СҮРЛЭГ ӨНДӨР АЛТАЙНХАН СҮҮН ЦАЦЛАА ӨРГӨЖ БАЙНА

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2018 12 сар 07

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Өнгөрсөн 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутаг тэр дундаа Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/сек хүртэл ширүүсч хүчтэй шуурсны улмаас тус сумын 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хуулран эрчим хүчний шон унаж цахилгаан, халаалт бүрэн тасарсан билээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэд, албан байгууллагад туслах үйлст  эд хөрөнгийн болон сэтгэл санааны дэм үзүүлсэн нийт байгууллага, хамт олон, ард иргэддээ талархал илэрхийлье.

Алтай нутгийнхны төлөөлөл болсон Монгол Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хувиасаа 15 шинэ гэр, түүний уриалга, дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газраас 80 шинэ гэр, 121.5 сая төгрөгний буцалтгүй тусламж үзүүлэснээр хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу цагт орон гэргүй болоод байсан айл өрхүүд өргөө цагаан гэртэй болоод байна. Ш.Раднаасэд гишүүний нутаг орон, ард иргэдээ гэсэн чин сэтгэл, зүтгэл үүгээр хязгаарлагдахгүй. Олон жилийн турш ундны усны асуудал хурцаар тавигдаж, хатуулаг, давслаг өндөртэй усны улмаас дотор эрхтний тэр дундаа элэг цөсний өвчлөлөөр улсад дээгүүрт бичигддэг байсан Алтайчууд маань “Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл хэрэгжсэнээр 2020 он гэхэд бүрэн цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэх боломж бүрдээд байна. Есөнбулаг сумын ундны усны чанар бусад сумдаас харьцангуй муу төдийгүй манайх шиг хэт холоос цэвэр усаа зөөвөрлөдөг аймаг байдаггүй. Алтайчууд бидний нэн тэргүүний тулгамдсан асуудал болох ахуйн хэрэглээний усны асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд нутгийн зон олон талархан “нүдээ олсон сонголт” хийсэндээ баяртай байна. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7км хатуу хучилттай автозамын ажлыг бодит бүтээн байгуулалт болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд Алтайчууд бид сэтгэл өег явдаг. Сүрлэг өндөр Алтай нутгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүний нутаг орон, ард иргэдээ гэсэн хоёргүй сэтгэл, зүтгэлийн үр дүнд олон ажил бодитоор хэрэгжиж  буйд, байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг даван туулахад ихээхэн дэм, туслалцаа үзүүлсэнд Говь-Алтай аймгийн Бугат суманд ажиллаж амьдарч байгаа нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст тань амжилт хүсье.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Батбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх