Ийм нэгэн асуулт гарч ирэв. Төмөр замын хэргээс арайхийн мултарч, Төрийн тэргүүний сэнтийд ам мөлтөс заларсан Х.Баттулга эрх мэдлээ чамлаж эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй.

МАН олонхи байгаа энэ үед МАН-аас “Хаан” тодруулах тухай яриагүй байхад мань Женко Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын тогтолцоог шинэчлэн өөрийгөө “Хаан” сэнтийд залах юм гэнэ дээ. Нэг хүний хязгааргүй их шунал, хүсэл тэчъяал шингэсэн хар номлолоо тэрбээр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй хийж, ард түмнийг дахиад л талцуулав. УИХ-ын гишүүн, сайдаар хэд хэдэн удаа ажиллаж байсан атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх УИХ дахь олонхид байгааг огт мэддэггүй юү, аль эсвэл мэдсэн ч төрийг шантаажилж сурсан зангаараа ийн авирлаж байна уу, ямартай ч эрх баригчдын эсрэг ганцаарчилсан тоглолт хийж эхэллээ. Гэхдээ...!

            Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Харин УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт улс төр дэх хамгийн том “дайсан”, УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ыг тараах саналыг өөрийн биеэр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2018 оны нэгдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Чуулганы ирц муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үед оролцохгүй байгаа нь буруу. Ийм байдлаар явбал УИХ-ыг тараах санаачилга гаргахаас өөр арга алга” гэж айлгаснаа ийнхүү албан ёсных болгосон юм. МАН олонхи байх үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хязгааргүй их эрх мэдэл олгохгүйтэй адил парламентыг тараана ч гэж юу байх вэ. Харин Х.Баттулга Төрийн тэргүүний зүгээс “УИХ тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, би” гэж сүрдүүлсэн нь аймаар биш гэж үү! УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэдэг нь “Та нар төргүй болж, намайг хаан болгоодох” гэсний дохио мөн биз. Х.Баттулга “Хаан” болбол энэ улс хэний улс болох вэ...         

            АН эрх барьж байх үед буюу 2012-2016 онд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг танхим дотроос нь түйвээж, журмын нөхдөө “Сайн ах”, “Мүүн ажиллагаа” зэрэг хар технологиудаараа намнаж явсан Х.Баттулга “Ерөнхийлөгч болмогцоо шүүх, прокурорыг АТГ-тай хамт атгаж, өс хонзонгийнхоо хэрэгсэл болгоно” гэж эндүүрсэн бололтой. Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын удирдлагуудыг дуудаж “60 тэрбум”-ын хэргийн учрыг ол. Оффшороос мөнгө олж ир. Чадахгүй бол ажлаа өгцгөө” гэх сануулга өгсөн нь албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгадаг энэ байгууллагыг хяналтдаа авах гэсэн ашиг сонирхлынх нь нэгэн илрэл байв. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга айдастай байна. Тэр нь юу гээч!? Тэрбээр С1 телевизийн нэвтрүүлэгт өнгөрсөн даваа гарагт оролцох үеэрээ “А.Гансүхэд холбогдох хэргийг хаагаагүй, байж л байгаа” гэж хэлсэн нь үүний нэгэн илрэл болов уу. Нэг ёсондоо, улс төр дэх тойрон хүрээлэгчдийнх нь нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хэргийг хуулийнхан хаагаагүй байна гэдэг нь Х.Баттулгыг хавтаст хэргээр барьцаалснаас өөрцгүй билээ. Тэгэхээр АТГ-ын даргыг солих гэж улайрахаас яалтай. Айдастай хүн хар массын тархийг угааж, өөрийгөө хүрээлүүлэх эцсийн сонголтыг хийдгийн сонгодог жишээ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Тэгэхээр Х.Баттулга Н.Энхбаяр-2 болоход тун ойрхон байна гэсэн үг.

            Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг хагаралдуулж талцуулдаг шигээ АН-ыг аль хэдийнэ хэдэн хэсэг болгон хуваасан. Черчиллийн хэлсэнчлэн “Улс төрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсан үгүй” гэдэг ёсоор АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэн хүссэн ч, эс хүссэн ч Төрийн тэргүүнээр туг хийж, МАН-ын эсрэг улс төр хийж байгаа нь маргашгүй үнэн. Гэвч улс төр дэх тэдний түр зуурын түншлэл хэзээ хэрхэн эцэс болохыг таашгүй юм. Ямар ч байсан Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд УИХ-ыг тарааж, улс орноо төр засаггүй болгохдоо тулахгүй юм шүү. Женко ба түүний хар суртал ухуулагчид Ерөнхийлөгчийн засаглалын талаар буруу солгой бурцгаах зуур хэлэмгий доломгой Бат инженер “Энэ УИХ муу муу. Нялайсан факт. Гэхдээ л дараагийн УИХ-ын хажууд бурхны бүрэлбаа шахуу юм уу даа. Учир нь дараагийн УИХ-д зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид, цаазын ялыг сэргээгчид, 37 оныг эхлүүлэгчид орно гээд нэг сайн бод доо, та нар” хэмээн жиргэжээ. Х.Баттулгын бригадийнхны далд ашиг сонирхлыг улстөрчид төдийгүй иргэд ч ийнхүү “уншчихдаг” болж дээ. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь өөрийн мэдлийн телевиз, олон нийтийн сүлжээгээр УИХ, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийж, ард түмнийг талцуулж байгаа нь ёстой л түүний ПР-чдын хэлдгээр үндэсний аюултай байдал юм даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга ард түмний эрх ашгаар өнгөлөн далдлалт хийж МАН-ын эсрэг улс төр хийх гэсэн биш Монгол төрийг мохоох хар технологио хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихлээ. Ингэхэд тэр хэний захиалгаар Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг тулгах болов. Сонин биш гэж үү!?   

Эх сурвалж: Үндэсний шуудан