Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн мягмар гаригт тусгай ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

Саатуулагдаад байгаа гурван иргэний нэг нь БНХАУ-ын иргэн бол хоёр нь Монгол улсын иргэн ажээ. Тэднийг саатуулсан энэ хэрэг нь улсын нууцтай холбоотой бөгөөд бид энэ  хэргийн талаар эргэж мэдээлэх болно.