх газар алга.

niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: