Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга сошиал орчинд сүүлийн үед тархаад буй Нийслэлийн засаг дарга Су.Батболдын бичлэг гэгчтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Бэлгийн цөөнх, элдэв гаж зуршлыг хэвийн зүйл мэт нийгэмд сурталчлах нь 3-хан сая хүн амтай үндэстэнд маш аюултай!!!

Саяхан болсон нэгэн үйл явдлаас үүдээд үүнийг бичихээс аргагүйд хүрэв. Дуулиант бичлэг гарт нь байгаа хүмүүс түүнийгээ цацах эсэх тухайд маш бодлоготой байна уу гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. Хэд хэдэн асуудал байна:

Нэг. Үүссэн нөхцөл байдлаас үзвэл бичлэг байгаа нь үнэн бөгөөд бичлэгийг гартаа оруулсан болон бичлэгт өртсөн цөөн хүмүүс мэдэж байгаа нь тодорхой байна.

Хоёр. Бичлэгийг хийж болох хоёр субъект байна. Нэг нь бэлгийн чиг хандлагаараа цугларагчид дотроосоо, нөгөө нь гүйцэтгэх ажлын шугамаар. Хэрэв эхний хэсэг бол үүний цацалтыг хянахад төвөгтэй байж мэднэ, хоёр дахь нь бол алдаж болохгүй, бас цацахгүй гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Мартаж болохгүй нэг зүйл бол ийм чиг үүрэгтэй байгууллагын удирдлагыг Ерөнхий сайд томилдог бөгөөд Ерөнхий сайдын шууд мэдлийн байгууллага!

Гурав. Энэ бичлэгийг гартаа оруулсан хүмүүс нь маш тодорхой бөгөөд, хэнд байгааг ч бичлэгт холбогдогчид нь мэдэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл болон бичлэг... энэ бүхэн МАН-ын өөрийн нь дотоодын дайны асуудал гэдгийг маш сайн ойлгох ёстой. Энэ бичлэгээс шалтгаалан хотын даргыг ажлаа өгөхийг шахаж байгаа юм байна. 

Хэрэв үүнийг дотоодын улстөрийн дайндаа ашиглахаар шийдэж байгаа бол нийгэмд цацах нь та бүхэнд улстөрийн ямар ч ашиг хонжоо авчрахгүй. Түүнээс чинь болж тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дунд юу ч үүсч болохыг зориуд анхааруулан сануулж байна. Энэ дайндаа миний постуудыг ашиглах хэрэггүй.

 

Дөрөв. Бэлгийн чиг хандлага хувь хүний хэрэг, хүний эрхийн асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин төрийн албанд сүргээрээ үүрлэн, энэ нь мөнгөний махинацтай нь адил аливаа асуудлыг шийддэг суурь хандлага нь болж хувирсан бол төрд ийм зүйл байж болохгүй. Тийм сүлжээг төрөөс зайлуулах ажлаа хийхдээ олон нийтэд бичлэгийг цацалгүйгээр, төрийн арга хэрэгслээр шийдэх боломж байх ёстой.

Тав. Хэдийгээр хүний эрхийн асуудал боловч иймэрхүү асуудлыг үндэсний эрх ашгаас салангид авч үзэх боломжгүй! Монгол Улс бол ердөө л 3 сая гаруйхан хүн амтай, уусч тун болзошгүй, дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-тай хиллэн оршдог. Үндэстний тусгаар тогтнолын аюулгүй байдлын баталгаа нь хүн амын нөхөн үржих чадвараар гарцаагүй хэмжигдэх цөөн хүн амтай улс. Нийгэмд бэлгийн цөөнх, элдэв гаж зуршлыг хэвийн зүйл мэт сурталчилж байгаа гаднын элдэв ёс бус, гаж суртлыг "хүний эрх"-ийн далбаан дор өөгшүүлэн дэврээж болохгүй гэж хатуу үздэг хүмүүсийн нэг нь би. Энэ бол Монгол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой!

