Монгол Улс Үндсэн хуулиа баталж, парламентын тогтолцоонд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд практикт хэрэглээгүй хууль, заалт олон бий. Түүний нэг нь УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр заалт.

Энэ заалтад Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санал гаргасан тохиолдолд УИХ-ын дарга хэрхэн хариу өгөх, хэрхэн зөвшилцөх тухай харилцааг зохицуулсан байдаг. Түүнчлэн Төрийн тэргүүний зүгээс УИХ-ыг тараах санал гаргах эрх нь хуулиар нээлттэй ч өмнөх дөрвөн Ерөнхийлөгч энэ "боломж"-оо ашиглаж байгаагүй. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд өөрийнх нь бүрэн эрхийн талаар тусгасан заалтад байдаг ч, хэн ч хэрэглэж байгаагүй буюу "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргах бүрэн эрхтэй" гэх заалтыг ашиглах алхам хийгээд байна. Энэ нь манай улсын хувьд Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тараах санаачилга гаргаж буй анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь ийм практик үүсч байгаагүй учраас уг асуудлыг ямар хуульд  түшиглэн шийдэх вэ гэдэг асуулт гарч ирээд байна. Тэгвэл энэ харилцааг УИХ-ын тухай болон Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн дагуу шийдэх боломжтой юм байна.

 

 

"...УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн энэ бичигт хэчнээн хоногийн дотор хариу өгөх талаар нарийвчилсан зохицуулалт дээрх гурван хуулийн алинд ч байхгүйг хуульчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хариу өгөхгүй байх боломж нь хуулиар нээлттэй байдаг аж. Нээлттэй гэдэг нь, хариу өгөхгүй байж ч болно гэсэн ойлголт. Тиймээс энэ удаад УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад ямар нэгэн хариу өгөх эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм..."

 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод  хүргүүлээд гурав хоногийн хугацаа өнгөрч байна. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн энэ бичигт хэчнээн хоногийн дотор хариу өгөх талаар нарийвчилсан зохицуулалт дээрх гурван хуулийн алинд ч байхгүйг хуульчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хариу өгөхгүй байх боломж нь хуулиар нээлттэй байдаг аж. Нээлттэй гэдэг нь, хариу өгөхгүй байж ч болно гэсэн ойлголт. Тиймээс энэ удаад УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад ямар нэгэн хариу өгөх эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Учир нь өнөөдрийн байдлаар МАН парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй. Тэднийг тэргүүлж буй М.Энхболд даргын хувьд аливаа хариулт өгөхгүй байх эрх нь нээлттэй байсаар атал УИХ-ыг тараахад гар, бие оролцохгүй болов уу гэж харах хүн олон байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг тараах төрийн тэргүүний саналыг дэмжвэл УИХ-ын тухай хуулийн 31.1.2-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн, санал нэгдсэнээр "УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй" гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэж зохих ёсоор болгоно гэж заажээ. Хэрвээ тэдний энэ саналыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээшх нь хүлээж авбал парламент тарах нөхцөл бүрдэх юм байна. Эсрэгээрээ, УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй санал нэгдэхгүйгээ илэрхийлж болно. Гэсэн ч Ерөнхийлөгч дараагийн алхмаа хийх эрхтэй.

 

УИХ-ын дарга хэдий хугацаанд  Ерөнхийлөгчид хариугаа өгөх эсэх нь нээлттэй гээд Ерөнхийлөгч орхихгүй нь тодорхой болов уу. Өөрөөр хэлбэл, түүний хувьд УИХ-ын дарга хариу ирүүлэх эсэхээс үл хамаараад дараагийн алхмаа хийж болох тухай бүрэн эрхэд нь байдаг юм байна. Тиймээс УИХ-ыг тараах тогтоолын төслөө Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийг ч үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч саналаа хүргүүлж УИХ-ын дарга ямар нэгэн хариу хургүүлснийг санал солилцсон буюу зөвшилцсөн гэж үздэг байна. Үүний дараагаар УИХ-ыг тараах тухайгаа Ерөнхийлөгч дахин өргөн баривал хэрхэх вэ. Энэ тохиолдолд ажлын долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх дэгтэй. УИХ руу тогтоолын төслийг оруулж ирсэн тохиолдолд эхний ээлжид УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, шийдвэрээ гаргана. Үүний дараагаар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэнээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ажээ. Гэхдээ чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээшх нь тогтоолыг хүлээж авбал УИХ тарах нөхцөл бүрдэнэ. Энэ хувьд хүрэхгүй бол УИХ бүрэн эрхээ цаашид хэвийн үргэлжлүүлнэ. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал гаргах гурван үндэслэл байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тараах санал гаргавал, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тараая гэвэл, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна гэсэн хуулийн заалттай.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин