Эдийн засгийн коридорын түгжээ нь Монгол уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 28 ・ 2

Tөмөр зам, хийн хоолой, өндөр хурдны шилэн кабель, агаарын зам, эрчим хүчний шугам зэрэг оху, БНХАУ-ын дэд бүтцийг Монголоор дамжуулан холбох 34 томоохон төслийг багтаасан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр батлагдаад хоёр жилийн нүүр үзлээ.

Гурван улсын Ерөнхийлөгч нар 2016 онд ташкентад болсон дээд хэмжээний уулзалтаар баталсан энэ хөтөлбөр ямар шатандаа явна вэ. Өмнөх “талын зам”, “торгоны зам” шиг цаасан дээрх бичиг, хоосон яриа төдий үлдэх юм биш биз? Өнөөдрийн байдлаар манайд батламж бичгээс өөр “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд хийсэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажил алга. 

Энэ хөтөлбөрт хэдэн төгрөгийн санхүүжилт шаардагдах, хэзээнээс хэрэгжих, хэзээ дуусах гээд бүдүүн тойм зураг нь ч гараагүй байна. Эрх баригчдын хоёр хөршдөө айлчлах үеэрээ ярьдаг “гоё” сэдвээс хэтрэхгүй байсаар хоёр жилийн нүүр үзлээ. Гэхдээ бас таг царцсан гэж хэлж болохгүй. Орос, Хятад хоорондоо хэрхэн тээврийн зардал багатайгаар худалдаа хийх вэ гэдэгт янз бүрийн арга зам хайсаар байна. Тухайлбал, Чита-Чойбалсанхайлаар. Хилийн ойролцоох эдгээр хотыг Орос, Хятад, Монгол гурван улсыг холбосон эдийн засгийн коридорын төв болгож, хөгжлийн алтан гурвалжнаар томъёолох саналыг Хятадын тал гаргаад байна.

Тус коридор умард туйлын баялгийг нээх гарц болох магадлалтай

Эхний ээлжинд эдгээр гурван хотыг төмөр замаар холбовол өртөг зардал багатайн дээр гурван улсын алслагдмал нутгууд хөгжих боломжтой гэж үзжээ. БНХАУ-ын Ляонин мужийн нийгмийн шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал, дэд профессор би Дэли “БНХАУ-ын хөгжил, шинэтгэлийн хороогоор энэ саналыг удахгүй хэлэлцэнэ. Хэрэв Эрээнцав, бичигтийн боомтыг төмөр замаар холбовол ОХУ-аас БНХАУ-ын Ляонин муж руу шууд бараа тээвэрлэх боломжтой болно” гэв. Энэ санаачилга тус улсын “бүс ба зам” санаачилгатай ч нийцэж байгаа учраас дэмжигдэх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Хэрэгжих ч бай, үгүй ч бай тус улс эдийн засгийн коридорыг “Бүс ба зам” санаачилгатай хослуулан хөдөлгөхөөр идэвх, санаачилга гаргаж буйн нэг жишээ нь энэ. Харин ОХУ-д бүтээн байгуулалтын сургаар төмөр зам дагуух тосгон, суурингуудын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буй аж. ОХУ-ын шинжлэх ухааны академийн Монгол, будда, төвөд судлалын тэнхимийн судлаач Бадараев Дамдин “Эдийн засгийн коридортой холбоотойгоор улс хоорондын шилжилт хөдөлгөөн ихсэх хандлагатай болсон.

• Чит-Чойбалсан-Хайлаар хотуудыг гурван улсын хөгжлийн гурвалжин болгох санал гаргалаа.

• Бичиг баримт боловсруулах явц удаан байгаа нь монголчуудын зохион байгуулалт, идэвх дутсантай холбоотой.

• Эхнээс нь эрдэмтдийнхээ үгийг сонсож, шинжлэх ухааны үндэстэй тооцоо, судалгаатай хандах ёстой. 

Оросын талаас хиагт руу дамжин өнгөрөх цэгийг хоёроор нэмж байгуулахаар ажиллаж эхэлсэн. Гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөр ОХУ-ын Засгийн газрын алслагдмал нутгийг хөгжүүлэх зорилготой яв цав тохирч байгаа” гэв. Хэрэв энэ хөтөлбөр бодит ажил болж чадвал уг коридор цаашлаад умард туйлын баялгийг бүс нутагт нээх гарц болох боломжтой учраас хоёр хөрш төдийгүй Өмнөд солонгос, Япон зэрэг Зүүн азийн орнууд ч анхааралтай ажиглаж буй. Бүр гурван улсын биш бүс нутгийн коридор болгох тухай саналыг ч зарим орон БНХАУ-д тавьж байгаа гэх. Харин манай улсын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг урагшлуулах, сайжруулах талаар гаргасан санал санаачилга барагтайхан. Хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх тал дээр Ерөнхийлөгч х.баттулгын гаргаж буй санаачилгыг эс тооцвол. Өнгөрсөн долоо хоногт болсон Хятад, Монгол, Оросын тинк танкийн олон улсын форумын үеэр төслийн бичиг баримт боловсруулах явц ийм удаан байгаа нь монголчуудын зохион байгуулалт, идэвх дутаж байгаатай холбоотой гэсэн санааг талуудын аль аль нь цухуйлгаж байсан юм. Уг нь Улаанбаатар хотыг судалгааны төв болгож, дэд бүтцийн зураглал, хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөөний гол ажлыг нугалах үүрэг өгсөн. Хоёр том гүрний дундаас хожил хайж буй бид үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй хийж, чөдөр тушаа биш гол санаачлагч нь байх ёстой.

ШУТИС-ийн профессор Ч.Баасандаш “БНХАУ “Бүс ба зам” санаачилгынхаа судалгааны ажлыг их, дээд сургуулиудад хариуцуулж өгсөн байдаг. Үүн шиг “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн судалгааг хийх чадавх манай их, дээд сургуулиудад бүрэн бий. Эхний ээлжинд дундын мэдээллийн бааз байгуулж, гурван улсынсудлаачдын дунд тогтмол уулзалт зохион байгуулдаг болбол ажил арай бодитой урагшилна” гэж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэрэв БНХАУ-ын талаас гаргаж буй Чита-Чойбалсан-Хайлаар гэсэн хөгжлийн гурвалжингийн санаа ажил хэрэг болговол юун түрүүнд Чойбалсан хотод судалгааны төв байгуулах хэрэгтэйг хэлсэн юм. Тус бүс дэх татвар, хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, тээвэр ложистикийн гээд хууль эрх зүй, төсөв зардлын маш олон тооцоо, судалгаа шаардлагатай болох юм. Манайд төслийг нэг дарга толгой мэдэн хариуцдаг. Тэр нь сэтгэл гаргаж ажиллахгүй л бол таг гацаж, удааширдаг талтай. Төслийн ТЭЗҮ-г буруу хийснээс болж гацаж, хөрөнгө мөнгөөр шатах тохиолдол бишгүй гардгийг мартаж боломгүй. Гурван улсыг холбосон энэ том хөтөлбөрийн дүр зургийг гаргахад хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулах нь тодорхой. Гэхдээ сэтгэл байвал ядаж төслийн баримт бичгийн эх нооргийг гаргаад судлаачиддаа танилцуулж, санал авч баймаар байна. Хоёр хөрш гүрэн, цаашлаад бүс нутгийн орнуудын худалдаа, соёлын гүүр болох цаг үеийн алтан боломжийг алдаж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх эрх бидэнд байхгүй.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 08 сар 26/

    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэж ярьдаг. Сайншандаас хэвгий ихтэй болоод ачааны галт тэрэг суулт өгөх аядаж хурдаа хасч трасс нь толгой эргэмээр трассаар яваад уул толгодыг ихээр сэтэлсэн зам ихтэйг бодвол. Миний бодлоор сайншандаас алдчихсан байх. Убтз-ын хойд хэсгийн зам дардан биш

    Хариулах
  • дорж хэнтий / 2018 09 сар 28/

    Шуурхай ажиллах хэрэгтэй ш дээ. Бас дээр нь чадварлаг.Амьдрал хүлээхгүй ш дээ. тогтвортой институц байгуулах хэрэгтэй .

    Хариулах