Сар бүр 100 сая хүртэлх орлоготой Зөвлөх үйлчилгээнүүдийг шалгая

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 13 ・ 2

Зөвлөх үйлчилгээ гэж юу вэ. Албан томьёоллоор бол гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг хэлэх аж. Гэхдээ Монголд зөвлөх үйлчилгээ жинхэнэ утгаараа хэрэгждэг үү.

МИАТ, Хөгжлийн банк, тэр бүү хэл, шинэ төмөр зам төслийн хөрөнгө ч өнөөх зөвлөх үйлчилгээ нэрийдлээр салхинд хийссэн байдаг. Жишээ нь, Монголын хоёр дахь саалийн үнээ болсон МИАТ компани “Либерти Партнерс” гэх зөвлөх үйлчилгээний компанид ихээхэн хэмжээний мөнгө төлж үйлчилгээ авсан. Харамсалтай нь, ашиг тус гарсан гэхэд хэцүү. Харин ч МИАТ-ийн удирдлагууд санаатайгаар үргүй зардал гаргаж гэж ойлгогдохоор мэдээллүүд дэлгэгдсээр байгаа. Товчхондоо МИАТ ХК-ийн зөвлөх үйлчилгээ мөнгө угаалтынн нэг хэлбэр үү гэж асуухад хүргэсэн юм.

Мөн “Шинэ төмөр зам” төслөөс болж ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газраас баривчлахтай зэрэгцэн “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан, интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн нь дээрх зөвлөх үйлчилгээтэй холбоотой байсан.

Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгээс “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, ХААН банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасныг илрүүлсэн.

Тэгвэл ийм ажиллагаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хөтөлбөр дээр давтагдаж байгаа юм биш биз. Энэ төслийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран 300 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж г. Байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд дорвитой хийсэн, урагшлуулсан ажилгүй хэрнээ ажилчид нь өндөр цалин хангамж авдаг. Дээр нь зөвлөх үйлчилгээнд сар бүр хэдэн саяар нь цацаж байна.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 7-нд ямар ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх нь тодорхойгүй байдлаар “EGIS International”, “Egis Tiin Mongolia” ХХК-д 127497.96 ам.доллар шилжүүлсэн байх юм. Тавдугаар сард мөн дээрх компани руу 19469.54 ам.долларыг менежментийн дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ нэрээр дахин шилжүүлжээ. Мөн өдрөө буюу тавдугаар сарын 2-нд “Egis Tiin Mongolia” компанид 23470.81 ам.доллар зөвлөх үйлчилгээний төлбөр болгон шилжүүлсэн байх юм. Хамгийн хачирхалтай нь, тус төслийн хөрөнгөнөөс аливаа баяр ёслол болон нийтийн амралт тааруулж их хэмжээний мөнгө гаргадаг нь сэжиг төрүүлэм. Тухайлбал, нийтээрээ амралт зугаалгад гарсан зуны аагим халуун өдрүүдэд буюу зургадугаар сард “IPE GLOBAL LIMITED”-д компани руу 40496 ам.доллар, 10054.67 ам.долларыг мөн зөвлөх үйлчилгээний төлбөр болгож шилжүүлсэн бол дээр дурьдагдсан “EGIS International”, “Egis Tiin Mongolia” компаниуд руу дахин 55614.04 ам.доллар, 40794.38 ам.доллар тус бүр шилжүүлсэн байгаа юм. Энэ нь зөвхөн зургадугаар сарын шилжүүлэг. Гэтэл дараа сард нь буюу долдугаар сард дахин “IPE GLOBAL LIMITED”, “EGIS International” компаниудад 19631.68 ам.доллар, 28012.76 ам.доллар, наймдугаар сард нь “Сошио Энвайронментал Сервис” ХХК-д 33 сая 648870 мянган төгрөгийг мөн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлжээ.

Улмаар өнгөрсөн есдүгээр сард мөнөөх “EGIS Tiin Mongolia”-д дахин 12595.5 ам.доллар, “EGIS International”-д 965767 ам.долларыг шилжүүлсэн байх юм. Мөн “IPE GLOBAL LIMITED”-д 74130.21 ам.доллар, “UN-Habitat”-д 49667 ам.долларыг аанай л зөвлөх үйлчилгээний төлбөр гэж шилжүүлжээ.

Гараас нь гарсан ганц ажилгүй атлаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хөтөлбөр гээч газраас олон мянган доллараар нь сар бүр урсан гарч буй энэхүү зөвлөх үйлчилгээний зардал гээчийг яаралтай татаж шалгахгүй бол болохгүй нь. Түүнчлэн тус төслийн багийнхан Соёлын төв өргөөний нэг корпусыг бүхэлд нь түрээсэлж сар бүр 10 сая төгрөг төлдөг байна.

Арав гаруй ажилтантай, нэг ажилтны хамгийн бага цалин 2.5 сая төгрөг байдаг гэхчлэн тооцвол “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” гэх нэр хаягтай нөхөд Жижиг дундынхнаас дутахгүй мөнгө халаасалж суугаа байх нь. ЖДҮ-ийнхнээс ялгаатай нь урсгасан мөнгийг ЖДҮ-ийн зээлдэгчид өөрсдөө төлөх бол энэхүү сар бүр хэдэн мянган доллараар нь урсгаж буй нөхдийн зардал, түүгээр дамжин гарч буй зээлийн төлбөрийг хүүтэй нь хамт татвар төлөгч бид төлөх ёстой. Тиймээс алхам тутам, ширхэг бичгийн цаас нь ч шилэн дансанд нарийвчлалтай бүртгэгдэж, сар бүр хянуулж, шалгуулж байх ёстой газар ямар ч хяналтгүй өнөөг хүрлээ. Уг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яамнаас давхар хянах ёстой гэдэг ч өнөөдүүл нь эдэнтэйгээ халаас нэг болсон уу, яасан, дашийншог болжээ.

Эх сурвалж. Нийгмийн толь сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 11 сар 13/

    Ene er ni yasan zasag tor gej heleh ve idsen uusan bvgdiig ni huraaj av yal shiitgeliig ni og eronhii prokuroroo

    Хариулах
  • zochin / 2018 11 сар 13/

    . Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJ

    Хариулах