Зургаа. Надад ийм бичлэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Надад ирсэн ч би тийм зүйлийг цацах байтугай харж нүдээ буртаглах хүсэлгүй. 2016 оны сонгуулийн үеэр ч МАН-ын хэсэг залуус миний өрсөлдөгчийн нэгэн бичлэгийг надад санал болгоход, ийм зүйлээр улстөр хийдэггүйгээ хэлээд татгалзсан билээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний тэр бичлэгийн золиосонд бүгд нийлээд намайг хаяж өгөхөд, тийм хүнд зүйл үзээгүй тул үнэхээр барьц алдсан. Тухайн үед бичлэгийг хэн тараасныг надад хэлсэн ч тэр хүнийг гэж итгэхэд үнэндээ хүнд байсан юм. Тиймээс өөрийн итгэл үнэмшил болоогүй зүйлээ олон нийтэд зарлаж, бас нэг хүнийг олны идүүрт хаяж өгөөд яахав, учир нь олдоно биз гэж бодож, асар хүнд сэтгэлийн дарамтыг өөртөө үүрч, үнэн тодрох цаг хугацааг тэвчээртэй хүлээхээр шийдсэн.

Намайг тийм зүйл хийх хүн биш гэдгийг мэдсээр байж өөрийгөө аврах дэрсний үзүүр болгож ашигласан тэр хүнд ч гомдсон. Хийгээгүй үйлийн төлөө нийгэм даяараа чичлүүлж, нүд үзүүрлэгдэж, бусдад буруу ойлгогдохын зовлонг туулж үзсэн хүн л мэднэ, бусад хүнд энэ бүхэн зүгээр л амны зугаа төдий. Наанадаж ийм зовлон мэдэрсэн, одоо ч туулж яваа хүний хувьд бусдад тийм зүйл хийхгүй. Цаанадаж миний төрж өссөн орчин, ээж аав, гэр бүлийн хүмүүжилд минь ийм үйлдэл хийх орон зай байхгүй. Бусдыг хайрлаж энэрэх, зөв бурууг голчтой шүүн тунгаах, алив асуудлын цаад учир шалтгааныг илрүүлэхийг чармайх, хүнийг, түүний ар гэр, үр хүүхдийг бодолцох ухаан, сэтгэл надад хангалттай бий. Тиймээс бичлэгийг надаас хайх хэрэггүй гэдгийг ч мэдэх хүмүүс нь бүгд мэдэж байгаа.

Долоо. Шүлэглэсэн бичлэгээрээ би энэ талаарх байр сууриа хангалттай илэрхийлсэн. Олон жилийн турш сонссон төрд үүрлэсэн гаж явдалтнуудын талаарх ам дамжсан ярианд огтоос итгэдэггүй байсан бөгөөд энэ яриа бичлэгээр баталгаажсан тухай ордонд ажилладаг сэтгүүлчдээс анх сонссон. Дараа нь амтай болгон ярьж чихээ бөглөсөн ч сонсогдохоор хэмжээнд хүрсэн нь үнэн. Харин шүлэглэл нь нийгэмд буруу ойлгогдохын зовлон үзсэн хүний гомдол, цөхрөл одоо ч дуусаагүйн илэрхийллийн зах зух төдий.

Найм. Нийгэмд сүүлийн үед дэс дараалан дэлгэгдэж байгаа бузар булай бүхэнд эмзэглэн жихүүцэх, стресстэхээс өмнө сайн бодох хэрэгтэй байх. Өнөөгийн бусармаг нийгмийн дотооддоо бугласан идээ бээр нам, төрийн түвшинд ч, бүх шатандаа хаа сайгүй эрхгүй шахагдан гарч байгаа нь үнэхээр сайн хэрэг. Энэ бол нийгэм шинэчлэгдэхийн маш том дохио, суурь шинж чанар мөн. Тиймээс баярлан дэвхцдэггүй юм аа гэхэд идэвхтэй оролцоотой байж нийгмийн өөрчлөлтөд хүн бүхэн хувь нэмрээ оруулаасай!

Гантөмөрийн Уянга