Монголын намууд, улстөрчид сонгуульд нэр дэвшихдээ хандив авч, эрх мэдэлд хүрсэн хойноо ачийг нь хариулдаг. Хандивлагчид бол бооцоо тавьж байгаа хэрэг л дээ. Нөгөөх нь ялбал “ёндоорлоо “гэсэн үг. Ажил нь бүтнэ. Унавал улстөрч өрөнд орж байгаа юм.

Ялсан хойноо ч бас ихээхэн зовдог бололтой юм. Төрөөс хулгай хийж өрөө дарах гэж үйлээ үздэг юм шиг байна.

Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болоод өөрийн харьяанд байдаг ЖДҮХС-гийн хөрөнгийг зээл нэрээр гишүүдэд тараасан нь илрээд баларч байна. Засгийн газартаа ч “дэгээ” ороочих шиг боллоо.

Хамгийн гол нь өөртөө хүртэл авчихаад “…Тээвэр ачлал компани надад хамаагүй” гэж гүрийгээд байсан юм. Одоо ЖДҮХС-гаас зээл авсан түүнтэй холбоотой бас нэг компани гарч ирээд байна.

Гэтэл мань эр “Тээвэр ачлал” компанитай холбоотойгийн цаагуур холбоотой байв. Тэр ч байтугай 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ  “Тээвэр ачлал “ХХК-аас 5.832.000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ.

Бас өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан,  “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарнямаас 1.0 сая төгрөг авсан байгаа юм.

Түүнчлэн Б.Батзоригт одоо ХХААХҮЯ-ных нь Төрийн нарийн бичгийн дарга болсон Д.Энхбат  1.5 сая төгрөг хандивласан байна.

Цааш нь ухвал, гишүүн болоод, сайдаар томилогдоод төрд ажилд оруулсан олон хүний нэр гарч ирэхээр байна.

Ер нь энэ ЖДҮХС-гийн асуудлыг төрийн өндөрлөгүүд анхааралдаа авчихсан, хууль хяналтынхан шалгах нь тодорхой болоод байна.

Тэгэхээр энэ асуудалд хамгийн ихээр холбогдож болзошгүй, шуудхан хэлэхэд “доогуурх ажил”-ыг бат найдвартай хийдэг хоёр хүний нэрийг улс төрийн хүрээнд яриад эхэллээ. Тэдгээр гүйцэтгэгч хоёр хүн бол ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг юм байна.

Т.Жамбалцэрэн Өвөрхангайнх, Я.Содбаатарын туслах байсан. Энэ ажилд очихоосоо өмнө “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны даргаар ажиллаж байсан. Бүр өмнө нь Өвөрхангайн оюутан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга байсан. Хувьдаа гурван компанитай. Зарим компани нь шүүхээр нэлээд асуудалтай. Т.Жамбалцэрэн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Я.Содбаатарын хандивлагч. Хуулийн дагуу 3.0 сая төгрөг хандивлажээ.

Бас зам тавьдаг “Заабар” компанийн захирал З.Батбаяр гэж Я.Содбаатарын үй зайгүй найз нь 2016 оны сонгуулиар 3.0 сая төгрөг хандивласан байна. Хэрвээ ЗТХЯ-ны ажлыг “Заабар” компани аваад эхэлбэл цаанаа ийм холбоос бий шүү гэдгийг нутгийнхан нь мэдээлээд байгаа юм.

Харин ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хэн нэгэн нэр дэвшигчид ил өгсөн хандив алга. Гэхдээ түүнийг Дарханаас сонгогдсон Б.Жавхлан гишүүний хүн гэдгийг МАН-ынхан тэр чигээрээ мэддэг юм байна лээ.

Ер нь Б.Жавхланг ХХААХҮЯ, ЖДҮХС-д ихээхэн нөлөөтэй гэдгийг бас ярьцгаадаг. Түүнийг 2016 онд УИХ-д нэр дэвшихэд 3.0 сая төгрөг хандивлаж байсан Б.Цогтсэргэлэнгийн “Их Модун” ХХК нь ЖДҮХС-гаас өмнө нь 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхдаа нэмж 385.0 сая төгрөгийн зээл авсан асуудал нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа. Хариу аль талд нь гарах бол.

ЖДҮХС-д нэгдүгээр зэргийн “хавьтал”-тай албан тушаалтнуудын хандивын жагсаалтыг хальт сөхөхөд ийм байна. Ухаад үзвэл онц сонирхолтой нэр ус, харилцаа хамаарал гарч ирэхээр байна.

Хорвоо дээр учир жанцангүй зүйл байдаггүй гэдэг шиг хандивлагчид яаж ийгээд нөгөөгийнхөө эрхэм гишүүн эсвэл сайд болсны дараа ийм маягаар гараад ирдэг юм байна. Сонирхон судалснаа үргэлжлүүлэн хүргэмз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР